Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баян-Өлгий аймгийн 4 суманд 0.1-2 мм, Булган аймгийн 1 суманд 0.1 мм, Дорнод аймгийн 1 суманд 0.6 мм, Орхон аймгийн 1 суманд 5-6 мм, Өвөрхангай аймгийн 3 суманд 1-6 мм, Хөвсгөл аймгийн 4 суманд 2-3 мм бороо орсон. Ховд аймгийн Зэрэг суманд 15-20 м/с хүчтэй шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +20...+25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +37...+42 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр +29...+34 градус, бусад нутгаар +25...+30 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +15...+17 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна.

Төлөв байдал: 04-нд төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 06-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 07-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +20...+25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +23...+28 градус, өдөртөө +36...+41 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 26 дугаар хороо гарааш дотор автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 12:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ын 6х6 метрийн хэмжээтэй авто засварын төвийн дотор хэсэг болон иргэн Х-ын “Toyota Prius-20” загварын автомашины хөдөлгүүр, бүхээг хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 14:41 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 1 метр хашаа, хураалттай шонгийн мод шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 16:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын хашаанд 0.4 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ховд аймаг, Зэрэг сум Бураа багийн “Эсэн тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 156 км, сумын төвөөс зүүн урд зүгт 7 км/ Хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 18:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь 70 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 30х15 метрийн хэмжээтэй бууц шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр - Хээрийн түймэр:

Дорнод аймаг, Матад сум 6 дугаар багийн “Лагийн хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 250 км, сумын төвөөс зүүн урд зүгт 95 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 07.01-ний өдрийн 22:25 цагт хүлээн авсан.  Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид ажиллаж 07.02-ны өдрийн 05:40 цагт цурамд оруулан, мөн өдрийн 09:07 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 7500 га талбай өртсөн.

Хөвсгөл аймаг, Тариалан сум 5 дугаар багийн “Асгат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 150 км, сумын төвөөс баруун зүгт 30 км/ Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 07.01-ний өдрийн 15:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь 46 дугаар ангийн алба хаагчдыг сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн нийт 29 хүн, 4 автомашин, 6 мотоциклтой ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан мөн өдрийн 19:50 цагт цурамд оруулж, 07.02-ны өдрийн 20:02 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 2 га талбай өртсөн.

Усны осол - Голын усанд осолдсон: Хэнтий аймаг, Хэрлэн сум 1 дүгээр багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 4 км/ “Хэрлэн” голын усанд бага насны хүүхэд хөл алдаж унасан тухай дуудлагыг 07.02-ны өдрийн 16:15 цагт хүлээн авсан. Завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид “Хэрлэн” голын усанд живж байсан О /4 настай, эрэгтэй/-ыг аварч, голын уснаас гарган анхны тусламж үзүүлж, аавд хүлээлгэн өгсөн.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо, “Мишээл” экспогийн урд талд “Туул” голын усанд хүүхэд живж байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 17:48 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход А /9 настай, эрэгтэй/ найзуудтайгаа голын эрэг  дээр тоглож байх үедээ усанд сэлэхээр ороод хөл алдан 150-200 метр урсаж бургаснаас зүүгдсэн байдалтай байсныг  ажиллан голын уснаас эсэн мэнд гаргаж, ээжид хүлээлгэн өгсөн.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо, Гачууртын эцэс “Туул” голын усанд хүн живсэн гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 19:58 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Т /23 настай, эрэгтэй/ голын усанд сэлж байгаад живсэн, анх орсон гэх газраас 160 метр орчим зайд голын урд эрэгт нас барсан байдалтай байсан тул цогцсыг гаргаж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 орчим хувьд сайн байна

Өмнөх арав хоногтой харьцуулбал, Баянхонгорын ихэнх, Дундговь, Баян-Өлгий, Ховдын зарим нутгаар бэлчээрийн ургамлын ургалт муугаас дунд зэрэг ангилалд шилжиж бага зэрэг сайжирсан байна.

Улаанбаатар бүсийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн уулзалт, семинарыг зохион байгууллаа

Монгол Улсын нийт хүн амын 50 орчим хувь Улаанбаатар хотод төвлөрч, хотжилт, хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл улам нэмэгдэж байна.