Аврагч, гал сөнөөгчөөс нягтлан бодогч болсон хоёр алба хаагч Онцгой байдлын байгууллагад байдгийн нэг нь Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын ахлах нягтлан бодогч, хошууч Я.Соёлсайхан. Өмнөө тавьсан зорилготой, түүндээ хүрэх тэмүүлэлтэй бас чиг шартай тэрээр 10 жил аврагч, гал сөнөөгчөөр ажиллаад мэргэжлээ сольжээ. “Хүн ер нь албан тушаал ахиж дэвших, дарга болох гэж улайрах бус, өөрийгөө хөгжүүлээд явж байхад цаг нь болоход ямар ч хаалга өмнө тань нээгдэнэ. Хаалга нээгдэхэд харин та өөрөө бэлэн байх ёстой”. Тэр ингэж хэлсэн.
Бас ингэж ярив.
-Намайг Ядамсүрэнгийн Соёлсайхан гэдэг. Дарханд төрж өсөж, 15 дугаар дунд сургуулийг төгссөн. 1998 оны тавдугаар сарын 2-нд Дарханы Гал унтраах 54 дүгээр ангид гал сөнөөгчөөр томилогдож Онцгой байдлын албаны босгыг анх алхаж байлаа. Хараа голынхоо усанд шумбаж өссөн болохоор усчин-аврагчаар ч ажиллаж үзсэн. Дунд сургуулиа төгсөөд их, дээд сургуульд сурах ар гэрийн боломж үнэндээ байгаагүй. Гэхдээ Онцгойд орохоор зориглож шалгалт өгсөн нь миний амьдралдаа хийсэн зөв алхмуудын нэг байсан юм. Ажиллах хугацаандаа “Би заавал сурах ёстой юм байна” гэдэг бодол тээж явсан ч мөн л ажлаасаа гараад, цалин мөнгөгүйгээр суралцах боломж хомс байв. Гэвч цаг хугацааны явцад бодлоо бодит болгох боломж гарч “Мандах” сургуулийн Дархан салбарт нягтлан бодогч мэргэжил эзэмшсэн. Суралцаж төгсөөд Гал унтраах ангидаа нярав хийж байгаад хамт олондоо үнэлэгдэж, 2013 оноос хойш Дархан аймгийн Онцгой байдлын газрын ахлах нягтлан бодогчоор ажиллаж байна.
-Эхнэртэйгээ энэ сургуульд танилцаж гэр бүл болсон. Эхнэр мөн нягтлан бодогч мэргэжилтэй. Манайх дөрвөн хүүхэдтэй. Том нь нэгдүгээр курсын оюутан, бага нэгдүгээр ангийн сурагч. Би киокушинкай каратегаар хичээллэдэг. Бор бүстэй. Энэ нь мастер, багшийн хар бүсний доод талын зэрэг юм. Харин одоо эрүүл мэнд, хөдөлгөөнтэй байх зорилгоор дугуйн спортоор хичээллэж байгаа. Бас нэг мөрөөдлөө биелүүлж, Дотоод хэргийн их сургуулийн гамшиг судлалын магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байна. Ахлах офицерын тангараг өргөөд эх орныхоо төлөө зүтгэж явна. Үүнээс илүү бахархал гэж юу байх билээ.
-Гал сөнөөгч 24/72 цагаар ээлжээр ажилладаг. Амьдралынхаа дөрөвний нэгийг хамтдаа өнгөрүүлж, нэг тогооноос хооллоно. Тиймдээ ч хоорондоо дотно, бие биедээ итгэх итгэл өндөр. Үүрэг гүйцэтгэхдээ бие биенээ хамгаалж, хамтдаа урам зоригтой баг болж ажиллаж чаддаг онцлогтой. Саяхан Онцгойд ажиллаж байгаад ажлаасаа гарсан гэх нэг залуу “Хамгаалах хэрэгсэл, багаа эвдэлбэл аврагчид өөрөө төлдөг” гэж ярьж байна лээ. Гал сөнөөгчөөс эхлэн энэ албанд зүтгэсэн хүний хувьд хэлэхэд тийм юм байдаггүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Ажил үүргээ гүйцэтгэж яваад эсвэл дадлага, сургуулилтын үед эвдэж гэмтсэн, элэгдэж хуучирсан хамгаалах хэрэгслийг Өмч хамгаалах зөвлөлд хандаж актлуулж, шинээр нөхөж авдаг. Харин энгийн үед, өөрийн буруугаас хариуцсан багаж хэрэгслээ гэмтээвэл төлбөр тавигддаг. Үүнийг бүр Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заачихсан байдаг юм. Ер нь гал сөнөөгч хүний гол амь хамгаалах хэрэгсэл хөдөлмөр хамгааллын хувцас нь.
