Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай аймгийн 7 суманд 2 мм, Завхан аймгийн 1 суманд 7 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: 23-ны өдөр Говь-Алтай, Архангайн ихэнх сумд, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөлийн зарим сумд, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд сумд, Булган, Төв аймгийн өмнөд сумдын нутгаар 0.0-7.0 мм бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +6...+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар +14…+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20…+25 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг, оройдоо бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Өмнөх өдрөөсөө 3 градусаар сэрүүсэж +11..+13 градус дулаан байна.
Төлөв байдал: 23-24-нд шилжих шөнө Баян-Өлгий, Ховд, Хөвсгөлийн зарим сумд, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Булган, Сэлэнгэ, Хэнтийн өмнөд, Архангай, Төв аймгийн ихэнх сумдын нутгаар, 24-ний өдөр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн зарим сумд, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Хэнтий, Дорнодын өмнөд, Сүхбаатарын хойд сумдын нутгаар, 24-25-нд шилжих шөнө Завхан, Хөвсгөл, Архангайн зарим сумд, Дорнодын зүүн сумдын нутгаар, 25-ны өдөр Хөвсгөл, Архангайн ихэнх сумд, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумд, Завхан, Төв аймгийн зарим сумдын нутгаар, 26-нд Сэлэнгэ, Төв, Хэнтийн ихэнх сумд, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 27-нд Увс Завхан, Хөвсгөлийн хойд сумд, Хэнтий, Сүхбаатарын зарим сумд, Дорнодын ихэнх сумдын нутгаар зүүн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр 0.0-15.0 мм бороо, нойтон цас орно. Салхи 24-нд говь талын нутгаар, 26-27-нд нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж шөнөдөө Завхан, Заг, Байдраг голын эхээр -5...-10 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -4...+1 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +10...+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +6...+11 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.
Гал түймэр:
Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-гийн 5 ханатай гэр эд зүйлийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн “Хөдөө булаг” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 191 км, сумын төвөөс хойд зүгт 9 км, Зэрэг сумын төвөөс урд зүгт 51 км/-т ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь 70 дугаар ангийн алба хаагчдыг очиход Ховд аймгаас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Г-гийн эзэмшлийн “Shaanxi Shacman-SX4250XC4Q” загварын 40 тн цемент ачиж явсан зүтгүүр автомашины чиргүүлийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 8х9 метрийн хэмжээтэй байшингийн галлагааны өрөөний дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багт автомашин шатаж байна гэх дуудлагыг 12:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Beiben North Benz-ND1253” загварын хог ачиж явсан өөрөө буулгагч автомашины арын 6 дугуй шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороонд утаа гараад гарч байна гэсэн дуудлагыг 13:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэн нь тодорхойгүй 1 өрөө байранд эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 7 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг 13:39 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 70 метр.кв 3 өрөө байрны гал тогоонд угаалгын машин шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 2 хүүхэд аюулгүй газар гаргасан.
Баянгол дүүргийн 3 дугаар хороонд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 14:24 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 10х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 19:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 59 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 2x4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн "Мэргэн хөтөл" гэдэг газарт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 21:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь 20 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн эзэмшлийн “Prius-20” загварын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цагаан-Овоо 3 дугаар багт айлын хашаанд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 23:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн эзэмшлийн хашаанд 3000 боодол өвс бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг н09.23-ны өдрийн 04:13 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 8х12 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг, эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Гун багийн “Бүсийн гол" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 275 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 110 км-т/ ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн 320 дугаар тэмдэгтээр ойн гал түймэр орж ирсэн тухай дуудлагыг 09.15-ны өдрийн 19:45 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Улаан-Уул сумын Мэргэжлийн ангийнхан ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж 09.22-ны өдрийн 11:00 цагт цурамд оруулж, 3 бүлэгт хуваагдан түймрийн өртөнг ихтэй хэсгүүдийг унтрааж, цэвэрлэгээ хийн бүрэн унтраахаар ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/09/23
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2026/09/23
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо