КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны улмаас үерийн далан сэтэрч, тус улсын гол хурдны зам нурсан байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрх баригчид хойд бүс нутгийн 3000 орчим оршин суугчийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.
Коимбра хотын ойролцоох Мондего голын далан сэтэрснээр Лиссабон болон Порту хотуудыг холбодог "A1" хурдны замын тулгуур багана нурж, зам дээр том ангал үүсжээ. Коимбра хотын дарга Ана Абрунхоза үндэсний телевизээр өгсөн ярилцлагадаа "Коимбра болон ойролцоох суурингууд үерийн улмаас маш хүнд нөхцөл үүсээд байгаа бөгөөд зарим суурин үерт боогдоод байгааг" хэлсэн байна.

Эрх баригчид "үерийн усыг тогтоон барих хүчин чадлынхаа хязгаарт тулаад байна" гэж Ерөнхий сайд Луис Монтенегро өмнө нь мэдэгджээ. Өнгөрсэн сарын сүүлчээс хойш тус улсын төв болон өмнөд хэсгийг хүчтэй шуургууд дайран өнгөрсний дараа олон зуун мянган хүн гэрэл цахилгаангүй болоод байна. Одоогийн байдлаар байгалийн гамшгийн улмаас 15 хүн амиа алджээ.

Хоёр долоо хоногийн өмнө болсон "Кристин" шуурганы үеэр эрх баригчдын авсан арга хэмжээ удаан, үр дүнгүй байсан гэх шүүмжлэлийн улмаас Дотоод хэргийн сайд Мариа Лусия Амарал огцорсон бөгөөд Ерөнхий сайд Л.Монтенегро Коимбрад биечлэн очиж, онцгой байдлын ажиллагааг удирдсан байна.

Эх сурвалж: montsame.mn
2026/02/12
Шинэ мэдээТөв аймагт тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэж, холбогдох яамдад хэд, хэдэн чиглэлээр үүрэг өгч, шийдвэрлэлтийг эрчимжүүлэхээр боллоо.
2026/02/12
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг нар Төв аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, техник, тоног төхөөрөмж, аврах ажиллагааны бэлэн байдалтай танилцаж, тулгамдаж байгаа асуудлыг талаар санал солилцлоо.
2026/02/12
Шинэ мэдээУрьдчилсан байдлаар түймэрт 25 орчим га талбай өртсөн байна.