Аялал зугаалгын цаг эхлэхээр айдас хүйдэс хүрэм нэг төрлийн мэдээллүүд хөвөрдөг болсоор удаж байна. Энэ нь усны осол. Харамсалтайгаар усанд живж, нас барж буй хүний тоо өдөр, хоногоор нэмэгдэж байна. Наймдугаар сарын 9-ний байдлаар 98 усны осол бүртгэгдэж, 85 иргэн амь насаа алджээ. Үүний 71 нь том хүн, 14 нь хүүхэд байна. Энхийн цагт ийм олон иргэнээ санамсар болгоомжгүй байдлаас болж алдана гэдэг ёстой л эмгэнэл юм. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн эрэн сурвалжлах нийтлэлээрээ усны ослын асуудлыг хөндөж байна.
Яагаад хүн усанд осолдоод байна вэ?
Усны ослын шалтгааныг иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэлтэй гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна. Энэ нь ч үнэний талтай. Усанд живэх осол нь хэнд ч, ямар ч гэр бүлд, хэдийд ч тохиолдож болох ба энэ нь агшин зуурт, чимээгүй тохиолддог. Хэдий та тогтоол усанд буюу бассейнд сайн сэлж чаддаг байсан ч урсгал ус буюу гол, мөрөн гэдэг бол тэс өөр, голыг гүн, гүехэн гэж таах аргагүй. Харахад гайгүй гүехэн юм гэдэг байдлаар ордогт хамаг эрдсэл нуугдаж байна. Хүн шагай татсан усанд хүртэл живэх эрсдэлтэй байдаг гэдгийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
Хоёрдугаарт, тогтоол усанд буюу бассейнд ашиглах зориулалттай хийлдэг гудас, тоглоом, чанарын шаардлага хангахгүй бүрэн бус хийлдэг завь зэрэг нь иргэдийг хамгаалахаас илүү аюулд оруулж байна. Тухайлбал, хийлдэг тоглоомд суусан хүүхэд ядарч гараа тавихад ус руу доош орох, хийлдэг гудас хөмрөх зэрэг аюулыг дагуулж байдаг.
Гуравдугаарт, бага насны хүүхэдтэй хамт явж байгаа бол хүүхдээсээ хоромхон төдий ч хараагаа бүү салга. Хоол хийж байх хооронд, найзуудтайгаа хөзөр тоглож байхад, эсвэл утсаар ярьж байх хооронд хүүхэд маань усанд живчихлээ гэсэн нилээдгүй тохиолдлууд бүртгэгджээ.
Дөрөвдүгээрт, хэрэв голын эрэг дагуу амарч, завиар зугаалж байгаа бол эсвэл гол, устай ойр ямар нэгэн үйл ажиллагаа хийж байх үедээ согтууруулах ундаа битгий хэрэглээч. Учир нь согтууруулах ундаа хүний тунгаан бодох чадвар, тэнцвэртэй байдлыг алдагдуудаг ба шөрмөс татах, булчин нь зангирах зэргээр хөдөлгөөнд саад учруулах эрсдэлтэй байдаг.
Тиймээс иргэд маань усны ослоос сэргийлэхийн тулд дээрх дүрэм журмыг ердөө л амьдралынхаа хэвшил болгочих хэрэгтэй. Амь насандаа хайргүй “усч” Монгол зангаа зүгээр л орхи гэсэн үг.
Усны ослыг камераас хянадаг болжээ
Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтаар хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй болохыг тодорхойлсон. Үндсэн хуулийн энэ эрхийг хангах зорилгоор Монгол Улс иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг улам бүр баталгаажуулах үүднээс олон улсын эрх зүйн баримт бичгүүдэд нэгдэн орох, түүнчлэн дотоодын эрх зүйн актуудад тухай бүр тусган баяжуулах арга хэмжээг тасралтгүй авч ирсэн. Усны ослоос хамгаалах асуудал мэдээж дээрх хуулийн хэрэгжилтэд хамааралтай. Одоогоор төрийн зүгээс энэ асуудлыг ОБЕГ хариуцаж, холбогдох хуулийн байгууллагууд хяналт шалгалт тавьж байна.
1. Хөдөлгөөнт эргүүл гаргаж байнгын үүрэг гүйцэтгэдэг гэлээ. Аялж, зугаалж байгаа иргэдийн дийлэнх нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн, анхаарал болгоомжгүй, хайнга байдлаасаа болж осолдож байгааг аврагчид учирладаг. Өөрийгөө болон хүүхдийнхээ амь насыг эрсдэлд оруулж байгааг тайлбарлаад ч хүлээж авдаггүй гэлээ. Хөдөлгөөнт эргүүлийнхэн зургаадугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Одоо сар гаруй хугацаанд хэчнээн хүн алтан амиараа хохирч, усанд живж осолдохыг хэлж мэдэхгүй. Орон нутагт Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Дорнод нийт 13 аймгийн 16 нуур, 21 гол, Сэлэнгэ, Дэлгэр мөрний эрэг дагуу өдөр бүр 131 алба хаагч, 24 техник, 20 завьтайгаар хөдөлгөөнт эргүүл хийж иргэдэд сэрэмжлүүлэг мэдээ мэдээлэл хүргэн ажиллаж байгаа гэлээ. Үүрэг гүйцэтгэж эхэлсэн өдрөөс хойш нийслэлийн хэмжээнд давхардсан тоогоор нийт 1035 алба хаагч голын эргийн дагуу 70 гаруй мянган иргэнд сэрэмжлүүлэг, анхааруулга өгч ажиллажээ.
2. Мөн Нийслэлийн Онцгой байдлын газар өнгөрсөн жилээс иргэдийн амь насыг хамгаалж, урьдчилан сэргийлэх үүднээс Хар-Усан тохой, Баянзүрхийн гүүр, Сонсголон гүүр зэрэг эрсдэл өндөртэй таван байршилд камер байршуулжээ. Эдгээр камерыг нийслэлийн Онцгой байдлын газрын дэд төвөөс 24 цагаар дэлгэцээр хянадаг байна. Голын ус үерлэсэн, ард иргэдэд эрсдэлтэй нөхцөл байдал ажиглагдвал завьт эргүүл рүү мэдэгдэж, иргэдийг авран хамгаалдаг байна. Эдгээр таван камер нь 360 градус эргэж, голын ойр орчмыг харуулдаг бөгөөд энэ жил Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас баталсан санхүүжилтээр шинээр дуут анхааруулга өгдөг найман камер нэмж байршуулахаар төлөвлөжээ.
3. Уг дэвшилтэт технологийг ашигласнаар онцгойгийн алба хаагчдын ажлын ачааллыг хөнгөлж, гол дагуу амарч зугаалж яваа иргэдийн амь насыг авран хамгаалахад ач холбогдолтой гэдгийг албаныхан онцолсон юм. Гол дагуу хэдэн зуун хүнд тэр бүр завьт эргүүл хүрч ажиллаж чадахгүй учраас орчин үеийн дэвшилтэт технологи ашигласнаар алба хаагчид богино хугацаанд шуурхай арга хэмжээг авч чадах юм. Энэхүү камер нь цагдаагийн байгууллагын ажилд ч багагүй тус нэмэртэй байдаг гэдгийг албаныхан хэлж байлаа.
Энэ мэтчилэн төрөөс авах арга хэмжээг нэмэгдэж байгаа ч нөгөө л иргэдийн анхаарал болгоомжийн асуудал нэгдүгээрт, гэдгийг дахин дурдах нь зүйтэй.
Хамгийн сүүлийн харамсалтай кэйсүүд
Наймдугаар сарын 3-нд
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын "Тэнгис-Шишгэд"-ийн голд гурван хүн моторт завьтай явж байгаад завь нь хөмөрч хоёр нь эсэн мэнд гарч, нэг хүн нь осолдсон тухай дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тухайн дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, ар гэрийнхэнтэй хамт тус иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан юм. Харамсалтай нь энэ сарын 8-нд нисдэг тэргээр агаараас тандалт хийж явсан нисэх багийн бүрэлдэхүүн тухайн иргэний цогцсыг улсын хилээс дотогш таван км орчим газарт голын сайранд тогтсон байсныг олж, тогтоожээ.
Наймдугаар сарын 8-нд
Туул голд 29 настай эмэгтэй живж, нас баржээ. Тодруулбал, "Хан-Уул дүүргийн Маршлын гүүрний баруун талд “Туул” голд нэг хүн живж, урсаад явж байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тухайн дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан, очиж иргэн Б-г эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Улмаар тухайн иргэний цогцос Маршалын гүүрнээс баруун зүгт нэг км зайд модонд гацсан байдалтай байсныг олж, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлжээ.
