Өөрийгөө сорьдог, суралцдаг, бусдад боломж олгодог олон зан чанарууд Онцгой залуусын “гоёл”. Хамгийн сайнаар хичээж, хамгийн сайнаар гүйцэтгэдэг тэдний үйлдэл авран хамгаалахын бас амжилтын оргилыг бүтээдэг онцлогтой. Энэ нь хүн бүрийн итгэл, хичээл зүтгэл, хамтын ажиллагаанаас хамаарч, өсөн дэвжиж, өөрчлөлт, шинэчлэлтийг мэдэрдэг. Энэ удаагийн nematimes булан Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн аврагч-нохой хөтлөгч, ахлах ахлагч Б.Ёндонсүрэнг онцолж байна.
-Миний амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт ын нэг бол Онцгой байдлын албаны алба хаагч болж, үүрэг гүйцэтгэж байгаа минь. Төрсөн нутаг, төрөлх иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах тангараг өргөөд 5 жил болж байна. Ажлын гараагаа Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангид аврагч-гал сөнөөгчөөр эхлүүлж, 2024 оноос аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэгт аврагч-нохой хөтлөгчөөр томилогдон ажиллаж байна.

-Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрж, өссөн. Дөрвөн хүүхэдтэй айлын хоёрдах нь. Сумынхаа 10 жилийн сургуулийг 2017 онд төгсөж, 2018-2019 онд Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд байрлах Зэвсэгт хүчний 232 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж, улмаар 2021 онд ДХИС-ийн Ахлагчийн сургуульд суралцаж, төгссөн. Ажиллах хугацаандаа гамшиг, ослын 43 удаагийн дуудлагаар ажиллаж, 20 гаруй хүний амь нас, 20 гаруй тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Аймгийн онцлогоо дагаад ой, хээрийн түймэр, үер, ган, зуд зэрэг бүхий л төрлийн гамшиг, ослын дуудлага бүртгэгддэг.
-Хугацаат цэргийн алба хаагч байхаасаа цэрэгжилтийн спортоор хичээллэж, 2026 онд дэд мастер цол хүртсэн. Цэрэгжилтийн спортдоо тулгуурлан кроссфит, хол, ойрын марафон гээд өөрийгөө сорьж болох бүх л спортод “дурлаж” хичээллэж, тэмцээн, уралдаанд оролцож байна. Монгол улсад 2019 онд анх удаа зохион байгуулагдсан олон улсын "Аравт" морин цэргийн уралдаанд Монгол улсаа төлөөлөн тасгийн бүрэлдэхүүнээр оролцож, тэргүүн байрт шалгарч байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Марш тактик-тусгай бэлтгэлийн тэмцээнд Онцгой байдлын байгууллагын байнгын бүрэлдэхүүний алба хаагчийн нэг болж 2022, 2024, 2026 онд оролцож, мөнгө, хүрэл медалийг хүртсэн амжилтыг үзүүлсэн. Мөн тухайн үеийн Монгол Улсын шадар сайд С.Амарсайханы санаачлагаар зохион байгуулсан Онцгой байдлын байгууллагын "Шилдэг залуу ахлагч нарын тэмцээн-2023”-д амжилттай оролцож, таван төрөлт тэмцээний "Хүчний цогцолбор" тэмцээнд дэд байр эзэлж, Өмнөд бүс нийлбэр оноогоор гутгаар байрт шалгарсан.

-Хэт холын зайн гүйлтийн улсын аварга шалгаруулах 2025 оны тэмцээний 12 цагийн гүйлтийн төрөлд 75 км гүйж, багийн дүнгээр хүрэл медаль, “Hyrox” фитнесс спортын 2026 тэмцээний double open M/M буюу 2 эрэгтэй төрөлд НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Б.Хүрэлтогоотой хамт багаар оролцож, хүрэл медалийн эзэн болсон. Хамгийн сүүлд өнгөрөгч наймдугаар сард Өвөрхангай аймгийн Хархорин суманд болсон “Монгол уламжлалт тэмцээн”-д Цэц мэргэд” аравт багийнхан морин уралдааны төрөлд дэд байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн байна.

-Аврагч-нохой хөтлөгчөөр ажилласнаас хойш Марта, Дези дуудлагатай хоёр эрэлч нохой сургаж, дадлагажуулж, хамтдаа үүрэг гүйцэтгэж байна. Дези долоон настай. Марта зургаан настай. Аврах ажиллагаа, тэмцээн уралдаан гээд бүхий л зүйл дээр би гэхээс илүү бид гэдэг үг бидний амжилтын тулгуур багана гэж боддог. Хувь хүн бүрийн хичээл, зүтгэл, хөгжил бас зорилго маш их нөлөөлдөг. Үе, үеийн олон алба хаагчдаас үлгэр дууриалал авч, тэднийхээ захиас, сургаалыг үргэлжүүлж байна. Энэ түүчээг ирээдүйн залуустаа өвлүүлэх хүн нь би өөрөө гэдгийг л маш сайн ухамсарлаж, хичээдэг. Хамт олондоо, хамтран зүтгэгч нартаа сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.

2026/09/08
Шинэ мэдээ2024 оноос аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэгт аврагч-нохой хөтлөгчөөр томилогдон ажиллаж байна.
2026/09/08
Шинэ мэдээГар утаснаасаа хамаарч хажуу талын товчлуурыг сонгон Emergency SOS товчийг дарж, fire101 товчийг сонгож, 1 товчлуурыг дарна.
2026/09/08
Шинэ мэдээУулзалтаар гамшгийн үед үндэсний болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо, хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, зохицуулах чадавхыг бэхжүүлэх, сургалтын хичээлийн агуулга, хэрэгжилт, зохион байгуулалтын уялдааг хангах талаар санал солилцов.