Сэрэмжлүүлэг: Амарч яваад амиа алдах эрсдэл хажууд чинь байна

A- A A+

Зуны дэлгэр цаг ирж, хүмүүсийн амралт, аялал зугаалга эхэллээ. Бүгдээрээ л хотоос гарч, гол усны хажууд амарч, алжаалаа тайлахыг хүсдэг.

Гэвч баяр хөөртэй эхэлсэн амралт заримдаа хэнэггүй зангаас болж харамсалтайгаар төгсөх тохиолдол цөөнгүй гардаг.

Ингэж хэлэхийг учир нь аялагчид гол мөрнийг дутуу үнэлж, усанд болгоомжгүй орсноос амь насаа алдах эрсдэл жил бүр, ялангуяа Үндэсний баяр наадмын урт амралтын өдрүүдэд ихэсдэг талтай. Үүнээс хамаарч урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас өнгөрсөн жил иргэдийг сонор сэрэмжтэй байхыг уриалж "Бэлэн бай" аяныг өрнүүлж байсан. Харин энэ жил аюулгүй амьдрах соёл, хандлагыг төлөвшүүлэхийн тулд "Усыг бүү бас" үндэсний аяныг гурван сарын турш улсын хэмжээнд зохион байгуулж эхэллээ. Энэхүү аян нь зөвхөн уриалга төдий зүйл биш бөгөөд эрсдэлийг үл тоомсорлодог иргэдийн ухамсарт дохио өгөх, болзошгүй аюулаас өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалах мэдлэгт сургах чухал зорилготой юм.

Монгол Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд тохиолдсон 45 мянга гаруй удаагийн гамшиг, ослын улмаас 2623 иргэн амь насаа алдсаны 516 нь бяцхан хүүхдүүд байв. Хамгийн аймшигтай нь, амь үрэгдсэн эдгээр хүүхдүүдийн 45 хувь нь зөвхөн усны ослын улмаас хорвоог орхижээ.

Уг асуудал хүн бүр доор бүрнээ урьдчилан сэргийлэгч байж, үр хүүхдэдээ тавих хараа хяналтаасулруулж болохгүйг сануулсан маш том сургамж юм. Жил бүрийн зун Онцгой байдлын аврагчид гол мөрнүүдэд завьт эргүүл хийж, Цагдаагийн байгууллагаас тасралтгүй сэрэмжлүүлэг хүргэдэг. Гэвч амрагчид албаны хүмүүсийн шаардлагыг үл тоомсорлож, өөдөөс нь уцаарлах тохиолдол элбэг байна.

Аврагчид таны баяр наадмыг нураах гэж биш, зөвхөн амь насыг тань хамгаалах гэж ажиллаж байгааг ухамсарлах хэрэгтэй. Статистик үзүүлэлтээс харвал, 2021-2025 оны хооронд усны ослын 537 дуудлагаар аврагчид ажиллаж, 329 хүний амийг аварсан ч 464 хүн (105 нь хүүхэд) харамсалтайгаар живж амь насаа алджээ. Өнөөдөр иргэд хамгийн их осолддог 399 байршлыг "Усны ослын хар цэг" гэж тогтоож, хяналт тавин ажиллаж байна.

Энэ жилийн нөхцөл байдал ч хүнд хэвээр байна. Ердөө зургадугаар сарын 22-ны байдлаар усны ослын 33 дуудлага бүртгэгдэж, аврагчид 25 хүнийг аварсан ч 18 хүн (6 хүүхэд, 12 насанд хүрэгч) хэдийнэ амь насаа алдаад байна.

Засгийн газраас наадмын амралтыг 10 хоног болгон сунгасан тул иргэд гол ус бараадан аялах нь улам ихсэх хандлагатай байна. Гэвч баярлаж цэнгэх явцдаа архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, улмаар усанд орж амь насаа алдах эрсдэл маш өндөр байдаг. Бодит байдал дээр усны ослын дуудлагын дийлэнх хувийг согтуудаа усанд орсон тохиолдол эзэлдэг бөгөөд бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос үүдэлтэй эмгэнэлт явдал ч тасрахгүй байна. Албаны эх сурвалжуудын мэдээлснээр жил бүрийн 6-оос 9 дүгээр сард усны ослын дуудлага хамгийн дээд цэгтээ хүрдэг аж.

Биднийг дахиад л наадмын урт амралтын өдрүүд хүлээж байгаа бөгөөд жил бүрийн яг энэ өдрүүдэд голын эрэг дээрх хэнэггүй, хариуцлагагүй байдлаас болж хамгийн олон хүн уснаас эргэж ирдэггүйг гашуун тоо баримтууд гэрчилсээр байна.

Наадмын амралтын өдрүүдэд усны ослоор амь насаа алдсан иргэд:

2020 он: 17 хүн

2021 он: 26 хүн

2022 он: 20 хүн

2023 он: 8 хүн

2024 он: 24 хүн

2025 он: 25 хүн

Эдгээр харамсалтай үхлийн шалтгаан нь ердөө л бидний ухамсар, хариуцлагагүй байдал юм. "Би сэлж чадна, гайгүй байлгүй" гэж усыг басах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол руу орох, үр хүүхдээ голын эрэг дээр хараа хяналтгүй орхих зэрэг хайхрамжгүй зан л хамгийн том эрсдэлийг дагуулдаг. Гол мөрөн, нуур цөөрөм хэнийг ч ялгадаггүй, хэзээ ч алдааг уучилдаггүй гэдгийг санах ёстой байх.

Үндсэндэээ аврагчид хар цэгүүд дээр өдөр шөнөгүй эргүүл хийж, сэрэмжлүүлэг өгөөд ч иргэн та өөрөө ухамсаргүй байвал энэ гашуудал зогсохгүй.

Эх сурвалж: news.mn

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Сэрэмжлүүлэг: Амарч яваад амиа алдах эрсдэл хажууд чинь байна

Монгол Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд тохиолдсон 45 мянга гаруй удаагийн гамшиг, ослын улмаас 2623 иргэн амь насаа алдсаны 516 нь бяцхан хүүхдүүд байв. Хамгийн аймшигтай нь, амь үрэгдсэн эдгээр хүүхдүүдийн 45 хувь нь зөвхөн усны ослын улмаас хорвоог орхижээ.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг агаарын муудах үеүүдийн хувьд сарын эхээр баруун аймгуудын нутгаар дулаан байх хэдий ч зүүн аймгуудын нутгаар эрс сэрүүсэж, дуу цахилгаантай аадар бороо орох магадлал өндөр байна. Иймд мал бэлчээрлүүлэх, үрсэлгээ хамгаалах болон хол замд гарахдаа анхаарал болгоомжтой байж, богино хугацааны нарийвчилсан урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг зөвлөж байна.