Олон улсын хүмүүнлэгийн өдрийг угтан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Монгол Улаан Загалмайн нийгэмлэгтэй хамтран “Уур амьсгалын өөрчлөлт ба гамшгийг даван туулах чадавх: асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

МУЗН-ийн нарийн бичгийн дарга Н.Болормаа хэлсэн үгэндээ, "Бид цаашид, Шинжлэх ухаан-бодлого-практикийн уялдааг гүнзгийрүүлэх хүрээнд судалгаанд суурилсан зөвлөмжийг бодлогын баримт бичигт системтэй тусгах, туршилтын загваруудыг орон нутагт хэрэгжүүлэн үр дүнг үнэлж, улмаар үндэсний хэмжээнд нутагшуулах хамтарсан механизм бүрдүүлэх шаардлагатай байна. Тухайлбал, их, дээд сургууль, судалгааны байгууллага, төрийн байгууллагуудын тогтмол хамтын ажиллагааны платформыг бий болгох, уур амьсгал, гамшгийн эрсдэлийн нэгдсэн мэдээллийн санг баяжуулах, орон нутгийн түвшинд мэдээлэл цуглуулах, боловсруулах чадавхыг бэхжүүлэх хэрэгтэй. Ингэснээр зуд, үер зэрэг давтамж өндөртэй гамшгийн эрсдэлийг урьдчилан тооцоолох, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог сайжруулах боломж бүрдэнэ" гэдгийг онцолсон юм.

Онол практикийн бага хурлыг 2016 оноос хойш тасралтгүй 11 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн хуралд 27 байгууллагын эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд оролцлоо. Салбарын эрдэмтэн, судлаачдаас 20 гаруй илтгэл ирүүлснээс 10 илтгэлийг хэлэлцүүлж, санал, зөвлөмжийг тусган зөвлөмжийн төсөл гаргалаа.

Ташрамд дурадахад, дэлхий даяар 1948 оноос эхлэн тавдугаар сарын 8-ны өдрийг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний өдөр болгон тэмдэглэж ирсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2011 оноос эхлэн жил бүрийн энэ өдрийг “Монголын Хүмүүнлэгийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг юм.

2026/05/05
Шинэ мэдээХурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа
2026/05/05
Шинэ мэдээОй, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
2026/05/05
Шинэ мэдээУлсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