Ус, газар, экосистем, гамшгийн эрсдэлийн нэгдсэн менежментийг онцоллоо

A- A A+

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурлын “Усны өдөр”-ийн хүрээнд Цэнхэр бүсийн Засгийн газрын павильонд Монгол Улсын Шадар сайд, Онцгой байдлын ерөнхий газар, Усны газар, Стандарт, хэмжилзүйн газар хамтран арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээний үеэр “Уур амьсгал, усны гаралтай гамшгийн эрсдэл, эрт авах арга хэмжээ”, “Ус, газар, байгаль орчны талаарх ойлголт: байгалийн тогтолцоо, шинжлэх ухаан, нийгмийг уялдуулах нь”, “Ус, бүсчилсэн хөгжил ба эдийн засгийн тусгай бүс”, “Цэнгэг усны экосистемийн хамгаалал ба усны салбарын стандартчилал” сэдэвт хэлэлцүүлгийг өрнүүлж, ус–газар–экосистем–гамшгийн эрсдэлийн нэгдсэн менежментийн чиглэлээр мэдлэг, технологи, санхүүжилт, чадавх бэхжүүлэх хамтын ажиллагааны боломжийг тодорхойлсон юм.

Мөн Монгол Улсын усны нөөц, усны сав газар, газрын доройтол, үер, ган, зудын эрсдэлийн зураглал, Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгсэл, техник хэрэгслийн бүртгэл, байршлын зураг, татан гаргах ажиллагааны үе шат, үр дүн, үерийн аюул, өртөх, эмзэг байдал, учирсан хохирлын мэдээлэл, 2023–2024 оны зудын нөхцөл байдал, хор уршгийг арилгах арга хэмжээ, хүмүүнлэгийн тусламж, сургамж, ган–зудын эрсдэлийн урьдчилсан төлөв, эрт сэрэмжлүүлэг, урьдчилан таамаглалд суурилсан эрт арга хэмжээний цаг хугацааны зураглал, Монгол Улсын стандартчиллын өнөөгийн байдал, усны салбарын стандартын мэдээлэл, судалгаа, бодлогын баримт бичгийн үзэсгэлэнг дэлгэж танилцууллаа.

Энэ үеэр “Япон Улсад 301, Сингапурт 300, БНСУ-д 231 үзүүлэлтээр усны чанар, аюулгүй байдлыг шинжилдэг бол Монгол Улсад MNS 0900:2018 стандартын хүрээнд 89 үзүүлэлт тусгагдсан. Иймээс ундны усны чанарын шинжилгээний арга, тоног төхөөрөмж, лабораторийн чадавхыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх шинжилгээний арга зүйг нэвтрүүлэх шаардлагатайг Стандарт, хэмжил зүйл газраас онцолсон юм.

Манай оронд жилд дунджаар 40 шахам үер бүртгэгддэг бөгөөд 1966 оноос хойш тохиолдсон томоохон дөрвөн үер тутмын гурав нь хүн ам олноор суурьшсан, нягтаршил өндөртэй Улаанбаатар хотод тохиолдсон байна. Үерийн улмаас ундны усны эх үүсвэр бохирдох эрсдэлтэй. Тиймээс Монгол Улс ундны усанд нийт 90 шахам үзүүлэлтээр хими, микробиологи, цацрагийн шинжилгээ хийж байна.

Мөн үерийн эрсдэлийн менежментийн суурь MNS ISO 31000:2020 Эрсдэлийн менежмент-Удирдамж, MNS ISO 22301:2020 Аюулгүй байдал ба уян хатан байдал-Бизнесийн тасралтгүй байдлын менежментийн тогтолцоо. Шаардлага, MNS ISO 24512:2012 Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ–Ус хангамжийн барилга, байгууламжийн ашиглалтын менежмент болон ашиглалт үйлчилгээний түвшин үнэлэх аргачлалын стандартууд манай улсад мөрдөгдөж байна.

Монгол орны жилийн дундаж агаарын хэм 1940 оноос хойш 2.460С-аар нэмэгдсэн нь усны нөөцийн хомсдол, газрын доройтол, цөлжилт, ган, зудын давтамж, эрчмийг нэмэгдүүлж, улам бүр даамжруулж байна.

Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөөнд усны нөөц, хөдөө аж ахуй, газрын доройтол, дэд бүтэц, гамшгийн эрсдэлийн удирдлагыг дасан зохицох бодлогын тэргүүлэх чиглэлээр тодорхойлсон юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Эрт арга хэмжээ, эрт сэрэмжүүлгийн талаарх туршлагаа танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурлын “Усны өдөр”-ийн хүрээнд Цэнхэр бүсийн Засгийн газрын павильонд зохион байгуулсан үйл ажиллагааны үеэр “Уур амьсгал, усны гаралтай гамшгийн эрсдэл, эрт авах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Усны салбарын стандартчилал, гамшгийн эрсдэлийн харилцан хамаарлын талаар хэлэлцлээ

Хэлэлцүүлэгт оролцогчид усны салбарын стандартчиллын өнөөгийн байдал,цаашдын хөгжлийг талаар хэлэлцэж, ус–газар–экосистем–гамшгийн эрсдэлийн харилцан хамаарлын талаарх Монгол Улсын бодлого, шинжлэх ухаан, практикийн туршлагыг оролцогчдод нэгдсэн байдлаар хүргэсэн юм.