С.Төрбат:Гал унтраах техник спорт нь дэлхийн хамгийн хүнд, өндөр ачаалал шаарддаг спортын нэгт тооцогддог

A- A A+

Онцгой байдлын байгууллагын мэргэжлийн “олимп” Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 26, эмэгтэйчүүдийн анхдугаар тэмцээний улсын рекордыг шинэчлэн тогтоосон түүхэн амжилтын эзэн, ахлах ахлагч Сувдаагийн Төрбатыг энэ удаагийн nematimes булан онцолж байна. Тэрээр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангид аврагч-гал сөнөөгчөөр ажилладаг. Онцгой байдлын байгууллагын залуу алба хаагчийн төлөөлөл тэрбээр Гал унтраах техник спортын ОУХМ цолтой. Түүний ажилласан жил, хичээллэсэн спортын хугацаа богинохон ч гаргасан амжилт нь түүхийн хуудсыг шинээр эхлүүлсэн юм.

-Миний бие Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн. Айлын ганц хүү. Дархан сумынхаа ерөнхий боловсролын IV сургуулийг 2018 онд төгсөж, 2021 онд ДХИС-ийн Ахлагчийн сургуульд суралцснаар бусдыг аврах хамгаалах мөрөөдлөө биелүүлсэн. Ажиллах хугацаандаа 69 удаагийн гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 60 иргэний амь нас, аж, ахуйн нэгж, байгууллага болон иргэдэд учирч болзошгүй 2.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Арван жилийн тавдугаар ангиасаа эхлэн хөнгөн атлетикийн спортоор хичээллэж, хурд, тэсвэрээ хөгжүүлсэн нь өнөөдрийн амжилтын суурь болсон гэж боддог.

-Онцгой байдлын албанд үүрэг гүйцэстгэснээс хойш тав дахь жилдээ Гал унтраах техник спортоор хичээллэж байна. Хичээллэх хугацаандаа буюу 2024 онд улсын аварга шалгаруулах 25 дахь тэмцээний саадтай 100 метрийн төрөлд мөнгөн медаль, хоёр төрөлтийн нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн. 2025 онд Хойд бүсийн аварга шалгаруулах тэмцээний саадтай 100 метр, хоёр төрөлтийн нийлбэр дүнгээр тус тус тэргүүлж, байлдааны тархалтын төрөлд хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр аваргын цом хүртэж байлаа. Харин 2026 оны гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах 26 дахь тэмцээний саадтай 100 метрийн төрөлд 15.69 секундын амжилтаар Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоосон. Мөн 4х100 метрийн буухиа төрөлд 57.29 секундын амжилтаар баг тамирчдын хамтаар улсын рекордыг дахин шинэчилж, хоёр төрөлтийн нийлбэр дүнгээр алтан медаль хүртэж, багийн дүнгээр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид улсын аварга болсон амжилтыг үзүүлээд байна.

-Миний бие Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, 2022-2025 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон. Тухайлбал, Турк Улсын Истанбул хотноо 2023 онд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний саадтай 100 метрийн төрөлд 16.35 секундын амжилт үзүүлж, Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан. Мөн 4х100 метрийн буухиа төрөлд 57.77 секундын амжилтаар Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоосон түүхэн амжилтын эзэн болсон.

-Амжилт бүхний ард хайртай гэр бүл, хамт олны минь дэмжлэг байдаг. Юуны өмнө ар гэрийг минь дааж, үргэлж ойлгож, дэмждэг эхнэртээ чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлмээр байна. Мөн бэлтгэл сургуулилалтын бүхий л хугацаанд дэмжиж ажилладаг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын удирдлага, хамт олон, дасгалжуулагчид болон тамирчдадаа баярлалаа. Өөрийгөө ялан дийлэх чадвар, сэтгэлзүйн бэлтгэл, сахилга бат, тууштай хөдөлмөр, тэсвэр тэвчээрийг шаарддаг онцлогтой спорт. Анхаарал төвлөрөл, хариуцлага, эрсдэлийг зөв үнэлэх чадварыг эзэмшүүлдэг. Мөн багийн төрөлд хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл, бие, биенээ ойлгох чадвар хамгийн чухал.

-Аврагч, гал сөнөөгчийн ажил эрсдэл өндөртэй ч нэр төртэй, хариуцлагатай албан тушаал. Бид ямар ч нөхцөлд бэлэн байж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах үүрэгтэй. Иймээс бэлтгэл, бэлэн байдлыг хангадаг хамгийн чухал “даалгавар” бол гал унтраах техник спорт гэж боддог.

-Гал унтраах техник спорт нь дэлхийн хамгийн хүнд, өндөр ачаалал шаарддаг спортын нэгт тооцогддог. Энэхүү спорт нь зөвхөн бие бялдрын хүч чадал бус хурд, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, сэтгэлзүйн тогтвортой байдал, сахилга бат, богино хугацаанд зөв шийдвэр гаргах чадварыг цогцоор нь хөгжүүлдэг. Энэ нь Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын өдөр тутмын ажил, мэргэжилтэй шууд уялддаг онцлогтой.

-Манайх ам бүл дөрвүүлээ. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Миний эхнэрийг Н.Чулуунцэцэг гэдэг. Том охин Т.Хулан 4 настай, бага хүү Т.Эрмүүнбаатар 2 настай. Чөлөөт цагаараа гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлэхийн зэрэгцээ биеийн тамир, спортоор тогтмол хичээллэдэг. Гар бөмбөг, сагсан бөмбөг тоглох дуртай.  

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

С.Төрбат:Гал унтраах техник спорт нь дэлхийн хамгийн хүнд, өндөр ачаалал шаарддаг спортын нэгт тооцогддог

Тэрээр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангид аврагч-гал сөнөөгчөөр ажилладаг. Онцгой байдлын байгууллагын залуу алба хаагчийн төлөөлөл тэрбээр Гал унтраах техник спортын ОУХМ цолтой.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Дэлхийн банкны Хот суурин газар, гамшгийг даван туулах чадавх, газар зохион байгуулалтын салбарын ажлын хэсэг Онцгой байдлын ерөнхий газар болон Улсын онцгой комиссын ажлын албанд ажиллаж, холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийлээ.