Түймрийн улирал: Хагас жилд 1.2 сая га газар нутаг галд шатаж, иргэд 6.5 тэрбум төгрөгөөр хохирлоо

A- A A+

Намрын хуурайшилт ихтэй, хур тунадас бага зурвасхан үе бол ой хээрийн түймэр гарах хамгийн эрсдэлтэй цаг хугацаа. Есдүгээр сарын дундаас арваннэгдүгээр сарын 10-д хүртэл бүх нийтээрээ анхаарал болгоомжтой байхгүй л бол газар нутаг, мал хуй, хашаа хороо, эд хөрөнгөөрөө хамгийн их хохирдог. Энэ жил ч хуурайшилт их тэр хэрээр гал түймрийн эрсдэл өндөр байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар, аврагчид амрах эрхгүй ажилласаар байна. Сүүлийн хэд хоногт л гэхэд Завхан аймгийн Их-Уул суманд 1.4 га талбай, Дорнод, Сүхбаатар аймагт маш том газар нутгийг хамарсан түймэр дэгдлээ.

Манай улсад он гарсаар өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд нийслэлийн хоёр дүүрэг, 12 аймгийн 59 суманд 157 удаагийн буюу ойн 41, хээрийн 115 түймрийн дуудлага онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ. Тэр дундаа хээрийн гал түймэр зонхилж байгааг анхааруулсаар байна.

Дээрх түймрийн хамгийн их нь буюу 49 нь Дорнод, 31 нь Сүхбаатар, 28 нь Хэнтий аймагт гарсан бол урьдчилсан байдлаао ойн 33.229 га,  хээрийн 1.125.745 га талбай нийт 1.158.974 га талбай галд өртөж шатсан байна.

Өөрөөр хэлбэл, жил ч хүрэхгүй хугацаанд бидний хайхрамжгүй, буруутай үйлдлээс болж 1.2 сая га талбай галд шатжээ. Энэ бол жижиг хэмжээ биш. Уртаар нь яривал 11 мянган км газар нутагтай тэнцэнэ.

Мөн аврагчид ой, хээрийн түймрийн аюулаас 49 гэр, 25 өвөлжөө, хашаа саравч, 8 автомашиныг авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 3760 орчим малыг нүүлгэн шилжүүлсэн байна. Харамсалтай нь ой, хээрийн гал түймэрт 1 иргэн өртөж нас барж, 2 иргэн түлэгдэж, 12 гэр, хоёр байшин, зургаан өвөлжөө, 38 хашаа саравч, 6 автомашин техник, 131 бод, 1012 бог мал өртөж, 6.5 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсныг мэргэжлийн байгууллагууд тооцоолж гаргаж ирээд байна.

Ой, хээрийн түймрийн шалтгаан, нөхцөлийн 70 орчим хувь нь хүний санамсар, болгоомжгүй үйлдэл буюу дутуу унтраасан чүдэнз, тамхины иш гал, үнс нурам зэргээс үүдэлтэй гэсэн судалгаа бий. Тиймээс газар нутаг хуурайшилтынхаа дээд цэгт хүрч, гал л алдах юм бол түймэр болон дэгдэх эрсдэлтэй энэ цаг үед хүн нэг бүр анхаарал болгоомжтой байх шаардлагатай. Ялангуяа, ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины гал, цог нурмыг бүрэн унтрааж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхаарах хэрэгтэй юм.

Өвслөг ургамал хатаж, газрын гадарга болон ургамлын бүрхэвчийн чийг багасахын зэрэгцээ салхины нөлөөгөөр гал түймэр гарах, богино хугацаанд тархах эрсдэл нэмэгддэг. Ойн түймэр нь ой, хээрийн ургамлын бүрхэвчийг хамран тархдаг, хүний амь нас, эдийн засаг, байгаль орчинд ноцтой хохирол учруулдаг аюултай байгалийн үзэгдэл гэдгийг ОБЕГ-аас өдөр бүр, цаг мөч болгонд сэрэмжлүүлж буй.

Сонирхуулахад,Онцгой байдлын ерөнхий газраас УЦУОСМХ-ийн хиймэл дагуулын мэдээнд үндэслэн боловсруулсан 2000-2025 оны ой хээрийн түймрийн шатсан талбайн мэдээлэлд орон зайн дүн шинжилгээ хийж, 26 жилийн ой, хээрийн гал түймрийн давтамжийн зургийг боловсруулаад байна.

Энэхүү зураглалаас харахад  хамгийн олон удаа шатсан талбайн давтамж нь Зүүн бүсийн 3 аймаг буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт 26 жилийн хугацаанд нэг удаа шатсан нийт 6 сая га талбай байгаа бол 11 удаагийн давтамжтай шатсан 49 га талбай байна.

Эх сурвалж: https://www.mongoliapress.mn

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Түймрийн улирал: Хагас жилд 1.2 сая га газар нутаг галд шатаж, иргэд 6.5 тэрбум төгрөгөөр хохирлоо

Намрын хуурайшилт ихтэй, хур тунадас бага зурвасхан үе бол ой хээрийн түймэр гарах хамгийн эрсдэлтэй цаг хугацаа.

Алба хаагчид техникийн чиглэлээр мэргэшлийн ур чадвараа дээшлүүлж байна

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 20 гаруй алба хаагч хамрагдаж, автомашины орчин үеийн цахилгаан, электрон систем, бүтэц хийц, оношилгоо, засвар үйлчилгээний онолын мэдлэгийг орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмж ашигласан лабораторийн практик дадлагатай хослуулан эзэмшиж байна. 

Удирдах бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх академик сургалтаар үргэлжилж байна

Онцгой байдлын ерөнхий газар болон АНУ-ын Аляскын үндэсний гвард, Тафстын их сургуулийн холбогдох мэргэжилтэн, экспертүүд сургалтыг удирдан зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад 80 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдаж байгаа юм.