Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

A- A A+

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр (2026.06.22) БНТУ-ын Дотоод хэргийн яамны харьяа Гамшиг, онцгой байдлын удирдлагын газар (AFAD)-ын дарга Али Хамза Пехливантай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар талууд гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх, мэдээллийн технологид суурилсан орчин үеийн шийдлүүдийг нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

Шадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын AFAD байгууллагын гамшгийн удирдлагын нэгдсэн мэдээллийн сан, мэдээллийн технологид суурилсан удирдлагын тогтолцоо нь гамшгийн эрсдэлийг шуурхай үнэлэх, хариу арга хэмжээг оновчтой зохион байгуулахад өндөр үр дүнтэй туршлага болж байгааг онцолж, энэхүү туршлагаас суралцах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Мөн Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг AFAD-ийн Зарлан мэдээллийн төвийн үйл ажиллагаанаас туршлага судлуулах, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах ажиллагаа болон гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд агаараас тандалт, үнэлгээ хийх зориулалттай дэвшилтэт технологийн дрон нийлүүлэх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар хэлэлцэв.

Туркийн Засгийн газрын тэтгэлгээр гамшгийн менежмент, нийтийн эрх зүй, механик инженерчлэл, физик нөхөн сэргээх чиглэлийн сургалтыг үргэлжлүүлэх, Анталья хот дахь Ойн сургалтын олон улсын төвд онцгой  байдлын байгууллагын алба хаагчдыг сургах, ойн түймэртэй тэмцэх туршлага солилцох, хамтарсан сургалт зохион байгуулах боломжийн талаар мөн санал солилцсон юм. 

Талууд 2018 онд байгуулсан “Гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлж, 2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНТУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан баримт бичгүүдийн хүрээнд гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар тохиролцов.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

"Үндэсний майхант цугларалт-2026” арга хэмжээнд оролцогч хүүхэд, багачууд гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ

Тус өдөрлөгт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн оролцооны байгууллагын 500 хүүхэд, багачууд оролцож байгаа бөгөөд оролцогчид 101,105 дугаарт дуудлага өгөх, утаат орчноос гаргах, гал унтраагуул ашиглах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, бэлэн байдлын цүнхний иж бүрдлийг бүрдүүлэх, боосай картаар тоглох, аврагч, гал сөнөөгчийн багаж, техникийг таних зэрэг 6 өртөөт даалгаврыг гүйцэтгэсэн юм.

Хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо

Онцгой байдлын байгууллага нь НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн сан, Гамшгийн эрсдэлийг бууруулах газар зэрэг НҮБ-ын төрөлжсөн агентлагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Төсөл хэрэгжүүлэх нэгжид ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

“Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх нэгжид орчуулагч-захиргааны ажилтны ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.