Архангай аймагт зохион байгуулсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн тактикийн үзүүлэх дадлагад аймаг, сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, эрүүл мэнд, цагдаа, төрийн болон төрийн бус нийт 14 байгууллагын 207 хүн, 27 техник хэрэгсэлтэйгээр оролцож, гамшгийн үеийн хариу арга хэмжээ, хамтын ажиллагаа, шуурхай удирдлагын зохион байгуулалтыг дээшлүүллээ.

Дадлага сургууль газар хөдлөлтийн улмаас нурсан барилгын орчныг загварчилсан нөхцөлд явагдаж, аврагчид нурангид дарагдсан иргэдийг эрэн хайж, аврах ажиллагааг явуулан эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, аюулгүй бүсэд шилжүүлэхэд аврах ажиллагааны техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах, холбоо зохион байгуулалт, удирдлага, эмнэлгийн байгууллагын уялдаа холбоог хэрхэн хангах чиглэлээр хамтран ажилласан юм.

Аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн байгууллага, Улаан загалмайн нийгэмлэг зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд, орон нутгийн иргэд тус сургалт дадлагад идэвхтэй оролцож гамшгийн үед хариу арга хэмжээ авах, иргэд, байгууллагуудын бэлэн байдал, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр туршлага солилцлоо.
Мөн нүүлгэн шилжүүлэх болон хуарангийн зохион байгуулалтын дадлагад нийт 3206 иргэнийг хамруулж, гамшгийн үед иргэдийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлэх, бүртгэл мэдээлэл нэгтгэх, эмзэг бүлгийн иргэдийг хамгаалах, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, банк санхүү, мэдээлэл зөвлөгөө, сэтгэл зүйн дэмжлэг зэрэг төрийн үйлчилгээг нэг цэгээс цогцоор нь хүргэх зохион байгуулалтыг бодитоор туршив.

Уг дадлагад НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын мэргэжлийн экспертүүд оролцож, хуарангийн удирдлага зохион байгуулалт, иргэдэд үзүүлэх үйлчилгээ, хамгааллын асуудал, хүмүүнлэгийн тусламжийн менежментийн чиглэлээр мэргэжил, арга зүйгээр ханган ажилласан юм.
Хээрийн хүн эмнэлэг дэлгэх ажиллагааны хүрээнд нэрвэгдэгсдэд яаралтай тусламж үзүүлэх, ангилан ялгалт хийх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх, шаардлагатай тохиолдолд тусгаарлах ажиллагаа болон мал эмнэлгийн чиглэлээр гоц халдварт өвчний үеийн хорио цээр, ариутгал халдваргүйтгэлийн ажиллагааг гүйцэтгэлээ.

Дээрх дадлага сургуулиудын үйл ажиллагаатай Бүгд Найрамдах Тажикстан улсын Онцгой байдал болон иргэний хамгааллын комиссын дэд дарга, хошууч генерал Исозода Сулаймон Умар, Хүн ам болон газар нутгийн хамгаалал хариуцсан төв газрын дарга Иброхимзода Мухаббат, Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Саидиён Насриддин, Хямрал хариуцсан төвийн Дүн шинжилгээний хэлтсийн дарга Восиев Фарход, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Тажикстан дахь салбарын Хүмүүнлэгийн хариу арга хэмжээ үзүүлэх газрын дарга Шахло Рахимова, Хөтөлбөрийн ахлах ажилтан Мелибаев Парвиз тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж танилцсан нь энэ удаагийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн онцлог байлаа.
Тажикстан улсын төлөөлөгчид Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаар дамжуулан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн дуурайлган үзүүлэх болон нүүлгэн шилжүүлэх дадлага сургуультай танилцаж, туршлага солилцох хүсэлтийг ирүүлсэн юм.

2026/06/12
Шинэ мэдээНҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн глобал удирдагч, олон улсын зөвлөх, ноён Винстон Чан Онцгой байдлын ерөнхий газрын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, “Дэлхийн гамшгийн хариу арга хэмжээний шинэ чиг хандлага ба НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн үүрэг” сэдвээр мэдээлэл танилцууллаа.
2026/06/12
Шинэ мэдээУулзалтаар талууд Монгол Улсын гамшгийн үед үзүүлэх үндэсний хариу арга хэмжээний чадавхыг шинэ түвшинд хүргэх, цаашлаад бүс нутаг болон олон улсын хэмжээнд хүмүүнлэгийн эрэн хайх, аврах ажиллагаанд үр дүнтэй оролцох боломжийг өргөжүүлэх чухал ач холбогдолтойг онцолсон юм.
2026/06/12
Шинэ мэдээЭнэ хугацаанд “Сүхбаатар” хөлөг онгоц болон нийт 25 тээврийн хэрэгслийг татан гаргаж, тэдгээрт агуулагдаж байсан 80 орчим тонн шатахуун, тос тосолгооны материалыг аюулгүй болгож, Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах,нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэж, үүсэж болох эрсдэлийг бууруулаа.