Д.Мижиддорж: Жолоочийн ажил хүнээс олон төрлийн авьяас шаарддаг

A- A A+

Байгууллагын 2023 оны "Шилдэг жолооч" Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Д.Мижиддоржийг #Nematimisшинэоныанхнызочноор онцолж байна.

Намайг Донровжамцын Мижиддорж гэдэг. Онцгой байдлын байгууллагад 20 дахь жилдээ ажиллаж байна. Гурван хүүхэдтэй. Том хүү аавыгаа залгамжлан аврагч болсон. Эхнэр маань аймгийн Нэгдсэн эмнэлэгт эх баригчаар ажилладаг. Эхнэр хорвоод мэндлэх үрсийг өлгийдөн авч айл гэрт аз жаргал бэлэглэдэг. Хүү бид хоёр бусдын амь нас, эд хөрөнгийг аврах ажил хийдэг. Гэр бүлээрээ хүн баярлуулж яваадаа сэтгэл хангалуун байдаг.

Усыг нь уувал ёсыг нь дага гэдэгчлэн энэ байгууллагын эд эс нь болж яваа хүний хувьд цэрэгжилт, бие бялдрын зохистой харьцаатай байхыг хичээдэг. Дугуйн спортын III зэрэгтэй. Хожуу хичээллэж эхэлсэн хэдий ч улс, бүсийн тэмцээнээс хэд хэдэн медаль авсан.

Гал түймэр унтраах автомашины жолоочоор анх 2003 онд ажилд орсноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж 2023 оны “Шилдэг жолооч” шагналтан боллоо. Мэдээж 20 жил гэдэг богино хугацаа биш болохоор гал түймэр, гамшиг ослын олон дуудлагад үүрэг гүйцэтгэжээ. Хамгийн бэрхшээлтэй дуудлага 2007 онд болсон усны осол байсан санагдаж байна. Хүмүүс говьд усны аюул бага гэж ойлгодог. Гэтэл говийн ус хангайнх шиг урсгал биш. Тогтмол учраас шавар ихтэй. Дотор нь ороход орчны харагдах нөхцөл байдал муу байдаг онцлогтой. Нууранд хүн осолдсон тэр дуудлагад манай алба хаагчид 24 цаг ажиллаж, Налайх дүүргээс нэмэлт хүч авч ажиллаж байв. Зарим дуудлагын үед өдөржин явж хүрээд, үүргээ гүйцэтгээд буцаад шөнөдөө гарч тасралтгүй олон цаг жолоо барих хэрэг ч гарна.

Бие бүрэлдэхүүнийг дуудлагын голомтод аль болох богино хугацаанд, найдвартай авч очиход техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал хамгийн чухал. Дуудлагад явж байхад өөрсдөө цасанд суух, техник л юм чинь машин эвдрэх тохиолдол гарна. Онцгой байдлын нэртэй болохоос адилхан л аль нэг үйлдвэрийн машинууд. Харин түүнийг Онцгойгийнх байлгаж, техникийн найдвартай үйл ажиллагааг хангана гэдэг нь тухайн жолоочийн ур чадварыг илэрхийлдэг. Манайхан хүнээр очиж авахуулах биш, очиж хүн аврах үүрэгтэй байгууллага. Ингэж ухамсарлаж ажилладаг. Тиймээс миний хувьд дуудлагаар ажиллаж байхдаа техникийн саатал огт гаргаж байгаагүй.

Би ер нь “Хэлсэн үг, хийж буй ажилдаа эзэн бай” гэж хэлэх дуртай. Өөрөө ч үүнийг зарчмаа болгон ажиллаж, амьдарч ирлээ. Жолооч гэдэг зүгээр машин бариад явж байгаа мэт боловч хүнээс олон төрлийн авьяас шаарддаг ажил. Замд машин гэмтэж саатлаа гэхэд богино хугацаанд оношилж, засаад ажлаа цааш үргэлжлүүлээд явах нь тухайн хүний ур чадвар юм. Мөр зэрэгцэн ажилладаг уран чадварлаг жолооч нараараа маш их бахархдаг. Түүнчлэн үргэлж дэмжиж ажилладаг хамт олон, үе үеийн дарга нартаа талархал илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.

Энэрэнгүй үйлст та бүхнийхээ зүтгэлээр энэ шагналыг авлаа. Баярлалаа.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ч.Дэлэгпунцаг: Онцгой байдлын албанд жинхэнэ эрчүүд л тунаж үлддэг

Тэр үг дуу цөөтэй ч өөрийн гэсэн өвөрмөц үзэл бодолтой энгийн нэгэн алба хаагч юм. Ажилдаа чин үнэнч сэтгэлээр ханддаг түүний ярилцлагыг хүлээн авна уу.

Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн спортын тэмцээнд ажмилттай оролцлоо

Энэ жилийн тэмцээнийг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зохион байгуулсан бөгөөд дартс, ширээний теннис, шатар, сагс, гар бөмбөг гэсэн таван төрлөөр аваргуудаа шалгаруулсан байна.

БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Тус ээлжинд Онцгой байдлын байгууллагаас 11 алба хаагч үүрэг гүйцэтгээд ирсэн юм.