“Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” уриан дор 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ын “Цэнхэр бүс”-д сэдэвчилсэн өдрүүд болно.
Энэ хүрээнд COP17-ын “Усны өдөр” 2026 оны наймдугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдана. Тус өдрөөр газрын ус шингээх, тогтоон барих чадавхыг сайжруулах, хөрс болон ургамлын бүрхэвчийг сэргээх, хөрсний элэгдэл, тоосжилтыг бууруулах, гангийн тэсвэржилтийг нэмэгдүүлэх, ус, газрын нөөцийн тогтвортой, хүртээмжтэй засаглалыг дэмжих шийдлүүдийг онцлон хэлэлцэхээр төлөвлөж байна.
“Усны өдөр”-ийг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах хүрээнд Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Усны газрын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсэг “Цэнхэр бүс”-д болох арга хэмжээний агуулга, зохион байгуулалт, оролцогч талуудын уялдаа холбоог хангахад анхаарч байгаа юм.

Ус нь газрын доройтол, цөлжилттэй тэмцэх, экосистемийн тогтвортой байдлыг хадгалах, хүн амын эрүүл мэнд, амьжиргаа, хүнс, эрчим хүч болон эдийн засгийн аюулгүй байдлыг хангах стратегийн үндсэн нөөц билээ. Усны хомсдол, усны нөөцийн зохисгүй ашиглалт нь газрын доройтол, цөлжилтийн үйл явцыг улам гүнзгийрүүлэх эрсдэлтэй. Иймээс ус, газар, экосистемийн асуудлыг салангид бус, харилцан уялдаатай, нэгдсэн бодлогоор шийдвэрлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна.

Монгол орны жилийн дундаж агаарын температур 1940-2022 оны хооронд 2.46 хэмээр нэмэгдсэн нь усны нөөц, бэлчээр, мал аж ахуй, байгалийн экосистем болон хүн амын амьжиргаанд үзүүлэх уур амьсгалын өөрчлөлтийн дарамтыг нэмэгдүүлж байна. Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөөнд усны нөөц, хөдөө аж ахуй, газрын доройтол, дэд бүтэц, гамшгийн эрсдэлийн удирдлагыг дасан зохицох бодлогын тэргүүлэх чиглэлээр тодорхойлсон байдаг.

Үер, ган, зуд зэрэг гамшиг, аюулт үзэгдэл нь тус тусдаа бус, харилцан нөхцөлдсөн, дам нөлөө бүхий эрсдэл юм. Тухайлбал, газрын доройтлын улмаас хөрсний ус нэвтрүүлэх, тогтоон барих чадавх буурснаар аадар борооны үеийн гадаргын урсац нэмэгдэж, үер, хөрсний элэгдлийн эрсдэл өсдөг. Үүний улмаас үржил шимт хөрс алдагдах, гол, нуур, усан сан болон бусад усны эх үүсвэр лагжих, хуурай улирлын усны хүртээмж буурах нөхцөл бүрдэнэ. Ингэснээр ган, цөлжилтөд өртөх эмзэг байдал улам гүнзгийрэх эрсдэлтэй.
Тиймээс усны нөөцийн нэгдсэн менежментийг газрын тогтвортой менежмент, экосистемийн хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох болон гамшгийн эрсдэлийг бууруулах бодлоготой уялдуулах нь чухал байна.
COP17-ын “Усны өдөр” нь ус, газрын нөөцийн харилцан хамаарлыг олон улсын түвшинд онцлон таниулах, шинжлэх ухаан, бодлого, практикт суурилсан шийдлийг хэлэлцэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал арга хэмжээ болох юм.

2026/08/11
Шинэ мэдээCOP17-ын “Усны өдөр”-ийг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна
2026/08/11
Шинэ мэдээСудалгаанд хамрагдсан 5000 гаруй зэрлэг амьтны тоо 1970-2020 онд дунджаар 73 хувиар буурсан байна.
2026/08/11
Шинэ мэдээКолумб улсад даваа гаргийн өглөө 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн голомт нь Чоко мужийн Сан-Хосе-дель-Пальмар хотын орчимд байв. Колумбын нутгийн ихэнх нутаг дэвсгэр болон хөрш улсуудад, тэдгээрийн дотор Панамд чичирхийлэл мэдрэгджээ.