Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дундговь, Өмнөговь аймгийн зарим сумдад 12-14 м/сек хүчтэй шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр +5...+10 градус, Увс нуурын хотгор, Говь-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +11...+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +25...+30 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө дулаарч +18...+20 градус дулаан байна.

Төлөв байдал: 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 28 метр давж ширүүсэн хүчтэй шороон шуурга шуурна. 20-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр, зарим үед секундэд 18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 18-нд нутгийн баруун хагаст, 19-нд нутгийн зүүн хагаст эрс сэрүүсэж шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -9...-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4...+1 градус дулаан, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -3...+2 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна. 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар дулаарна.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 08:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 6 ханатай гэр, эд зүйлийн хамт бүрэн шатаж, 5 метр хашаа хайрагдаж байсныг ажиллаж унтраасан.

Орхон аймаг, Баян-Өндөр сум Булаг багийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 14:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 3х3 метрийн хэмжээтэй байшин, эд зүйлсийн хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дорноговь аймаг, Замын-Үүд сум Жаргалант баг хашаа шатаж байна гэсэн тухай дуудлагыг 04.16-ны өдрийн 15:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 9 метр хашаа, 1х1, 1.5х2 метрийн хэмжээтэй 2 нүхэн жорлон шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Хэнтий аймаг, Батноров сум 3 дугаар багийн “Марзан өндрийн орой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 116 км, сумын төвөөс хойд зүгт 16 км, Бэрх тосгоны төвөөс зүүн хойд 45 км/ Автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 21:12 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь 42 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн  “Toyota Corolla Fielder” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

- Хээрийн түймэр: Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум Бадрах багийн “Өлзийт хүрэн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 260 км, сумын төвөөс баруун  урд зүгт 42 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 11:52 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги, Дарьганга суманд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Эрэн хайх, аврах салбар, Сүхбаатар сумын “Дөхмийн уурхай”-д ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Дундговь аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн алба хаагчид, “Далай булаг” ХХК-ийн ажилтнууд нийт 46 хүн, 8 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 04.15-ны өдрийн 23:10 цагт цурамд оруулан 04.16-ны өдрийн 19:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 24000 га талбай өртөж шатсан.

Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум Хөндлөн хайлааст багийн “Бухын цагаан булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 275 км, сумын төвөөс урд зүгт 55 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги, “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар анги, Матад суманд мөн үүрэг гүйцэтгэж байсан Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0146 дугаар анги, Эрдэнэцагаан сумын Мэргэжлийн ангийн  нийт 51 хүн, 8 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 04.15-ны өдрийн 23:10 цагт цурамд оруулан 04.16-ны өдрийн 19:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 24000 га талбай өртөж шатсан.

Увс аймаг, Давст сум 1 дүгээр багийн “Баруун мод” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 150 км, сумын төвөөс зүүн зүгт 2 км Ой, хээрийн гал түймэр гал гарч байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 18:45 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбатаар ахлуулсан 41 дүгээр анги, Давст сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид,, сумын Мэргэжлийн анги, орон нутгийн нийт 108 хүн, 8 автомашин, 13 мотоциклтой ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 20:11 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ой, хээрийн гал түймэрт 4 га талбай өртөж шатсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарах нь учрах эрсдэлийг бууруулдаг

Хамтын ажиллагааны хүрээнд орон нутаг руу чиглэсэн ойжуулалтын ажил, хүүхэд залууст мод тарихын ач холбогдол, ой хээрийн гал түймрээс хэрхэн урьдчилан сэргийлж, ойн санг хамгаалах зөв дадалд сургах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлнэ.

Сонсогч, суралцагчид мэргэжлийн ур чадвараа сорьлоо

Тэмцээнд 5 багийн 50 сонсогч, суралцагч оролцсноос тэргүүн байрт ахлах ахлагч Б.Хатанбаатар ахлагчтай II баг, дэд байрт ахлах ахлагч А.Гэрэлтсанаа ахлагчтай IV баг шалгарсан юм.