Франц, Испанид гарсан ойн түймрийн улмаас нүүлгэн шилжүүлсэн оршин суугчдын тоо хурдацтай нэмэгдэж, 300 мянгаас хол давжээ. Францад түймэртэй тэмцэхэд цэргүүдийг дайчлаад байгаа тухай AFP агентлаг ням гарагт мэдээлсэн байна. Үүнээс өмнө хоёр улсын хэмжээнд 250 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Францын баруун өмнөд нутагт хэдэн өдрийн турш үргэлжилж буй ойн түймрийн хамгийн том голомт засаг захиргааны төв нь Бордо хот болох Жиронд мужид бүртгэгджээ. Орон нутгийн эрх баригчид түймрийн нөхцөл байдлыг "асар эрчимтэй, урьдчилан таамаглахын аргагүй" хэмээн үнэлж байна. Одоогийн байдлаар түймэрт доод тал нь 240 байшин өртөн шатжээ. Харин Бордо хотын захирагч хотыг бүхэлд нь нүүлгэн шилжүүлэх шаардлагагүй гэж мэдэгдсэн бөгөөд тус хотод бусад суурин газраас нүүлгэн шилжүүлсэн мянга мянган хүнийг байрлуулаад байгаа аж.
Францын Үндэсний гал сөнөөгчдийн холбооноос (FNSPF) мэдээлснээр, ой мод асар их шатсаны улмаас үүсдэг "пирокумулонимбус" хэмээх аянгын үүл бий болж байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Ийм үүл нь хүчтэй салхи үүсгэж, дахин түймэр дэгдээх аянга цахилгааныг асар ихээр цахидаг байна.
Байгалийн гамшигтай тэмцэхээр тус бүс нутагт 2.5 мянга орчим гал сөнөөгч, 1.5 мянган цэргийн алба хаагч, 1.2 мянган цагдаагийн ажилтан дайчлагдан ажиллаж байна.
Испанид 75 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Тус улсын төв бүс нутаг болох Мадрид хотын орчимд түймэр гарсан байна. Мадрид болон төвийн нутгийн бусад муж болох Авила, Толедо, мөн зүүн эрэгт орших Кастельон мужаас 75 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Түүнчлэн Испанийн зүүн нутагт, Валенси бүс нутгийн орчимд гарсан түймэр амралтын өдрүүдэд дахин дүрэлзэж эхэлжээ. Энэ бүс нутагт 15 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.
Байгалийн гамшигтай тэмцэхэд Европын Холбооны бусад орон Франц, Испани руу гал сөнөөх ангиуд, нисэх онгоц, тусгай техник хэрэгслийг илгээж байна. Тухайлбал, Франц улс руу Хорватаас гал унтраах хоёр онгоц, Португалаас дахин хоёр онгоц, мөн Чех, Словакаас "Black Hawk" загварын хүнд даацын хоёр нисдэг тэрэг илгээсэн байна.
Агаарас гал унтраах зориулалттай "Canadair" загварын хоёр нисэх онгоцыг Испани руу илгээснээ Италийн эрх баригчид мэдэгджээ. Грекээс мөн ийм хоёр онгоцыг тус улс руу илгээжээ. Түүнчлэн Испанид түймэртэй тэмцэхэд Нидерланд, Португалын нисэх хүчний техникийг ашиглаж байна.
Эх сурвалж:Монцамэ агентлаг
2026/07/27
Шинэ мэдээТэрээр мастерсийн цэнхэр бүсний ангиллын -74кг-ийн но-ги төрөлд алтан медаль, Ги-тэй төрлийн -76кг-ийн ангилалд мөнгөн медалийг тус тус хүртсэн юм.
2026/07/27
Шинэ мэдээТуйлын бүс нутгийг тооцохгүйгээр дэлхийн далайн гадаргын дундаж температур 2024 оны 3 дугаар сард бүртгэгдсэн хамгийн дулаан температуртай адил хэмжээнд хүрсэн байна
2026/07/27
Шинэ мэдээТус сургалт нь гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламж, хариу арга хэмжээний зохицуулалтын талаарх оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний болон олон улсын оролцогчдын хамтын ажиллагаа, харилцан ажиллагааг бэхжүүлэх, хүмүүнлэгийн зохицуулалтын чиглэлээр сургалт, дадлага сургуулийг төлөвлөн зохион байгуулах чадавхыг дээшлүүлэхэд ач холбогдолтой байлаа.