Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Турк Улсад хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд тус улсын Гамшиг, Онцгой байдлын удирдлагын газар (AFAD)-т ажиллаж, гамшгаас хамгаалах тогтолцоо, аврах ажиллагааны техник технологи, хүний нөөцийн чадавх, сургалт бэлтгэлтэй танилцлаа.

БНТУ-ын гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц, аврах ажиллагааны стандарт, хууль, эрх зүйн орчин, эрсдэлийн удирдлага болон урьдчилан сэргийлэх тогтолцоо, аврах ажиллагаанд ашиглаглаж байгаа орчин үеийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал, хэрэглээ, ажиллагааны онцлогийн талаар туршлага солилцсон юм.

Гал түймэр унтраах зориулалтын автомашин, өндөр даралтын усан хангамжийн систем, эрэн хайх, аврах ажиллагааны техник хэрэгсэл, нуранги дор болон хязгаарлагдмал орчинд ажиллах тоног төхөөрөмж, дулаан мэдрэгч болон хайлтын камер, аврах ажиллагааны гидравлик багаж, зөөврийн гэрэлтүүлгийн систем, холбоо мэдээллийн тоног төхөөрөмж зэрэг гамшгийн үеийн шуурхай ажиллагаанд ашиглагддаг техник хэрэгслүүд, гүний худаг, цооног болон хязгаарлагдмал орчинд осолдсон иргэдийг аврах ажиллагаанд ашигладаг тусгай тактик, аюулгүй ажиллагааны горим, олсон систем, өргөх төхөөрөмж, амьсгалын хамгаалах хэрэгсэл болон аврах ажиллагааны үе шат бүрийн зохион байгуулалттай мөн танилцлаа.

Шадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын Онцгой байдлын байгууллагад ашиглагдаж байгаа техник, тоног төхөөрөмжүүдийг Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үе шаттайгаар нэвтрүүлэх, хангах боломжийг эрэлхийлж байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг Турк Улсад мэргэжлийн болон тактикийн сургалт, дадлага сургалтад хамруулах, хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцож, хоёр улсын гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа онцолсон юм.
Талууд цаашид гамшгийн эрсдэлийг бууруулах, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх, орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх, мэргэжилтэн солилцох, сургалт дадлагын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.
Мөн Гамшиг, Онцгой байдлын удирдлагын газрын сургалт, мэдээллийн төвийн үйл ажиллагаа, гамшгийн эрсдэлийн талаарх олон нийтэд зориулсан сургалт сурталчилгаа, алба хаагчдыг тасралтгүй чадавхжуулах тогтолцоо, дадлага сургуулилтын цогц талбайн үйл ажиллагаатай танилцаж, гамшгийн үеийн хамгаалах хувцас хэрэглэл, тусгай зориулалтын материал, аврах ажиллагаанд ашиглагддаг багаж хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийн стандарт, ашиглалтын шаардлага, алба хаагчдын аюулгүй ажиллагааг хангах аргачлалын талаар мэдээлэл солилцлоо.

2026/06/24
Шинэ мэдээБагийн нийлбэр дүнгээр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тэргүүлж, цомын эзэн болсон бол Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид удааллаа.
2026/06/24
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/06/24
Шинэ мэдээЭнэ удаагийн тэмцээнд 21 аймаг, нийслэлийн Онцгой байдлын газрын эрэгтэй 29, эмэгтэй 2 багийн 340 орчим алба хаагч оролцож, мэргэжлийн чадвараа сорьсон юм.