Монгол Улсад нийлүүлэгдэх гал унтраах автомеханик шатны автомашиныг “Interschutz 2026” үзэсгэлэнд танилцууллаа

A- A A+

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханновер хотноо зохион байгуулагдсан гал түймэртэй тэмцэх, аврах ажиллагаа, иргэний хамгаалалт, аюулгүй байдлын салбарын дэлхийн хамгийн том, нэр хүндтэй “INTERSCHUTZ 2026” олон улсын үзэсгэлэнд Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомеханик шатны автомашиныг танилцууллаа.

Тус автомашиныг Бүгд Найрамдах Франц Улсад Монгол Улсын цаг уурын нөхцөл, алба хаагчдын үүрэг гүйцэтгэлийн онцлогт нийцүүлэн захиалгаар үйлдвэрлэж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Онцгой байдлын байгууллагад гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийн хоёрдугаар шатны хүрээнд нийлүүлэх юм.

Үзэсгэлэнд мөн дэлхийн зах зээлд тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг танилцуулсан бөгөөд Монгол Улсад ашиглагдаж буй гал унтраах тусгай зориулалтын автомашинууд ч багтсан байна.

Тухайлбал, жилд 2000 гаруй автомашин үйлдвэрлэж, дэлхийн 100 гаруй улсад нийлүүлдэг Австри Улсын “Rosenbauer”, Зүүн Европын тэргүүлэгч үйлдвэрлэгч Польш Улсын “Stolarczyk”, Франц Улсын гал унтраах, аврах ажиллагааны техник, тоног төхөөрөмжийн салбарын тэргүүлэгч “Десотел” компанийн бүтээгдэхүүнүүдийг дэлгэн үзүүллээ.

Энэ удаагийн үзэсгэлэнд гал унтраах болон аврах ажиллагааны автомашин, хувийн хамгаалах тусгай хувцас, багаж хэрэгсэл, нисгэгчгүй нисэх төхөөрөмж, өөрөө явагч техник, хиймэл оюун ухаанд суурилсан шийдэл зэрэг салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох дэвшилтэт технологийг танилцуулсан 1600 гаруй үйлдвэрлэгч оролцож, дэлхийн улс орнуудын 140 мянга орчим зочин, төлөөлөгч хүрэлцэн иржээ.

“INTERSCHUTZ” үзэсгэлэн нь 1961 оноос хойш тогтмол зохион байгуулагдаж ирсэн бөгөөд гал түймэртэй тэмцэх, аврах ажиллагаа, иргэний хамгаалалт, аюулгүй байдлын салбарын инноваци, туршлага солилцооны хамгийн том олон улсын талбар юм.

 

 

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

"Үндэсний майхант цугларалт-2026” арга хэмжээнд оролцогч хүүхэд, багачууд гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ

Тус өдөрлөгт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн оролцооны байгууллагын 500 хүүхэд, багачууд оролцож байгаа бөгөөд оролцогчид 101,105 дугаарт дуудлага өгөх, утаат орчноос гаргах, гал унтраагуул ашиглах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, бэлэн байдлын цүнхний иж бүрдлийг бүрдүүлэх, боосай картаар тоглох, аврагч, гал сөнөөгчийн багаж, техникийг таних зэрэг 6 өртөөт даалгаврыг гүйцэтгэсэн юм.

Хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо

Онцгой байдлын байгууллага нь НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн сан, Гамшгийн эрсдэлийг бууруулах газар зэрэг НҮБ-ын төрөлжсөн агентлагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Төсөл хэрэгжүүлэх нэгжид ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

“Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх нэгжид орчуулагч-захиргааны ажилтны ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.