Наймдугаар сарын 5-нд
Увс аймгийн Хяргас нууранд усны мотоциклтэй явж байсан гурван иргэн эргээс 30 метрийн зайд осолджээ. Тухайн байршилд усны эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид харж, аврах ажиллагааг эхлүүлсэн байна. Энэ талаар өчигдрийн 17:55 цагт онцгой байдлын албанд мэдээлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиход иргэн 56 настай эрэгтэй, 50 настай, эмэгтэй нар живж байсныг эсэн мэнд гаргаж, мөн 10 настай хүүг усны мотоциклын доор гацаж, ухаангүй болсон байсныг гарган хиймэл амьсгал хийж, анхны тусламж үзүүлэн аварч, эсэн мэнд гэр бүлд хүлээлгэн өгчээ.
Наймдугаар сарын 1-нд
Согтуугаар усанд сэлэхээр ороод осолджээ. Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, “Монгол” шилтгээний урд “Туул” голд сэлэхээр хүн ороод гарч ирэхгүй байна гэсэн дуудлагын дагуу эрэн хайх ажиллагааг эхлүүлж “Монгол” шилтгээн гэдэг газраас “Маршалын гүүр” гэдэг газар хүртэл 15 км усаар завиар урсаж, “Хар усан тохой” гэдэг газар дөрвөн метрийн гүнд таван удаагийн шумбалт хийж, үр дүнд хүрээгүй тул 20:40 цагт зогсоожээ.
Наймдугаар сарын 1-нд
Тогтоол усанд 45 настай эрэгтэй живжээ. Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, “Мандал-Овоо” 31 дүгээр гудамжинд тогтоол усанд эрэгтэй хүн живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 30-ны өдрийн 14:33 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход иргэн Э/45 настай, эрэгтэй/ нь 1.7 метр орчим гүнтэй тогтоол усанд живж нас барсан байсныг 10 минут ажиллаж цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна. Ийнхүү наймдугаар сар гарснаас хойш улсад осолдсон харамсалтай кэйсүүд үргэлжилнэ. Цаашид хэд хүрэх нь мэдэгдэхгүй, айдастай байна.
Үхлийн аюул даруулсан хийлдэг завинд стандарт тогтооё
Дээрх кейсүүдээс харахад хүний анхаарал болгоомжгүй үйл ажиллагаанаас гадна нэг механик хүчин зүйл усны осолд нөлөөлж, хүний амь насанд аюул занал учруулж байна. Энэ хийлдэг завь, усны мотоцикль юм. Одоогоор энэ төрлийн техник хэрэгслийн стандарт гэж манай улсад байхгүй. “Хийлдэг завиар ямар ч нууранд гарч болохгүй ээ. Салхи гараад л нуурын төв рүү аваад явчихдаг, салхигүй өдөр гэж ч байдаггүй, завины хий гараад үхдэг. Нуурын мандал дээрээс энгийн нүдээр ийм завь бас бараг харагддаггүй. Хийлдэг завиар хэзээ ч аль ч нууранд битгий гар” л гэсэн анхаарал сануулга, сэрэмжлүүлэг өгөхөөс өөр төрлийн хууль эрх зүйн хамгаалалт алга. Гэсэн ч амь насандаа хайргүй “усч” монголчууд маань үүнийг тоолгүй ороод л амь насаа эрсдэлд оруулчихаад байх юм.
Хэзээ завины стандарттай болж, мөрдөх вэ?
Завины стандартын асуудлыг ЗТЯ-ны харьяа Монгол Улсын Далайн захиргааны газрынхан хариуцан боловсруулж байна. Энэхүү стандартын асуудал нэлээдгүй хугацааны турш яригдаж байгаа ч одоог хүртэл батлагдаагүй. Энэ талаар бид Далайн захиргааны газраас тодруулахад “ Хийлдэг завинд гурван багц стандарт байдаг. Тухайлбал эх биеийн даацаас шалтгаалаад ямар хүчин чадлын хөдөлгүүр тавих вэ, хөдөлгүүр нь ямар байх уу гээд. Одоогоор гурван багц асуудлын хоёр нь батлагдаад явж байгаа. Бусад нь манай захиргааны газрын стандарт техникийн хороогоор хэлэлцэгдээд явж байна. Удахгүй батлагдана” гэлээ. Олон улсад гэхэд гурван метр гүн гол усанд 15 морины хүчтэй мотортой, даац болон суух хүний тоог заасан стандарт мөрддөг байна. Мөн галын хор, эмийн сан, зангуу, уяа оосор, аврах хантааз, дохионы пуужин зэрэг аврах хэрэгслүүд нь тоотой байдаг юм байна.
Монгол Улсад завины стандарт батлагдаагүй ч Далайн захиргааны газраас олон нийтийн дунд түгээмэл хэрэглэгддэг “Intex” маркийн хийлдэг завийг хаана ашиглаж болох талаарх зөвлөмж гаргажээ. Тус зөвлөмжид энэхүү завийг эргийн хамгаалалт бүхий газарт эсхүл жижиг нуур цөөрөм, голын гүехэн хэсэг, булан тохойд, салхины хүч нь дөрвөн м/сек, давлагааны өндөр нь 0. 3м-тэй усан орчинд ашиглах зориулалттайг анхаарах хэрэгтэй. “Intex” маркийн хийлдэг завь нь зориулалтын хувьд аврах завь, хэрэгсэл биш гэдгийг мартаж болохгүй. .Уг завийг шумбалтад ашиглаж болохгүй. Хийлдэг завийг усан замын ямар нэгэн тээврийн хэрэгслээр чирч ашиглаж болохгүй. Завийг зааврын дагуу хийлж, хэсэг хугацааны дараа бүрэн бүтэн эсэхийг заавал шалгах шаардлагатай. Завины даацыг хэтрүүлэн хөдөлгөөн хийхийг хориглох. Завийг усан дээр гаргахын өмнө бүх зорчигчид аврах хантааз өмсүүлсэн эсэхийг шалгах. Тогтвортой байдлыг хангах үүднээс хийлдэг завины төв хэсэгт гишгэн бууж, сууж байх. Завин дээрх ачааллыг нэг талд нь бөөгнөрүүлэхгүй, тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор жолоодогч нь зорчигчдыг суудалд хуваарилан суулгах үүрэгтэй гэжээ.
Мөн усан замын тээврийн тухай хууль болон Усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлын дүрэм манай улсад бий. Үүнд завь болон хөвөгч хэрэгслийг ашиглаагүй үедээ усны ойролцоо эзэнгүй, сул орхихоос зайлсхийх. Хийлдэг завь нь ширүүн урсгалтай, харгиатай гол дээр болон бусад аюултай, эрсдэлтэй /экстрим/ спортод ашиглахад зориулагдаагүйг анхаарах. Завийг ашиглах явцдаа аль болох хурц үзүүртэй зүйлс, хүчиллэг болон бусад идэмхий төрлийн химийн бодисын ойролцоо байлгахаас зайлсхийх. Согтууруулах ундаа, мансууруулах үйлчилгээтэй эм бодис хэрэглэсэн үедээ завь жолоодож болохгүйг анхаарах. Тухайн орон нутгийн захиргаанаас гаргасан шийдвэрүүдийг дагаж мөрдөх. Эрх бүхий байгууллагаас тогтоосон бүс, хязгаарлалт дотор хийлдэг завийг ашиглах. Цаг агаарын байдал хурдан өөрчлөгдөх эрсдэлтэй тул аль болох хурдан хугацаанд эрэг рүү буцах эрэгт ойр зайнд аялах шаардлагатайг анхаараарай гэжээ.
