Хобби нь бусдад “халдварлаж” олон хүнийг загасанд дурлуулж, томилогдон очсон газар бүрээ аквариумжуулж яваа нэгэн эрхмийг “Хобби” буландаа урилаа. Түүнчлэн Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын даргаар ажиллах явцдаа шагай харвах хоббигоо байгууллагынхаа ахмадуудыг хооронд нь уулзуулдаг арга болгон ашигласан байна. ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Н.Чанцалтай хоббиных нь талаар ярилцлаа. Сонирхуулахад, хурандаа Н.Чанцал 1992 онд Хэнтий аймгийн Гал түймэртэй тэмцэх албанд жолоочоор ажлын гараагаа эхэлж, салааны болон ангийн захирагч, техникийн инженер, газрын орлогч, газрын дарга хүртэл ажиллажээ. Мөн Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байгаад өдгөө ОБЕГ-т томилогдон ажиллаж байгаа юм.
-Та хэзээнээс загас тэжээх болов. Ямар төрлийн загас тэжээдэг вэ. Ховор үнэтэй загастай юу?
-Стресс тайлдаг, хүүхдүүдээ амьтанд хайртай болгох зорилготойгоор Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт ажилладаг байхдаа загас тэжээж эхэлсэн. Анх гэртээ тэжээдэг байсан бол ажлын өрөөндөө өргөжүүлж, загасны төрлөө нэмж явсаар одоо 10-аад аквариумтай болжээ. Миний хувьд айхтар ховор, нандин байхгүй. Загас, амьд зулзага эсвэл түрс гаргадаг, махчин төрлийн гээд дотроо олон төрөл. Би махчин загас тэжээж байгаагүй. Харин амьд зулзага гаргадаг төрлөөс нь олж тэжээдэг. Одоогоор гэртээ таван төрлийн гуппи тэжээж байна. Сарнай сүүлт, буржгар сарнай сүүлт, тайландаас гаралтай гэдэг хар сүүлтэй гуппитэй. Мөн буурал гуппи, метал гэж сүүл нь их гоё өнгөтэй. Эдгээрийг төрөл төрлөөр нь тус тусын аквариумд тэжээдэг. Өөр үүлдрийн загаснуудыг нэг дор тэжээвэл эрлийзжиж, сонин өнгө зүстэй болчихдог юм. Бас хоёр төрлийн мечнос, лира, тигр, цацагт саран болон мухар мойл, сувдан гурами, попугай, анчистртай. Анчистр аквариумны дотор хананд наалдсан өнгөр, элдэв бохирдлыг цэвэрлэдэг. Нэг ёсондоо амьд цэвэрлэгч. Хэнтийн гэрт хоёр алтан загас байгаа. Эхнэр маань арчилдаг юм.
-Дуртай зүйлээ эрж хайх, хайснаа олж, арчилж тордох гэдэг яг кинонд гардаг эрдэнэсийн арал олсон мэт мэдрэмж төрүүлдэг юм шиг санагддаг. Та ийм мэдрэмж авдаг уу?
-Загас тэжээхийн гол ач холбогдол стресс тайлна. Айл гэрийн энерги тэгшитгэж, амар амгалан болгодог гэдэгт би итгэдэг. Загаснуудаа хооллож, усыг нь сольж, янз бүрийн ургамал хэрэгсэл олох, бичлэг хийх зэргээс маш сайхан мэдрэмжийг авдаг. Ер нь гэр рүүгээ яарах шалтгаан болж, тайвшралыг өгнө. Заримдаа хэт олшроод ирвэл сонирхсон хүнд борлуулж, аквариумаа өргөжүүлнэ. Хоол, хэрэгсэл бэлдэхэд заримдаа эдийн засгийн бэрхшээл үүсдэг. Эсвэл худалдаж авсан тухайгаа ханиасаа нууцалж "Найз бэлэглэсэн, хүн өгсөн" гэх зэргээр худлаа хэлэх хэрэг ч гарна.
Загас тэжээдэг хэрнээ би загас барих бас дуртай. Голын эрэг дээр усны мандал ширтэн, чимээ чагнаж, уурганыхаа сатуркны үзүүрийг мэдрээд дуугайхан суух хачин их тайвшрал болно. Дэгээнд загас ороод түүнийгээ татаж гаргах нь бүр янзын шүү дээ. Гэхдээ барьсан загасаа ихэнх тохиолдолд эргүүлээд тавьдаг.
