А.Цагааншүхэрт
Зуны улирал эхэлж, иргэдийн аялал зугаалга нэмэгдэхийн хэрээр усны ослын тохиолдол мөн өсдөг. Усны ослын нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяагаас тодрууллаа.

-Зуны улиралд усны ослын тохиолдол нэмэгддэг. Сүүлийн жилүүдэд уг ослын улмаас хэчнээн хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон бэ?
-Сүүлийн таван жилийн хугацаанд Онцгой байдлын байгууллага усны ослын 537 удаагийн дуудлагаар ажиллаж, 329 хүний амь насыг аварсан бол 464 хүн амь насаа алдсан харамсалтай статистик байна. Усны ослын ихэнх тохиолдол Улаанбаатар хот болон Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнод аймгуудад бүртгэгддэг. Насны бүлгээр авч үзвэл, усанд осолдогсдын 41 хувь нь 36-75 насныхан, 36 хувь нь 18-35 насныхан, 19 хувь нь 6-17 насныхан, дөрвөн хувь нь 0-5 насны хүүхдүүд байна.
-Урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ?
Онцгой байдлын байгууллага улирал бүрийн онцлогт тохирсон сэрэмжлүүлэг, зөвлөмж, мэдээллийг иргэдэд тогтмол хүргэж, урьдчилан сэргийлэх олон төрлийн ажил зохион байгуулдаг. Тухайлбал, 2023 онд “Үер уснаас үрсээ хамгаалъя” аяныг улсын хэмжээнд өрнүүлсэн. Энэхүү аяны үр дүнд тухайн онд усны ослоор амь насаа алдсан иргэдийн тоо 32 хувиар буурсан. Энэ нь нэгдсэн аян, сэрэмжлүүлэг нь иргэдийн хандлагад тодорхой нөлөө үзүүлдэг болохыг харуулсан. Энэ жил мөн улсын хэмжээнд “Бүү бас” аяныг хэрэгжүүлж байна. Иргэд осолдож болзошгүй гол, нуур орчмын 399 байршил дагуу усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, завьт болон хөдөлгөөнт эргүүлийг зургаадугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны хооронд ажиллуулдаг. Нийслэлд мөн Цагдаагийн байгууллага, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Улаан Загалмай Нийгэмлэгтэй хамтран явган болон морьт эргүүлүүд ажиллдаг. Зарим аймагт томоохон нуур, цөөрмийн орчимд дрон ашиглан сэрэмжлүүлэг хүргэж байгаа бол нийслэлийн Туул голын эрсдэлтэй цэгүүдэд хяналтын камер суурилуулан ажиллаж байна.
-Сэлж чаддаг иргэд ус, голд аюулгүй байж чадна гэж бодох нь элбэг. Энэ үндэслэлтэй юу?
Усны ослын дийлэнх нь иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй байдаг. Тухайлбал, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орох, зориулалтын бус хийлдэг тоглоом, гудас ашиглах, аюултай бүсэд сэлэх зэрэг нь эрсдэлийг нэмэгдүүлдэг. Судалгаагаар усанд осолдсон иргэдийн 40 орчим хувь нь сэлж чаддаг байсан гэсэн тоо бий. Иймээс зөвхөн сэлж чаддаг байх нь аюулгүй байдлыг бүрэн хангахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Аялал зугаалгын улирал эхэлж буй энэ үед иргэдэд ямар зөвлөгөө өгөх вэ?
-Иргэд орон нутагт аялахдаа баталгаагүй гарам, гарцгүй газраар гол мөрөн гатлахгүй байхыг анхаарах хэрэгтэй. Мөн гол, нуурын эрэг орчимд бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх нь чухал. Усан дотор зориулалтын бус хийлдэг гудас, тоглоом ашиглах нь осол гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг тул үүнээс татгалзах хэрэгтэй. Хамгийн гол нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуур, цөөрөмд орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Усны осол нь ихэнх тохиолдолд хүний хайхрамжгүй байдал, болгоомжгүй үйлдлээс шалтгаалдаг. Иймээс иргэн бүр өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангаж, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг мөрдөх нь чухал.
Эх сурвалж:eagle.mn
2026/06/18
Шинэ мэдээНҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн глобал удирдагч, олон улсын зөвлөх, ноён Винстон Чан Онцгой байдлын ерөнхий газрын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, “Дэлхийн гамшгийн хариу арга хэмжээний шинэ чиг хандлага ба НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн үүрэг” сэдвээр мэдээлэл танилцууллаа.
2026/06/18
Шинэ мэдээУулзалтаар талууд Монгол Улсын гамшгийн үед үзүүлэх үндэсний хариу арга хэмжээний чадавхыг шинэ түвшинд хүргэх, цаашлаад бүс нутаг болон олон улсын хэмжээнд хүмүүнлэгийн эрэн хайх, аврах ажиллагаанд үр дүнтэй оролцох боломжийг өргөжүүлэх чухал ач холбогдолтойг онцолсон юм.
2026/06/18
Шинэ мэдээЭнэ хугацаанд “Сүхбаатар” хөлөг онгоц болон нийт 25 тээврийн хэрэгслийг татан гаргаж, тэдгээрт агуулагдаж байсан 80 орчим тонн шатахуун, тос тосолгооны материалыг аюулгүй болгож, Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах,нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэж, үүсэж болох эрсдэлийг бууруулаа.