Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймгийн 1 сумд 0.8 мм, Увс аймгийн 3 суманд 8.0 мм, Ховд аймгийн 3 суманд 1.0 мм хүртэл цас орж, тус 3 аймаг болон Говь-Алтай аймгийн нутгийн зарим газраар цасан болон шороон шуурга,  Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Архангай, Хөвсгөл, Булган, Төв аймгийн зарим, Сэлэнгийн ихэнх сумдын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -4...-9 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр -4...+1 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэрлэн, Онон голын хөдийгөөр +5...+10 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +11...+16 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ. Агаарын температур өмнөх өдрөөс 5 градусаар сэрүүсэж +3...+5 градус дулаан байна.

Төлөв байдал: 22-23-нд шилжих шөнө Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Төв аймгийн хойд, Сэлэнгийн зарим сумдын нутгаар, 23-ны өдөр Өмнөговийн зарим, Дорноговийн өмнөд, Хөвсгөл, Завханы хойд сумдын нутгаар 0.0-6.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, 24-нд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 25-нд Завхан, Хөвсгөл, Говь-Алтайн зарим сумдын нутгаар, 26-нд Төв аймгийн хойд, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм ялимгүй цас орно. 23, 24, 26-нд говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -23...-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -17...-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...+6 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна.

Гал түймэр:

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Буянт багт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.21-ний өдрийн 11:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь 72 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 6х6 метрийн хэмжээтэй байшингийн 3х3 метрийн хэмжээтэй дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.21-ний өдрийн 11:11 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 0.5 га орчим талбайд шар өвс шатаж ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, “Хүүшийн-Ам” гэдэг газарт гал гарч байна гэсэн дуудлагыг 2026.10.21-ний өдрийн 12:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход шинээр баригдаж байгаа барилгын гадна хучлага шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гүүрний зүүн хойно талд "Туул" голын бургасанд утаа гарч байна гэсэн дуудлагыг 2026.10.21-ний өдрийн 14:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 0.2 га орчим талбайд бургас, шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Дунд гарам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 88 км-т, сумын төвөөс зүүн зүгт 10 км-т/ шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.21-ний өдрийн 14:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагааннуур сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, "Гацуурт" ХХК-ийн ажилтнууд, орон нутгийн иргэд 4 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Шарга морьт” зуслангийн эцсийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.21-ний өдрийн 19:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэмшигч нь тодорхойгүй 5 айлын 3.5 га орчим талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд гал гарч  байна гэсэн дуудлагыг 2026.10.21-ний өдрийн 19:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 0.7 га талбайд шар өвс, иргэн Т-гийн хашаанд хураалттай байсан 10 ширхэг сендвичин хавтан шатаж байсныг ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 21:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт О /56 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул хэргийн газрыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.21-ний өдрийн 22:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй хашаанд 1х1 метрийн хэмжээтэй ил задгай хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрны гаднах хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.22-ны өдрийн 01:56 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход гаднах 2х4 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар баг /аймгийн төвөөс баруун зүгт 100 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 1.2 км-т/ цайны газар болон дэлгүүрээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 2026.10.21-ний өдрийн 20:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд унтраах ажиллагааг зохион байгуулж, иргэн Д-гийн 7х26 метрийн хэмжээтэй цайны газар, хүнсний дэлгүүр, 40 тн багтаамжтай чингэлэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Хэнтий аймгийн Батширээт сумын Хурх багийн "Хар гуя" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 225 км-т, сумын төвөөс баруун зүгт 35 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2026.10.21-ний өдрийн 13:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Батширээт сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19:30 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймэрт 104 га орчим талбай,  малчин О-гийн 1500 боодол өвс, 36х74 метрийн хэмжээтэй малын саравч, 20х40 метрийн хэмжээтэй өвсний хашаа, 4х6 хэмжээтэй байшин өртсөн.         

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Жаргалтын-Ам гэдэг газар шар өвс шатаж, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2026.10.21-ний өдрийн 19:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, мөн өдрийн 20:33 цагт цурамд оруулж, 10.22-ны өдрийн 01:20 цагт бүрэн унтрааж, Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албанд хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар түймэрт 12 га орчим талбайд шар өвс,  3 га орчим талбайд мод, хөвд өртөж шатсан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Голын мөс цөмөрсөн: Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хийд багийн "Хэрлэнгийн гүүр" гэдэг газар бага насны 2 хүүхэд “Хэрлэн” голын мөсөн дээр тоглож байхад нь мөс цөмөрч, голын салаа руу эсэн мэнд гарсан бөгөөд эрэг рүү буцаад гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 2026.10.21-ний өдрийн 17:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход тус аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн оршин суугч Э /10 настай, эрэгтэй/, Э /10 настай, эрэгтэй/ нар “Хэрлэн” голын салаанд байсныг эсэн мэнд гаргаад ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Маш” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ малчин А нь 10.15-ны өдрийн 07:00 цагийн орчим малаа хайж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.15-ны өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн анги, ар гэрийнхэн иргэн А /26 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 

Цасанд болон голын усанд суусан: Ховд аймгийн Буянт сумын Хар цохио багийн “Далтын-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урт 35 км-т, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т/ Дуут сумаас Жаргалант сумын чиглэлд зорчиж явсан 9 зорчигчтой 2 суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2026.10.21-ний өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход “Уаз 29891” загварын 3 зорчигчтой суудлын автомашин, “Toyota Land Cruiser 80” загварын 6 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан байсныг татан гаргасан.

Багануур дүүргийн 5 дугаар хороо, Хөдөө хэсгийн “Дивизийн гарам” гэдэг газар 2 зорчигчтой суудлын автомашин "Хэрлэн" голын усанд живж байна гэсэн дуудлагыг 2026.10.22-ны өдрийн 01:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн ээлжийн алба хаагчдыг очиход "Mercedes benz G320" загварын суудлын автомашин “Хэрлэн голын усанд сууж, тус автомашины жолооч А /40 настай, эмэгтэй/, зорчигч Д /32 настай, эрэгтэй/ нар автомашин дотроо байсныг аварч, автомашиныг татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, туршлага солилцлоо

Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, туршлага солилцлоо

Invitation for Bids

Invitation for Bids