Ахлагч Б.Цогбаяр: Цэнхэр дуулга өмсөж, дэлхийн энх тайвныг батлан хамгаалах ариун үйлсэд оролцоод ирсэн минь нэр төрийн хэрэг байлаа

A- A A+

Эх орныхоо нэр хүндийг дэлхий ертөнцөд дуурсган, эх дэлхийн энх тайван, хүн төрөлхтөний амар амгалан, аз жаргалтай амьдралыг цогцлоох ариун үйлсэд гар бие оролцож, олон улсын цэрэг эрстэй мөр зэрэгцэн үүргээ гүйцэтгээд ирсэн цэнхэр дуулгатнуудын төлөөлөл Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн гал унтраах, автомашины жолооч, ахлагч Б.Цогбаярыг энэ удаагийн nematimes онцолж байна. Газар оронд анх очсон сэтгэгдэл, үүрэг гүйцэтгэх үеийн эмзэглэл, эх орноо хайрлахыг илүү ихээр ойлгож, хоёргүй сэтгэлээр үүрэг гүйцэтгэдэг “хосгүй” албаныхаа нэр төрийг улам ихээр хүндэтгэх итгэл, зоригийг өгсөн гэдгийг тодотгосон юм.

-НҮБ-ын цэнхэр дуулга өмсөж, дэлхийн энх тайвныг батлан хамгаалах ариун үйлсэд оролцоод ирсэн минь нэр төрийн хэрэг байлаа. Миний бие Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний XV мотобуудлагын батальонд Онцгой байдлын албаны 15 алба хаагчийн хамтаар үүргээ гүйцэтгээд ирсэндээ баяртай байна.  Ажиллагааны газар оронд НҮБ-ын олон орны цэргийн батальонууд хамт үүрэг гүйцэтгэдэг учраас улс орнуудын цэргүүдийн хоорондын найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор олон төрлийн урлаг, соёл, спортын арга хэмжээнүүд болдог. Эдгээр тэмцээн, уралдаан бүрт тухай бүрт албаныхаа нэрийн өмнөөс оролцож ирсэн.

-Онгоцноос буух мөчид халуун агаар нүүр лүү цохисныг одоо ч санаж байна. Удаан хугацаанд зэвсэгт мөргөлдөөн болсон орны энгийн иргэд, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүд хүнд нөхцөлд амьдарч байгааг нүдээр харах үнэхээр хэцүү мэдрэмж байлаа. Хур борооны улирал эхлэхэд зам шавар болж, үер усанд автаж, машин тэрэг явахад хүндрэлтэй болдог. Эргүүл болон цувааны хамгаалалтаар явахад ч ердийнхөөсөө хэд дахин эрсдэлтэй нөхцөлтэй ч нүүр тулж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаандаа амар тайван улстай байх ямар их аз жаргал болохыг ойлгосон.

-Цэргийн хүн болох багийн мөрөөдөлдөө хөтлөгдөн энэ албыг сонгосон. Онцгой байдлын байгууллагад тав дахь жилдээ ажиллаж байна. Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангид 2021-2024 онд аврагч-гал сөнөөгчөөр үүрэг гүйцэтгэж байгаад мөн ангидаа 2024 оноос хойш гал унтраах автомашины жолоочоор ажиллаж байна. Ажиллах хугацаандаа гамшиг, осол, аюулт үзэгдэл, ослын 385 удаагийн дуудлагаар ажиллаж, 534 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан. Мөн албаны хэмжээнд дэвшүүлсэн зорилт, нэгдсэн арга хэмжээ, удирдамжийн дагуу өөрийн хариуцсан хуваарьт гэр хорооллын 3680 айл өрхөд гамшгаас хамгаалах болон галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг хийж, гамшгаас хамгаалах мэдлэг, мэдээллийг тухай бүрт хүргэж байна. Говьсүмбэр аймаг нь стратегийн ач холбогдол бүхий байршилтай, авто болон төмөр замын зангилаа, тээвэр логистикийн сүлжээ төвлөрсөн, мөн говь, тал хээрийн бүсийн онцлогтой, мал аж ахуй, отор нүүдэл, үйлдвэрлэл, үйлчилгээ хосолсон учраас обьектын гал түймэр, цас, шаварт суусан дуудлага,  зам тээврийн осол, төөрсөн, сураггүй болсон тохиолдол гээд гамшиг, ослын бүхий л төрлийн дуудлагууд бүртгэгддэг.

-Гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгээд хүний амь нас, эд хөрөнгө, хүрээлэн буй орчноо хамгаалж чадсан тэр мөчийн мэдрэмжийг юутай ч зүйрлэх боломжгүй. Миний ажил, мэргэжил бол эх орон, ард түмэндээ үйлчилдэг эрхэм үүрэг гэж хүлээн авч, "Үргэлж бэлэн бай" гэсэн шалгуурыг өөртөө тавьдаг. Өдөр бүр бие бялдрын дасгал хийж, мэргэжлийн мэдлэгээ шинэчилж, сахилга батаа алдахгүй байхыг хичээдэг. Үнэнч шударга, хариуцлагатай, хамт олондоо түшигтэй, хүнд үед бууж өгдөггүй байхыг эрхэмлэдэг.

-Ховд аймгийн зэрэг суманд төрж, өссөн. Гурван хүүхэдтэй айлын отгон хүүхэд. Волейбол, сагсан бөмбөгөөр хичээллэж, аймаг, бүс, албаны болоод төрийн цэргийн гээд бүх төрлийн тэмцээн, уралдаанд тогтмол оролцдог. Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх боломжийг олгож, олон зүйлийг ухаарах итгэлийг өгсөн Монгол Улсын Зэвсэгт хүчин, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууддаа болон Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын хамт олондоо талархал илэрхийлье. Эх орныхоо энх тайван, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө зүтгэе.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Ахлагч Б.Цогбаяр: Цэнхэр дуулга өмсөж, дэлхийн энх тайвныг батлан хамгаалах ариун үйлсэд оролцоод ирсэн минь нэр төрийн хэрэг байлаа

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангид 2021-2024 онд аврагч-гал сөнөөгчөөр үүрэг гүйцэтгэж байгаад мөн ангидаа 2024 оноос хойш гал унтраах автомашины жолоочоор ажиллаж байна.

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг танилцуулж, хэлэлцүүллээ

Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс 2026 онд нийт 10 эрдэм, шинжилгээ, судалгааны ажлыг гүйцэтгэж, холбогдох санал, зөвлөмжийг гаргасан байна.