-“Тэспетролиум” компанийн шатахууны агуулахад 2022.12.01-нд гал гарч дэлбэрснийг хүмүүс мартаагүй байх. Тэр үеэр би алба хаагчдаа дулаан байраар хангаж, ээлжилж амрааж хооллох, автомашиныг шатахуунаар цэнэглэх зэргээр хангалт зохион байгуулах үүрэг гүйцэтгэсэн. Шатаж байгаа агуулахын хажуугийн агуулах халалтын улмаас дэлбэрэх аюултай тул зарим алба хаагч түүнд хөргөлт хийж ажилласан. Тэр үеэр хөргөлт хийсэн Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлагч О.Лхагважаргал галд төөнөгдөж хэлбэрээ алдсан каскаа солиулахаар ирсэн юм. Тэгэхдээ “Хөргөж байсан агуулахын ган сав тэлэлтийн улмаас дуугарч эхэлсэн. Энэ ч бас дэлбэрэх нь, гэхдээ би зугтахгүй гэж бодсоор ажлаа дуусгасан” гэж ярьсан. Хоёрхон жил ажиллаж байгаа залуугийн амь нас нь эрсдэх нөхцөл бүрдчихээд байхад ч ажлаа дуустал хийнэ гээд зогсож байсан нь үнэхээр бахархалтай санагдсан. Бид түүний каскыг шилэн хоргонд хийгээд Онцгой байдлын музейд илгээсэн.
- Сурахад хэзээ ч оройтохгүй, хамгийн гол нь хүсэл эрмэлзлээ унтраалгүй, хөгжүүлж явбал ямар амжилт, ажил хүлээж байгааг таашгүй. Намайг суръя гэхэд манай ангийн захирагч, бэлтгэл хошууч Ж.Оюундэлэг, салааны дарга, бэлтгэл хошууч Н.Төрбаяр нар маань дэмжиж, зоригжуулж байсанд талархаж явдаг. Гал сөнөөгчөөр ажиллаж байгаа дүү нартаа хэлэхэд салааны дарга, захирагч нартаа өөрийгөө сайн ойлгуулж байгаарай. Хамт ажиллаж байгаа шадар дарга нар алба хаагчдаа мэдэрч, дээд удирдлагууддаа ч зөвөөр ойлгуулж дэмждэг гэдгийг зөвлөе. Гал сөнөөгч дэлхийн хамгийн аюултай 10 ажил, мэргэжлийн хоёрдугаарт ордог. Цаг үеэ дагаад гамшиг, ослын төрөл нэмэгдэж, Онцгой байдлын алба хаагчид урьдчилан тааварлашгүй нөхцөл байдалд ажилладаг боллоо. Ард иргэдийнхээ амь насыг хамгаалахын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэдэг алба хаагчдадаа болон нийт бие бүрэлдэхүүн, ахмад үеийнхэндээ Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойн мэндийг дэвшүүлье.
2024/04/24Шинэ мэдээ
“Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор нэг, “Цэргийн гавьяаны одон”-оор 8, “Алтан гадас” одонгоор хоёр, “Цэргийн хүндэт медаль”-аар 38, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар 3 буюу нийт 50 алба хаагч шагнагдсан юм.
2024/04/24Шинэ мэдээ
Тодруулбал, энхийг сахиулагч алба хаагчид ОБЕГ-ын харьяа 115 дугаар ангийн сантехникийн слесарь Д.Сумъяад өргөө цагаан таван хана гэрийг бэлэглэсэн юм.
2024/04/24Шинэ мэдээ
Онцгой байдлын байгууллагаас 2024 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг идэвх санаачилга, үр бүтээл гарган хамт олноо хошуучлан ажилласан тэргүүний газар, хэлтэс, анги, салбаруудыг нэрлэж байна.