Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Хэнтий, Сүхбаатар аймгийн зарим газраар бага зэргийн бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаараа хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 8-13 м/с, зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр 2-7 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар 15-20 градус, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, зарим үед 15-17 м/с хүрч шороон шуурга шуурна. 26-28 градус дулаан байна.

Төлөв байдал: 21-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын зарим газраар, 22-нд зүүн аймгуудын нутгаар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 21-нд төв, говь, зүүн аймгуудын нутаг, 24-нд ихэнх нутгаар 18-20 м/с, 23-нд зарим газраар 15-17 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 21-нд ихэнх нутгаар эрс сэрүүсч Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Чулуут багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.19-ний өдрийн 13:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 2 км зам туулан, 13:12 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгины амралтын хойд талын задгайд 700 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 13:36 цагт хүлээн авч Сонгинохайрхан дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 25 км зам туулан 14:06 цагт очиж, 50 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.19-ний өдрийн 15:02 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 2 км зам туулан 15:12  цагт очиж, 50 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Шарлангын гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т/ ойн түймрийн голомт /Ө-49011’28”, У-107034’08”/ Зайнаас тандан судлах үндэсний төвийн www.icc.mn сайтад 05.17-ны өдрийн 12:05 цагт илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 20 алба хаагч, АТА-ын 20 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баруунхараа сум дах Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 10 алба хаагч, нийт Онцгой байдлын албаны 60 алба хаагч, 3 автомашинтай, Хан Хэнтийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 12 хүн, 1 автомашин 6 морьтой, нийт 72 хүн, 4 автомашин, 6 морьтой ажиллаж байна. 05.19-ний өдрийн 13:55 цагт АТА-ын 33 алба хаагч, 1 автомашинтай, НОБГ-ын 73 алба хаагч, 6 автомашинтай нийт 106 алба хаагч, 7 автомашинтай Сэлэнгэ аймгийн Мандал сумнаас түймрийн голомт руу хөдөлж, 00:05 цагт очсон.

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн “Хулгайчийн булаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.17-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 12 алба хаагч, орон нутгийн 30 хүн, нийт 42 хүн, 4 автомашинтай ажиллаж, 05.18-ны өдрийн 15:00 цагт цурманд оруулж, 05.19-ний өдрийн 10:50 цагт бүрэн унтрааж, сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн. /Түймэрт нийт 120 орчим га ой шатсан/.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн “Цохиот” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 100 км-т/ тус багийн харьяат иргэн Б /27 настай, эрэгтэй, унаж татдаг өвчтэй/ 05.18-ны өдрийн 20:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 05.19-ний өдрийн 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 30 иргэн, 3 автомашин, 5  мотоцикльтой, нийт 35 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Хэрийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 200 км-т/ алтны уурхайн хиймэл нууранд 3 зорчигчтой “Ланд Крузер-77” загварын суудлын автомашин осолдсон, иргэн С /32 настай, эмэгтэй/-ийн цогцсыг хиймэл нуурын мандал дээр хөвж байхад нь иргэд гаргасан, Б /33 настай, эрэгтэй/ эсэн мэнд нуурын эрэг дээр байгаа тухай дуудлагыг 05.19-ны өдрийн 04:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга, ахмад Т.Сүхбаатараар ахлуулсан 4 алба хаагч, цагдаагийн 4 алба хаагч, нийт 8 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 16:42 цагт П /33 настай, эрэгтэй/-ийн цогцсыг, автомашины хамт гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР