Д.Бат-Од:Аавынхаа захиасыг ажил, амьдралынхаа зарчмаа болгосон

A- A A+

-Хүн бүрийн мэргэжлийн сонголт өөр, өөрийн гэсэн шалтгаан бас мөрөөдөлтэй холбоотой байдаг. Хамгийн чухал нь өөрийн чин хүсэл, хичээл зүтгэл. Тийм дээ ч тууштай суралцаж, өөрийгөө хөгжүүлж бас мэргэшсэн байхыг, зөв байхыг эрхэмлэдэг байх. Энэ удаагийн #nematimes булан Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлагын төвийн дарга, бүсийн шуурхай удирдлагын зохицуулагч, ахлах дэслэгч Д.Бат-Одыг онцолж байна.

-БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Инженерийн их сургуульд сүлжээний инженерийн чиглэлээр суралцаж ирээд ажил, үүргээ гүйцэтгэж байна. Дэлхийн 74 орны 180 орчим офицертой хамт суралцаж, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, туршлага, дадлагаа харилцан солилцсон гэдгээрээ онцлог байлаа. Мөн гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлж, танилын хүрээгээ тэлсэн гээд албаны ч тэр хувь хүнийхээ хувьд олон боломж, ач холбогдлыг бий болгосон.

-Миний бие Онцгой байдлын байгууллагад 16 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Анх 2010 онд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах  22 дугаар ангид аврагч-гал сөнөөгчөөр ажлын гараагаа эхлүүлж, 2019 оноос тус ангид салааны захирагчийн туслах, 2021 оноос Онцгой байдлын газарт холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр үүрэг гүйцэтгэж байгаад энэ оны есдүгээр сарын нэгний өдрөөс Шуурхай удирдлагын төвийн дарга, бүсийн шуурхай удирдлагын зохицуулагч албан тушаалд томилогдон ажиллаж байна.

-Бүсийн хэмжээнд үүссэн болон үүсэж болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын талаарх мэдээ, мэдээллийг шуурхай хүлээн авч, удирдлагад танилцуулж, хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд удирдлага зохион байгуулалтаар хангах нь ажлын гол онцлог. Мөн тухайн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, шаардлагатай хүч, хэрэгслийн тооцоог гаргах, холбогдох байгууллага, нэгжүүдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгтэй. Тиймээс шуурхай байдал, зөв тооцоо, нарийн зохион байгуулалт, оновчтой шийдвэр, өндөр хариуцлагыг шаарддаг.

-Би удам дамжсан алба хаагч. Миний аав Л.Даваасүрэн Онцгой байдлын албанд 28 жил аврагч-гал сөнөөгчөөр ажилласан. Багаасаа аавынхаа ажил, албыг харж өссөн учраас энэ албаны онцлог, үнэ цэнэ, хариуцлагыг маш сайн ойлгодог учраас энэ албыг сонгосон. Дархан хотод төрж, өссөн. Айлын том, охин дүүтэй. Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийг 2004 онд төгсөж, улмаар Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Дархан дахь салбарыг 2008 онд компьютер, программ хангамж мэргэжлийг эзэмшсэн.

-Ажлын бус цагаараа фитнесээр хичээллэж, бие бялдрын бэлтгэлээ хангахыг хичээдэг. Мөн найз нөхөдтэйгөө салхинд гарч, чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай. Фитнесээс гадна сагсан бөмбөг, гар бөмбөг тоглох дуртай. Мөн шатар, даам зэрэг оюуны спортыг сонирхдог. Спорт хүнийг зөвхөн бие бялдрын хувьд хөгжүүлээд зогсохгүй тэсвэр тэвчээр, багаар ажиллах чадвар, хурдан сэтгэж шийдвэр гаргах чадварт ч эерэг нөлөө үзүүлдэг.

-Манайх ам бүл дөрвүүлээ. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань хувийн байгууллагад нягтлан бодогчоор ажилладаг. Том охин есдүгээр ангид, хүү тавдугаар ангид суралцаж байна. Ажил, амьдралын хамгийн том түшиг тулгуур, урам зориг, утга учир болсон хань, үр хүүхдүүддээ маш их хайртай шүү.

- Онцгой байдлын албанд орж байхад аав минь “Миний хүү, өөрийнхөөрөө л байгаарай” гэж захиж байсан.  Энэ нь ажил алба, амьдралд гээд бүхий л нөхцөлд өөрийн үнэт зүйл, зарчим, хүн чанараа алдахгүй байх, бусдыг дуурайж хэн нэгэн болох гэж хичээхээс илүү өөрийнхөөрөө зөв явж, хийсэн зүйлдээ эзэн болж, хүлээсэн үүрэгтээ үнэнч байхыг чухалчилсан байсныг он цаг өнгөрөх тусам л ухаарч, ойлгож байна. Тиймээс аавынхаа захиасыг ажил, амьдралынхаа зарчим болгосон. Эрхэлсэн ажил, хүлээсэн үүргээ нэр төртэй, хариуцлагатай гүйцэтгэхийг чухалчилдаг. Нөгөө талаас офицер хүн өөрийн гаргасан шийдвэр, хийсэн үйлдэл бүрдээ хариуцлага хүлээж чаддаг байх нь чухал. Хариуцлага намайг үргэлж өөрийгөө хөгжүүлж, зогсолтгүй урагшлахад хөтөлдөг.

-Онцгой байдлын албаны хамгийн том онцлог нь багаар, хамт олноороо ажиллаж, аливаа гамшиг, осол, хүнд нөхцөл байдлыг хамтын хүчээр даван туулдагт оршдог. Энэ албанд ажилласан он жилүүд надад хамтын ажиллагааны үнэ цэнийг ойлгуулж, сахилга бат, хариуцлага, тэсвэр тэвчээр, сэтгэл зүйн хатуужлыг төлөвшүүлсэн. Хамгийн гол нь хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах энэрэнгүй, буянтай үйлсийн төлөө ажилладаг байгууллагын нэг хэсэг болж яваадаа үргэлж бахархдаг.

-Зоригтой байна гэдэг эрсдэлийг үл тоохын нэр биш. Харин нөхцөл байдлаа зөв үнэлж, мэдлэг, ур чадвартаа тулгуурлан ухаалаг шийдвэр гаргаж, аюулгүй ажиллагаагаа ханган зоригтой ажиллахыг хэлнэ гэж боддог. Тиймээс залуу боловсон хүчин болон шинээр үүрэг гүйцэтгэж эхэлж байгаа залуу алба хаагчдадаа мэдлэгтэй, сахилга баттай, бэлтгэлтэй байж, ухаантай бөгөөд зоригтой алба хаагаарай гэж зөвлөмөөр байна.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Д.Бат-Од:Аавынхаа захиасыг ажил, амьдралынхаа зарчмаа болгосон

- Онцгой байдлын албанд орж байхад аав минь “Миний хүү, өөрийнхөөрөө л байгаарай” гэж захиж байсан. Энэ нь ажил алба, амьдралд гээд бүхий л нөхцөлд өөрийн үнэт зүйл, зарчим, хүн чанараа алдахгүй байх, бусдыг дуурайж хэн нэгэн болох гэж хичээхээс илүү өөрийнхөөрөө зөв явж, хийсэн зүйлдээ эзэн болж, хүлээсэн үүрэгтээ үнэнч байхыг чухалчилсан байсныг он цаг өнгөрөх тусам л ухаарч, ойлгож байна.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт томилгоот 526 бие бүрэлдэхүүн, 60 нэгж техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын бэлтгэл, бэлэн байдал, бие бүрэлдэхүүний хүн нэг бүрийн үүргэвчний зохион байгуулалт, техник хэрэгслийн ашиглалт, холбоо зарлан мэдээллийн дамжуулах ажиллагаа, харилцан ажиллагааны уялдаа холбоо нь гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед үүрэг гүйцэтгэхэд чухал үүрэгтэй бөгөөд байнгын бэлэн байхыг шаарддаг онцлогтой юм.

Сонгон шалгаруулалтын урилга

Онцгой байдлын ерөнхий газраас алба хаагчдынхаа нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор өөрийн эзэмшлийн талбайд хэрэгжүүлж буй “Онцгой хотхон” 512 айлын орон төслийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж дуусгах чадвар бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.