“Онцгой мэдээ” сонины “Хобби” булангийн энэ удаагийн дугаарт Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Х.Чинзоригийг урилаа.
Тэрбээр 2003 оноос хойш 21 дэх жилдээ Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэж байна. Анх 2003 оны тавдугаар сард Булган аймгийн тухайн үеийн Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал унтраах 20 дугаар ангид гал сөнөөгчөөр ажлын гараагаа эхлүүлсэн. Улмаар 2012-2023 онд Гал түймэр унтраах 50 дугаар ангид салааны захирагч, 2013-2017 онд Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагч, 2017-2018 онд Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн захирагч, 2018-2019 онд Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, 2019 оноос Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчаар ажиллаж байна.
-Бага ангийн сурагч байхаасаа л зураг зурах сонирхолтой, чөлөөт цагаараа зургийн дэвтэр, харандаа бариад суудаг хүүхэд байж. Тэрхүү авьяас нь Онцгой байдлын байгууллагад орсон үед нь ажилд хэрэг болж, албаны хэмжээний бүхий л бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож байна. Тухайлбал, алдрын булан, байгууллагын хаяг, сурталчилгааны самбар гээд гараар хийх боломжтой бүхнийг хийж, туршлага хуримтлуулжээ.
-Цагдаагийн академид сонсогч байхдаа ангийнхаа найзын хамтаар уран хайчилбар хийсэн нь түүний анхны оролдлого. Түүнээс хойш найз, нөхдийнхөө захиалгаар зураг хайчилж, ур чадвартай гэдгээ харуулсан байна. Улмаар III курсийн сонсогч байхдаа сургуулийн хэмжээнд өөрийн хийсэн хайчилбар зургаараа үзэсгэлэн гаргасан нь багш, ажилчид, сонсогчдоос “ажлын” олон санал хүлээн авчээ. Тухайлбал, Цагдаагийн академийн үе, үеийн Онц төгсөгчдийн алдрын буланг шинэчилж, магистрын тэнхэмийн тохижилтын ажилд гар бие оролцжээ.
-Харин сургуулиа төгссөнөөс хойш хайчилбар хийх цаг нь хомс болсон ч шаардлагатай тохиолдолд зураг хайчилж суух нь түүний хобби. Сүүлийн үед хүний цээж зургийг хар, цагаанаар ялган хайчилж, эсгий болон модоор гар урлал сувинер хийдэг болсон байна.
-Анх бэлтгэл хурандаа /Булган аймгийн Онцгой байдлын дарга асан/ Д.Ууганбаярын дүрсийг хар, цагаан өнгийн хуулга ашиглан жижигхэн хэмжээгээр хийж өгсөн нь олон хүний “таашаалд” нийцжээ. Ажлын санал ч олноор ирж, ОБЕГ-ын даргын зөвлөлийн гишүүдийн зургийг хар, цагаанаар хайчилж өгсөн нь түүний бүтээлүүдээс хамгийн онцлогтой нь.

-“Монголын нууц товчоо” номонд зурагдсан хар зургаас Чингис хааны зургийг массштаблаж томруулж зурж байгаад хайчилбар болгосон нь түүний бие даасан анхны бүтээл бөгөөд түүнээс хойш хайчилбар хийхдээ илүү “сонирхолтой” болж, хоббигоо хөгжүүлэх болжээ.
-Хайчилбараа хийхдээ цаас, хуулга, мод эсгий зэргийг ашигладаг. Нарийн, чимхлүүр ажил учраас олон цагийг зарцуулах шаардлага ч гардаг байна. Мөн хүнээс ур ухаан, тэвчээрийг ч шаарддаг.
-Найз, нөхдийн хурим, найр, төрсөн өдрийн бэлгэнд өөрийн хийсэн бүтээлээ бэлэглэх дуртай. Захиалга өгвөл дуртайяа хүлээн авах болно гэдгээ ч илэрхийлсэн. Үнийн хувьд хийц, хэмжээнээс хамаараад янз бүр.

-Хамгийн сүүлд Гал түймэр унтраах, аврах ангийн барилгын макетыг хийсэн. Цаас, хавтан, мод, металл, тог цахилгаан холболт гээд ашиглаж болох зүйлсийг оролцуулж, богино хугацаанд “урлаж” дуусгасан байна. Энэхүү бүтээлээ сая төгрөгөөр “үнэлүүлсэн” нь хамгийн өндөр өртгөөр худалдаалсан бүтээл болжээ.

2024/08/15
Шинэ мэдээОнцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.
2024/08/15
Шинэ мэдээУулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.
2024/08/15
Шинэ мэдээБайгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.