Б.Дөлгөөн: Улсын нүүр царай ард түмнээс гэдэгтэй адил Онцгой байдлын албаны нүүр царай бол алба хаагчид юм

A- A A+

Мэргэжил бүхэн сайхан. Гагцхүү эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байх, эх орон, ажиллаж буй салбартаа өөрийн мөр, түүхийг хэрхэн үлдээх нь хувь хүнээс шалтгаалах болов уу. Ингэж хэлэхийн учир Онцгой байдлын албанд олон жил ажиллаагүй ч мэдлэг, чадвар өндөртэй ёстой л шижигнэсэн залуу алба хаагчид олон бий. Залуу боловсон хүчний төлөөлөл ОХУ-ын Гал эсэргүүцэх албаны академийг Монгол Улсаас Галын инженер мэргэжлээр төгссөн анхны хоёр эмэгтэй сонсогчийн нэг Бямбаагийн Дөлгөөнийг энэ удаагийн Nematimes буланд онцлон танилцуулж байна. Түүний хувьд ОХУ-д суралцах хугацаандаа мэргэжлийн чиглэлийн 20,000 үгтэй Монгол-Орос-Англи хэл дээр толь бичгийг өөрийн хувь нэмрийг оруулан, хамт олонтойгоо хамтран боловсруулсан юм.

-Би Улаанбаатар хотод төрж өссөн. Нөхөр хүүхдийн хамт амьдардаг. 2014 онд Глобал удирдагч их сургуулийн лицей “Шинэ зууны удирдагч” дунд сургуулийг төгссөн. Анх цагдаагийн алба хаагч болох хүсэлтэй Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуульд элссэн боловч “Амьдрах ухаан” хичээлийг Онцгой байдлын сургуулийн багш одоогийн Гамшгаас хамгаалах сургалтын арга зүйн төвийн орлогч дарга, дэд хурандаа М.Цогтбаяр багшийн хичээлд сууснаар Онцгой байдлын албандаа дурлаж Онцгой байдлын анги руу шилжин суралцсан. Суралцаж байх хугацаандаа ОХУ-д элсэн суралцах сонгон шалгаруулалтад орох үед 17 настай байв. 18 нас хүрээгүй гэх шалтгаанаар шалгалтаас хасагдахдаа тулж тухайн зун нь 18 нас хүрнээ гээд шалгалтад өгч тэнцсэнээр ОХУ-д цэргийн сургуульд суралцах үүд хаалга нээгдсэн юм. Ингээд 2015-2020 онд ОХУ-ын Онцгой байдлын яамны Гал эсэргүүцэх албаны академийг Галын аюулгүй байдлын инженер мэргэжлээр улаан дипломтой суралцаж төгссөн.

-Ажлын анхны гараагаа Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл Шуурхай Удирдлагын төвд Галын шинжээчээр эхлэж байсан. 2021 онд Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого, төлөвлөлтийн газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн албан тушаалд томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Зөв мэргэжил сонгож, эзэмжээ гэж бахархдаг юм. Бахархлын зэрэгцээ шантрах үе ч цөөнгүй. Шантрах үедээ ахлах болон олон жил ажилласан ах, эгч нартайгаа ярилцаж зөвлөгөө авах дуртай. Би ярилцах дуртай төрлийн хүн. Нэг удаа даргадаа “хэцүү байна” гэж хэлсэн юм. Тэгтэл дарга маань “хэцүүгүй ажил гэж байхгүй” гэлээ. Хожим нь бодоход нээрээ л хэцүүгүй ажил гэж байхгүй юм байна. Бүх л салбар, бүх ажил мэргэжилд тулгамдах асуудал байгаа шүү дээ. Тэр цагаас хойш “зовлон үгүй бол жаргал амтгүй” гэж өөрөө өөртөө хэлдэг болсон.

-Улсын нүүр царай ард түмнээс гэдэгтэй адил Онцгой байдлын албаны нүүр царай алба хаагчид гэж боддог юм. Тийм учраас хувцастайгаа явахад энгийн иргэд намайг Дөлгөөн гэж харах бус Онцгойгийн хүн гэж харна, дүгнэнэ. Тиймээс гадуур явахдаа ч биеэ зөв авч явах, төрийн соёмбоо дээдлэж, дүрэмт хувцасаа цэвэр цэмцгэр өмсөх нь алба хаагчийн үүрэг юм даа. Бусад төрийн цэргийн байгууллагын найзууд маань онцгойгийн Дөлгөөн гэж овоглодог. Бямбаа гэх овгоо Онцгой гэх албаараа сольсондоо үргэлж талархаж явдаг. Бямбаагийн Дөлгөөн биш Онцгойгийн Дөлгөөн болж овгоо албаараа сольсондоо.

-Манай албанд хамт олноосоо суралцах болон мэдлэг боловсролоо дээшлүүлэх маш их боломжууд байдаг. Тухайлбал миний хувьд 2024 онд Г.Болор генералын жендерийн эрх тэгш байдлыг хангах эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүдэх зорилгоор санаачилсан Зэвсэгт хүчний Жанжин штабын Гадаад хэлний сургалтын төвийн Англи хэлний бэлтгэл шатны дамжаанд бусад төрийн цэргийн байгууллагуудын эмэгтэй шилдэг оффицеруудтай 9 сарын хугацаанд суралцаж энэ сард төгссөн. Тиймээс залуу алба хаагчдадаа үргэлж боломжийг эрэлхийлж сурч боловсрохыг эрмэлзээрэй гэж хэлэхийг хүсдэг. Өөрийн амиа үл хайрлан бусдын амь насыг хамгаалах зориг, зүрх, тангарагтай алба хаагчидтай хамт ажиллаж байгаа нь миний хувьд бахархал хийгээд, нэр төрийн хэрэг юм.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аминдаа хайргүй “усч” Монгол

Аялал зугаалгын цаг эхлэхээр айдас хүйдэс хүрэм нэг төрлийн мэдээллүүд хөвөрдөг болсоор удаж байна. Энэ нь усны осол.  Харамсалтайгаар усанд живж, нас барж буй хүний тоо өдөр, хоногоор нэмэгдэж байна.  Наймдугаар сарын 9-ний байдлаар 98 усны осол бүртгэгдэж, 85 иргэн амь насаа алджээ. Үүний 71 нь том хүн, 14 нь хүүхэд байна.  Энхийн цагт ийм олон иргэнээ санамсар болгоомжгүй байдлаас болж алдана гэдэг ёстой л эмгэнэл юм.  Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн эрэн  сурвалжлах нийтлэлээрээ усны ослын асуудлыг хөндөж байна. 

Х.Чинзориг: Хүний цээж зургийг хар, цагаанаар ялган хайчилж, эсгий болон модоор гар урлал, сувинер хийдэг

 “Онцгой мэдээ” сонины “Хобби” булангийн энэ удаагийн дугаарт Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Х.Чинзоригийг урилаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