-Ижил төрлийн хоббитой хүмүүстэйгээ уулзаж ярилцаж суух бас сайхан биз?
-Нийлж ярьж сууна. Цахим орчинд загас сонирхогчдын бүлэг төрөл төрлөөрөө үүссэн. Тэнд бие биедээ зөвлөнө, заана, суралцана. Ер нь байнгын холбоотой байдаг. Сүүлийн үед Тайвань, Тайланд, БНХАУ гээд гаднын орнуудаас гоё, гоё загас оруулж ирж байна. Гэхдээ монголын цаг уур, усны хатуулаг зэрэгт дасан зохицож үржиж чадахгүй нь ч элбэг байх шиг санагдсан. Үнийн хувьд ч 100-200- мянгаас эхлээд сая төгрөгийн үнэтэй ч бий. Зарим ресторан, үйлчилгээний газар үйлчлүүлэгчдийнхээ хараа булаах зорилгоор үнэтэй, ховор олон загас тэжээдэг болж.
-Царцаа барьж хатааж, нунтаглаад загасаа тэжээдэг байсан хүүхэд нас минь санаанд орчихлоо. Одоо ч загасны хоол байтугай витамин, тэжээл гарсан гэсэн үү?
-Загасны хоол төрөл бүрээрээ. Амьд хоол, витамин ч байна. Богино хугацаанд өнгө оруулж томруулдаг тэжээл хүртэл бий.
-Таныг загас тэжээдэг, шагай харвадаг гэхээр ер нь их нарийн мэдрэмжтэй хүн байх гэж бодлоо?
-Нэг их нарийн мэдрэмж юу байх вэ. Шагай харвана гэдэг монголын үнэт өв соёл. Энэ их сайхан өв соёлыг залуучууд маань тээж, өвлөж явах ёстой гэж боддог. Би шагай харвахыг том ахаасаа анх сурч байсан. 1989 онд Зүүнбаянд цэргийн алба хааж байхдаа батальоны захирагч Д.Батжаргал хурандаагийн сумыг зөөж өгдөг байв. Сүүлд хааяа хамт сум тавих тохиолдол гарах болсон. Хэнтий аймагт ажилладаг байхдаа 2015 оны наадмаар Онцгой байдлын байгууллагаасаа нэг баг бүрдүүлж ороод мөнгөн медаль авч байв. Мөн 2020 онд Говьсүмбэр аймагт ажиллаж байхдаа Онцгой байдлын албаны ахмадуудаа хооронд уулзаж, жаргал зовлонгоо ярьж суух боломж тэр бүр гардаггүйг олж харсан. Тэгээд ахмадуудынхаа дунд шагай харваан баг бүрдүүлж Говьсүмбэр аймагт ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын гарамгай мэргэн, Гаадангийн Батбаяр багшийг урьж багаа дасгалжуулсан. Энэ нь ахмадуудаа хоорондоо уулзаж, ярилцах хамтдаа спортоор хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн сайхан санаачилга болсон.
-Зарим хүн “Надад ямар ч хобби байдаггүй” гэх нь бий. Хоббигүй хүн гэж байдаггүй байх, харин хоббигоо яаж олдог юм бол?
-Хүн хүний сонирхол өөр. Хүн дуурайхдаа биш. Өөрөө өөртэйгөө ярьж дуртай зүйлээ заавал олох хэрэгтэй. Хобби гэхээр том юм байх албагүй. Юунаас таашаал авч байна, амьдралаа илүү гэрэл гэгээтэй болгохын тулд би юу хийх вэ. Юунд дуртай байна вэ гэдгээ мэдрэх чухал. Тэгээд түүнийгээ хөгжүүлээд явахад бий болдог зөв зуршлыг л хобби гэж боддог.
Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин
2024/04/25Шинэ мэдээ
Энэ жилийн тэмцээнийг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зохион байгуулсан бөгөөд дартс, ширээний теннис, шатар, сагс, гар бөмбөг гэсэн таван төрлөөр аваргуудаа шалгаруулсан байна.
2024/04/25Шинэ мэдээ
Тус ээлжинд Онцгой байдлын байгууллагаас 11 алба хаагч үүрэг гүйцэтгээд ирсэн юм.
2024/04/25Шинэ мэдээ
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Мягмардоржоор ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Онгой комисс болон 11 алба, 24 мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулсан юм.