С.Сүхтогоо: Эрүүл байхад бүх зүйл байдаг

A- A A+

Хос тангараг өргөнө гэдэг ховорхон хувь тохиол. Эх орон, хүн ардынхаа аюулгүй байдлын төлөө цаг наргүй зүтгэдэг алба хаагчдынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үүргийг биелүүлнэ гэдэг үгээр хэлшгүй сайхан мэдрэмж. Бүгд л нэг нэгнийхээ сайн, сайханы төлөө эрдэм мэдлэг, энэрэх сэтгэлээ зориулдаг нь хүний амьдралын  утга учир гэж боддог хэмээн өгүүлэх Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын эмч, сэтгэлзүйч, ахмад С.Сүхтогоог энэ удаагийн nematimes ярицлагын булан онцолж байна.

- Миний бие Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрж, өссөн. Төрөлх сумынхаа 10 жилийг сургуулийг дүүргэж, 2019 онд АШУҮИС-ийг зүү төөнө заслын их эмч мэргэжлээр төгссөн. Дөрвөн хүүхэдтэй айлын гуравдахь нь. Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгээд 7 жил болж байна. Алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр эрүүл амьдралын дадал зуршлыг хэвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол, бие бялдрыг чийрэгжүүлэх үйл ажиллагааг аймгийн хэмжээнд төлөвлөн, хэрэгжүүлж байна. Албанд томилогдоод хамгийн анх “Онцгой мэдээ” сонинд сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих мэдээ бэлтгэж өгч байлаа.

-Ажиллах хугацаандаа 8000 гаруй ард иргэд, сурагчдад анхны тусламжийн сургалт, дадлага хийж, иргэдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэхэд гар бие оролцсон. Онцгой байдлын байгууллагын нэг давуу тал нь хүний нөөцөө хөгжүүлэх чиглэлээр бүхий л төрлийн сургалтыг тогтмол зохион байгуулдаг. Онцгой байдлын ерөнхий газар, АШУҮИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд 2023 онд “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв”-д мэргэшүүлэх сургалтад хамрагдаж,өнгөрөгч тавдугаар сард Бүгд найрамдах Тайланд улсад гамшгийн эрдслийн чиглэлээр мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн.

-Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар 2021 онд Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргах ажиллагаанд оролцсон 120 гаруй албан хаагчийн эрүүл мэндийг хамгаалах үүргийг хоёр эмчийнхээ хамтаар гүйцэтгэж байлаа. “Ковид-19” цар тахлын төгсгөл үед тэнд ажилласан алба хаагчдынхаа эрүүл мэнд, сэтгэл зүйг хариуцан ажилласандаа баяртай байдаг. Манай алба хаагчид өдөр бүр 2-4 цагийг 12-16 метрийн гүнд шумбалт хийнэ, нууран дээр олон цагаар ажилладаг гээд онцлог их байсан. Өнгөрсөн жил Сэлэнгэ аймгийн Хүдэр, Цагаан нуур сумдын нутагт гарсан ойн түймрийг унтраах ажиллагаанд өөрийн хүсэлтээр алба хаагчидтайгаа хамт 14 хоног ажилласан. Түймрийг унтраах ажиллагаанд оролцож, алба хаагчдынхаа эрүүл мэндийг ч сахин хамгаалсан.

-Дартс, гүйлтийн спортоор хичээллэдэг. Дартсын спортын II зэрэгтэй. Ном унших, ууланд алхах дуртай. Энэ жил Эрдэнэт хотын 50 жилийн ойд зориулсан “Эрдэнэт марафон”-ны хагас марафон-21 км-ын төрөл, “Дархан марафон”-ны 10 км төрөлд өөрийн цагаа амжилттай ахиулан оролцсон. Эрүүл байхын үндэс нь эрүүл мэндийн боловсролтой байх. Юуг хэрэглэх, юуг хэмжээнд нь тааруулах, юунаас татгалзахаа мэддэг байх л эрүүл биеийн үндэс болно. Мэдээж дасгал, хөдөлгөөн хамгийн чухал. Эрүүл байхад бүх зүйл байдаг.

-Манайх ам бүл дөрвүүлээ. Эхнэр, хоёр хүүгийн хамт амьдардаг. Эхнэр С.Эрдэнэтунгалаг Орхон аймгийн Эрүүл мэндийн газарт эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчаар ажилладаг.  Анагаахын оюутан болоод I курстээ анх танилцаж байлаа.  Том хүү С.Тэргүүн урлагийн төрөлжсөн сургалттай “Уран эгшиг” сургуулийн I ангид суралцдаг.  Бага хүү С.Эрхэм 3 настай, цэцэрлэгт хүмүүжиж байна.

-Хамгийн том зорилго минь хүн байх. Ирээдүйн зорилго, мөрөөдөл бол өдөр тутмын үйлдлээс эхлэлтэй гэж боддог. Өнөөдрийн зорилго эрүүл байх, албаныхаа нэрийг аав нэр адил нандигнаж явах. Цэргийн хүний дэг журамтай, зарчимч зан чанар хувь хүндээ ч давуу тал болдог. Монгол орныхоо өнцөг булан бүрт үүрэг гүйцэтгэж байгаа нийт ажилтан, алба хаагчдадаа эрүүл энхийн дээдийг хүсэн ерөөе.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн аврагч-2026: Чингэлтэй дүүргийн “Хангарди” бүлэг улсын аварга боллоо

Тэмцээнд бүс, бүсээс шалгарсан 8 багийн 64 өсвөрийн аврагч оролцож, жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, усанд осолдогчийг аврах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүч, авхаалж, самбаа сорих, химийн хордолт, гал унтраах гэсэн долоон цэгт даалгавар гүйцэтгэж, аваргуудаа шалгарууллаа.

Бүс, бүсээс шалгарсан 8 багийн 64 өсвөрийн аврагч улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо

Онцгой байдлын ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдааныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.

Энгийн болон тусгай зөвшөөрлийг урт хугацаагаар олгодог боллоо

Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт