Хотын зурвас: “Сүүлчийн пүрэв”-ийг үргэлж сана

A- A A+

Б.Будхүү

Айлууд тагт дээрх аваарын шатаа дарж эд хогшлоо хураачихсан байсан учраас гал түймрийн үеэр хүмүүс утаажилтын бүсээс гарч чадахгүй байв. Онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж 100 гаруй иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа. Хэрэв галын тархалт их, дэлбэрэлт болох эрсдэлтэй байсан бол энэ байдал маш муу үр дагаврыг дагуулах байлаа гэж Онцгой байдлын байгууллагаас мэдээлснийг санаж суулаа.

Энэ бол өчигдөр “Цэнгэлдэх” хотхонд гарсан гал түймрийн дараах мэдээлэл. Харин өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газраас сэтгүүлчдэд зориулан зохион байгуулж буй сургалт, дадлагын үйл ажиллагаанд оролцож байна. Бидэнд зориулсан хичээлүүдээс хамгийн энгийн боловч тун чухал нэгийг нь онцлон олон нийтэд хүргэхээр шийдэв.

“Сүүлчийн пүрэв”-ийн тухай. Утга нь их энгийн. Сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт өрх гэр, албан байгууллага, ажлын байрныхаа галын дохиолол, гал унтраагуур, галын хорны хугацаа, бүрэн бүтэн байдал, аюулгүй гарц, шат, цахилгааны самбар, утас, залгуур, зуух, яндан, галлагааны төхөөрөмжийн эвдрэл, гэмтлийг заавал шалгаад хэвшчих л гэсэн үг.

Хэрэв эвдрэл, гэмтэл гарсан бол засаж янзлаад өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлээс хамгаалаад сурчих гэж онцгой байдлын байгууллагаас уриалж, хүсэж байгаа хэрэг. Үнэн хэрэгтээ та, бидний аюулгүй, эрсдэлгүй байдлын төлөө гуйж, царайчилж байна шүү дээ.

Иргэдийн 70 гаруй хувь гэр, орон сууц, барилга байгууламжийнхаа цахилгааны холболтыг өөрсдөө хийдэг, цахилгааны утасны зэс, хөнгөн цагаан гол хоёрыг залгаад туузаар ороочихдог, 220 вольт хүчдэл ашигладаг Монгол Улстай адилгүй буюу бага хүчин чадалтай Япон, Солонгос улсад үйлдвэрлэсэн цахилгааны утас хэрэглэдэг зэрэг гал түймрийн шалтгааныг нэрлэж байв. Бидний эргэн тойронд анзаарагдамгүй өрнөдөг, байдаг л мэт үйл явдлууд асар их эрсдэл дагуулж байдаг. 

Цахилгааны аюулгүй байдлаа хангаагүйгээс үүдэлтэй гал түймрийн улмаас эд хөрөнгөөрөө хохирох, эрүүл мэндээ алдах, хамгийн харамсалтай нь хүний амь нас хохирох тохиолдлууд буурахгүй байна. Гэр бүлээрээ үрэгдсэн хэргүүд ч бий. Хэрэв гал унтраагуур байгаа тохиолдолд эхний гурван минутад галыг унтраах боломжтой, гал түймрийн үеэр хүн 1-3 удаа утаа амьсгалахад л орон зайн баримжаагаа алддаг, гал түймрийн үеэр амиа алдсан хүмүүсийн 90 хувь нь угаартаж нас барсан байдаг гэх зэргээр хичээл үргэлжилнэ.

Сэтгүүлчдэд зориулсан сургалт, дадлагын үйл ажиллагааг 2026 оны тавдугаар сарын 28-нд Үндэсний аврах бригадын байршилд зохион байгуулсан юм. Эл өдрийг сонгосон нь үргэлж бэлэн байдалд байдаг онцгой албаныхны хувьд санамсаргүй тохиолдол биш байв. “Сүүлчийн пүрэв”-н утга учрыг илүү ойлгосон би гэртээ харьж ирүүтээ цахилгааны самбараа, тагтны байдлаа, хэдэн залгуур, уртасгагчаа, анхны тусламжийн хайрцгаа хүртэл шалгасан юм. Харин гал унтраагуур буюу галын хор манайд байсангүй. Авах ёстой ажээ. Цаашид “сүүлчийн пүрэв”-ийг ч үргэлж санах ёстой. Энэхүү бичвэрийг уншиж буй бол аюулгүй амьдралынхаа төлөө энэ өдрийг битгий мартаарай.

Энэхүү бичвэрийг 2026 оны тавдугаар сарын 28-нд болсон сургалтын дараа бичсэн болно. 

Эх сурвалж:Bpress.mn

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо

Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлснээр төрийн ачаалал буурч, эдийн засгийн үр ашигтай ажиллаж эхэлсэн гэдгийг энэ үеэр танилцууллаа. 

Цэнхэр бүсэд гал түймэр гарсан үед хариу арга хэмжээний дадлага сургуулийг зохион байгууллаа

“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) зохион байгуулах цэнхэр бүсэд гал түймэр гарсан үед хариу арга хэмжээ зохион байгуулах дадлага, сургуулийг зохион байгууллаа.

Европт аагим халуун өдрүүд үргэлжилж байна

БУДАПЕШТ, 2026 оны наймдугаар сарын 6 /Reuters/. Австри улсад лхагва гарагт агаарын хэм түүхэн дээд хэмжээнд хүрч халжээ. Түүнчлэн аагим халуун, ган гачгийн улмаас төв болон өмнөд Европт ихээхэн хүндрэл үүсэж, Унгар улсад эрчим хүчний хэрэглээг хязгаарлажээ. Дэлхийд хамгийн эрчимтэй дулаарч буй Европ тивд энэ зун түүхэнд үзэгдээгүйгээр халж, Франц, Испани улсууд түймрийн гамшигт өртөөд байна. Аагим халуун агаарын урсгал зүүн зүгт шилжиж, Италийн зарим нутагт Цельсийн +40 хэм хүрсэн тул томоохон хотуудад улаан түвшний сэрэмжлүүлэг зарлажээ. Албани улсын онцгой байдлын албаныхан Маллакастер мужийн өмнөд хэсэгт дэгдсэн ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. Хэт халуунаас болж Ватиканы Пап лам Лео долоо хоног тутмын айлтгалаа Ариун Петрийн талбайд бус харин дотор танхимд хийхээс аргагүйд хүрчээ. Ромд ирсэн жуулчид энэ шийдвэрийг "бүгчим халуунаас түр боловч зугтах боломж" хэмээн талархан хүлээн авчээ. Словактай залгаа хилийн орчимд орших Австрийн Бад Дойч-Альтенбург хотод агаарын хэм +41.2 °C хүрснийг тус улсын үндэсний цаг уурын алба бүртгэжээ. Түүнчлнэ мягмар гарагт Вена хотын орчимд +41.0 °C хүрч халсан байна.