Экспертүүдийн тайлбар
Далайн захиргааны газрын Усан замын тээврийн Бүртгэл хяналтын хэлтсийн дарга Т.Олонбаяр: Манайд бүртгэлтэй, хяналт шалгалт хийсэн эсэхийг шалгаж суугаарай
-Манайх усан замын тээврийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг. Хоёрдугаарт, усан замын тээврийн хэрэгслийн бүртгэл тооллого, техникийн хяналтын үзлэгийг хийдэг. Мөн иргэд, олон нийтэд салбарынхаа талаарх мэдлэг мэдээллийг олгох сургалт семинарыг тогтмол зохион байгуулдаг. Хөвсгөл, Өгий нуурт хяналтын пост байгуулж, эргүүл хяналтын ажил хийж байна. Одоогийн байдлаар улсын бүртгэлд 228 тээврийн хэрэгсэл байна. Эдгээрийн хамгийн их нь буюу 139 нь Хөвсгөл нууранд үйл ажиллагаа явуулдаг бол Архангай аймагт 43 завь байна. Бусад нь Увс, Сэлэнгэ, Баян-Өлгий зэрэг томоохон гол, нууртай аймгуудад бүртгэлтэй байна. Манайд бүртгэлтэй завинуудад бид дээр хэлсэнчлэн байнга хяналт тавьж ажилладаг. Гэтэл манайд бүртгэлд хамрагддаггүй завь гэж бий. Яагаад гэхээр манай улсын хуульд гурван метрээс илүүгүй урттай болон ахуйн зориулалтай завийг орон нутаг хариуцаж явдаг. Мөн иргэд хамгийн их осолддог зүйл нь хийлдэг завь. Дотроо стандартын шаардлага хангасан, хангаагүй гээд олон янз байдаг. Усан сан, эргийн хамгаалалттай газарт ашиглах ёстой завийг хүмүүс худалдаж аваад л хэрэглэж байгаа нь эрсдэл дагуулж байна. Дээрээс нь манай иргэдийн усны талаарх боловсрол тааруухан нь осол эндэгдэл гарахад нөлөөлдөг. Аврах хантааз хэрэглэдэггүй. Үр хүүхдүүдээ хийлдэг гудсан дээр суулгаад хүртэл явуулчихдаг.
-Хамгийн сүүлд “Тэнгис-Шишгэд"-ийн голд гурван хүн моторт завьтай явж байгаад осолдсон байна. Энэ завь гэхэд танайд бүртгэлтэй байв уу?
- Шишгэдэд осолдсон завь манайд бүртгэлгүй хийлдэг завь байж таарсан. Манай далайн захиргааны газар усан замын тээврийн хэрэгсэл буюу завь хөлөг онгоцны улсын бүртгэл дээр нь жил бүр техникийн хяналт шалгалт, үзлэг хийдэг. Хөвсгөл, Өгий хоёр дээр хяналтын посттой. Бусад дээр нь хараахан хяналтын пост байгуулж амжаагүй байна. Тэгэхээр бидний хяналтаас гадуур хувь хүмүүс, хийлдэг гудастай гараад эндэх тохиолдол байгаад байх шиг байна. Манай улсад завь үйлдвэрлэгч улс биш болохоор ихэнх нь БНХАУ, АНУ, Япон, Канад, Шинэ Зеланд, ОХУ зэргээс завь, усан мотоцикл оруулж ирдэг. Гаалиар орж ирж байгаа завь зэрэгт тавих шаардлага, хорио цээр гэж байхгүй байна. Хийлдэг завийг бараан дотроо оруулж ирж зараад дараа нь хяналт шалгалт хийгдээд манайд бүртгүүлье гэхээр гаалийн бүртгэлд бичиг баримт байгаад байна. Энэ асуудалд анхаарах шаардлагатай. Аялал зугаалгын улирал дуусах тал руугаа хандаж байна. Гэсэн ч гол усны ойролцоо, өөрт тохирсон аврах хантаазтай усан тээврийн хэрэгсэл дээр гарч байгаарай. Заавал тухайн тээврийн хэрэгслийн тусгай зөвшөөрөл, бүртгэлтэй юу, мөн тэр завьчин үнэмлэхтэй юу гэдэг бусад бичиг баримтыг шалгаж байгаарай.
ОБЕГ-ын цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Ууганхүү: Стандартын бус хэрэгслүүд ослын нэг шалтгаан болдог
-Усны ослын тохиолдлуудын нэлээдгүй хувь нь зориулалтын бус хөвөгч хэрэгсэл, хийлдэг гудас зэрэг дээр хүүхдээ хөвүүлж байгаад осолдсон тохиолдлууд байна. Баян-Өлгий аймгийн Улаан-Ус сумын ногоон нуурын эрэг дээр гэхэд гэр бүлийн таван хүн, нэг нь сэлэх гэж ороод живсэн араас нь дөрвөн хүн живсэн хүнээ аврах гэж ороод гэр бүлийн таван хүн амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарсан. Тухайн нуур нь хүн очиж сэлээд байдаггүй эргээсээ хоёроос гурван метр яваад огцом гүнзгий болдог нуур байдаг. Ийм осол аюул тулгарсан үед маш богино хугацаанд авхаалж самбаа гаргахад хэцүү байдаг тул эхнээсээ гол нуур луу орохгүй байх нэг нэгэндээ хараа хяналт тавьж, ойр тойрны хүмүүстээ сэрэмжлүүлдэг, мэргэжлийн байгууллагуудын гаргасан заавар зөвлөмжийг дагаж эхнээсээ урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч анхаарч урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Голын усны аюул гэдэг өөрөө бусад осолтой харьцуулахад богино хугацаанд болоод өнгөрдөг тэр болгон түргэн тусламж очиж аврах үйл ажиллагаа явуулах тийм боломж байдаггүй. Иймд тухайн хүний аюулгүй байдлаа хангаж байгаа нөхцөл байдлаас шалтгаалж байгаа. Хийлдэг гудас, хөвөгч зэрэг нь зориулалтын бус хийсэн материал нь хэврэг мөн эдгээр нь гүехэн тогтоол ус, усан бассейнд ашиглахад зориулагдсан байдаг. Том нуур урсгал устай газар эдгээр нь усанд осолдох эрсдэлийг нь нэмж өгч байдаг. Хөвөгч цагираг зэргийг хүүхэд зүүцэн байж байгаад урсгал усанд хөмрөөд толгой нь доош харах, мөн хийлдэг завь гудас хөвж яваад янз бүрийн үзүүртэй зүйлд урагдах, томоохон нууранд салхинд туугдан гол руу нь явах ийм тохиолдлууд их гарч байна. Энэ бүгд нь стандартын бус юм.
-Стандартын хэрэгсэл гэж байна уу?
-Стандартын гэдэг нь амралт аялал зугаалгын газрууд ОБЕГ-ын газрын хэрэглэж байгаа шаардлага хангасан завь аврах хантааз гэх мэтийг хэлдэг. Аялал зугаалгын газрууд нь аялагчдаа томоохон гол мөрнүүдээр аялуулахдаа аврах хантааз зүүлгэж техникийн үзлэгт орсон завиар аялуулах гэх зэрэг шаардлагууд тавигдсан байдаг. Мөн иргэд завь хөвөгч хантааз гэх мэт аяллын хэрэгсэл авахдаа стандартын шаардлага хангасан үгүйг шалгаж авах гээд бизнес эрхлэгч хувь албан байгууллагууд гэхээс илүү иргэдийн өөрсдийн хариуцлагын асуудал юм. Мөн авлаа гэхэд иргэд маань өөрсдөө түүнийгээ ашиглаж чадах уу жолоодох сэлүүрдэх гэх мэт нь бас асуудал дагуулдаг.
“Хүүхдээ голын усанд бүү эрхлүүлээч ээ”
2023 онд нийт 30 хүүхэд усанд осолдож амь насаа алдсан бол энэ оны эхний зургаан сард есөн хүүхэд, долоон сард есөн хүүхэд, амь нас хохирсон байна. Өөрөөр хэлбэл, жил бүр зөвхөн усанд осолдож бүтэн нэг ангийн хүүхдүүд амь насаа алдана гэдэг бол үнэхээр харамсалтай бөгөөд манай улс шиг цөөхөн хүн амтай улсад бол өндөр нөхцөл байдал юм. Мөн сүүлийн арван жилд Монгол Улсад 10044 хүн голын усанд амиа алдсан. Үүний 71.4 хувь нь том хүн. 28.9 хувь нь хүүхэд. Усны ослоор иргэн амь насаа алдсан гэдэг тоог зүгээр нэг сонсоод өнгөрөхгүй байгаасай. Өөрт нь, гэр бүлийн ойрын хүнд нь тохиолдоогүй бол сонсоод, харамсаад өнгөрдөг. Усанд ам гарч болохгүй гэдэг. Гай хийсч ирдэг. Иргэн бүр анхаарал сэрэмжтэй байвал бид энэ тоог эхлүүлэх ч шаардлагагүй шүү дээ. “Амь насандаа хайртай байя” хэмээн нийтлэлээ өнгөрлүүлье.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 156 (7400)
2024/08/15Шинэ мэдээ
Энэ жилийн тэмцээнийг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зохион байгуулсан бөгөөд дартс, ширээний теннис, шатар, сагс, гар бөмбөг гэсэн таван төрлөөр аваргуудаа шалгаруулсан байна.
2024/08/15Шинэ мэдээ
Тус ээлжинд Онцгой байдлын байгууллагаас 11 алба хаагч үүрэг гүйцэтгээд ирсэн юм.
2024/08/15Шинэ мэдээ
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Мягмардоржоор ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Онгой комисс болон 11 алба, 24 мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулсан юм.