Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага болоод албаны хэмжээнд зохион байгуулдаг бүх төрлийн спортын тэмцээн, уралдаанд идэвхтэй оролцож, амжилтаа бататгаж, албаа сурталчилж, бусдыгаа манлайлдаг олон залуус бол бидний бас нэгэн бахархал. Өөрийгөө дайчилсан өдрүүд, өнөөг хүртэл тэмүүлсэн зорилго, итгэл найдвар, хамт олны дэмжлэг хамгийн ихээр нөлөөлдөг нь мэдээж. Тиймээс энэ удаагийн nematimes булан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Залуу офицеруудын хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан ОБЕГ-ын харьяа Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгаа, туршилт үйлдвэрийн төв 123 дугаар ангийн Хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Б. Анхзулыг онцоллоо.
-Ажлын гараагаа 2016 оны есдүгээр сард Орхон аймгийн Онцгой байдлын газрын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангид дуудлага хүлээн авагчаар эхэлснээс хойш өдгөө 10 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Энэ хугацаанд аймгийн Онцгой байдлын газарт Ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнээр 6 жил ажиллаж байгаад 2024 оны зургаадугаар сараас 123 дугаар ангид томилогдон ажиллаж байна.

-Миний бие Орхон аймгийн Жаргалант суманд төрсөн. Гурван хүүхэдтэй айлын том нь. ШУТИС-ийн харьяа Технологийн сургуулийн лицей сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшиж, мөн сургуульд механик инженер мэргэжлээр 2016 онд суралцаж, төгссөн. Гар бөмбөгийн спортоор 18 жил хичээллэж байна. Богино хугацаанд зөв шийдвэр гаргах, бөмбөгний нисэлтийн өндөр хурд хүчийг мэдэрч, өөрийнхөө чадварыг зохицуулж тоглодог гэдгээрээ онцлогтой. Ээж маань аливаа зүйлийг сурсан шиг сур гэж үргэлж захиж, охиноо дэмждэг. Онцгой байдлын байгууллагын олон төрөлт спортын аварга шалгаруулах тэмцээний гар бөмбөгийн төрөлд Хойд бүсийн баг тамирчид 5 удаа тэргүүлж, миний бие 2 удаа тэгш тоглогчоор шалгарч байлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2023 оныг Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Залуу офицерын жил” болгон зарласантай холбогдуулан зохион байгуулсан Онцгой байдлын байгууллагын “Шилдэг залуу офицер” шалгаруулах тэмцээнд тусгай байрт шалгарч, албаа төлөөлөн “Шилдэг залуу офицер” шалгаруулах тэмцээнд оролцож байлаа. Энэ жил мөн залуу офицеруудын хөгжлийн жил болгон зарлаж, олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байгаад алба хаагчийн хувьд талархал дүүрэн байна.

-Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 26, эмэгтэйчүүдийн анхдугаар тэмцээнд оролцож, довтолгооны шатны төрөлд 08:55 секундын амжилтаар мөнгөн медаль хүртсэн. Харин хойд бүсийн баг тамирчид багаараа 4х100 метрийн төрөлд хүрэл медаль, байлдааны тархалтын төрөлд мөнгөн медалийг тус тус хүртсэн амжилтыг үзүүлээд байна. Сэтгэлзүйн өндөр хариуцлага, тэсвэр, тэвчээрийг маш их шаарддаг албаны онцлогийг харуулсан энэ спортоор хичээллэж, ирэх есдүгээр сард Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотноо болох дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 21, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа гэж бодохоор үнэхээр сайхан байна. Бүх амжилтын эхлэл бас хөшүүрэг нь би өөрөө. Тийм болохоор өөрийгөө маш сайн дайчилж байгаа.
-Засгийн газрын 2023 оны тогтоолын дагуу 2024 оны тавдугаар сард ОБЕГ-ын харьяа Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгаа, туршилт үйлдвэрийн төв 123 дугаар анги байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байна. Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, Онцгой байдлын байгууллагын анги, салбар хэлтсүүдэд модны үрсэлгээ, тарьцыг нийлүүлэх, арга зүйн зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллах үндсэн чиг үүрэгтэй. Анги байгуулагдсанаас хойш 386.600 тарьц суулгац тарьж ургуулж, 350.000 харандаан суулгацыг төв орон нутгийн Онцгой байдлын байгууллагуудад хуваарилж, тариалах ажлыг зохион байгуулсан байна.
.jpg)
-Мөн 2025 онд орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сангийн дэмжлэгээр “Ногоон Ирээдүй-Ойн нөхөн сэргээлтэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлж, 1000 эмэгтэйд сургалт зохион байгуулж, ангийн мод үржүүлгийн талбайд худаг байгуулж, Хялганат тосгоны иргэд, аж ахуй нэгжийг хамруулсан бүх нийтийн мод тарих үндэсний өдрийн хүрээнд 3000 ширхэг шархуайс 80 ширхэг улиас 300 ширхэг шинэс мод бутыг тарьж ургуулж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд дасан зохицох чадвартай шилмүүст модыг үрээр богино хугацаанд чанартай ургуулах дэвшилтэт технологийг судлан хөгжүүлэхэд БНСУ-ын “Конлим ойн судалгааны хүрээлэн”-ийн захирал, доктор Со Хён Минтэй хамтран судалгааны ажлыг хийж, туршилтын гурван тавцанд 744 ширхэг нарс, шинэс модыг үрээр тарьж, ойжуулалтад гаргахаар төлөвлөн ажиллаж байна.

-Манайх ам бүл дөрвүүлээ. Миний ханийг Б.Эрболд гэдэг. Хоёулаа Онцгой байдлын байгууллагад үүрэг гүйцэтгэдэг. Том охин Э.Гэгээн-Анир долоон настай, хоёрдугаар ангийн сурагч. Бага охин Э.Ханнар ой дөрвөн сартай. Ханьтайгаа албанд ороод танилцаж байлаа. Хоёулаа спортын хоббитой. Чөлөөт цагаараа зааланд л өнгөрүүлдэг. Бүх ар талыг минь бат даадаг ханьдаа, хамтран зүтгэгч хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Зорилгынхоо төлөө өдөр бүр өөрийгөө дайчилж, зүтгэх болно. Баярлалаа.

2026/08/19
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/08/19
Шинэ мэдээТус өдөрлөгт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн оролцооны байгууллагын 500 хүүхэд, багачууд оролцож байгаа бөгөөд оролцогчид 101,105 дугаарт дуудлага өгөх, утаат орчноос гаргах, гал унтраагуул ашиглах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, бэлэн байдлын цүнхний иж бүрдлийг бүрдүүлэх, боосай картаар тоглох, аврагч, гал сөнөөгчийн багаж, техникийг таних зэрэг 6 өртөөт даалгаврыг гүйцэтгэсэн юм.
2026/08/19
Онцгой байдлын байгууллага нь НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн сан, Гамшгийн эрсдэлийг бууруулах газар зэрэг НҮБ-ын төрөлжсөн агентлагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.