Дотоод хэргийн их сургуулийн багш нарын “Бидний манлайлал-Чанартай боловсрол” нэгдсэн зөвлөгөөн болж байгаатай холбогдуулан тус сургуулийн Онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн профессор, доктор, дэд профессор, хурандаа Б.Энхтүвшинтэй ярилцлаа.
-Та онцгой байдлын салбарын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх үйлсэд хэд дэх жилдээ зүтгэж байна вэ?
-Би Дотоод хэргийн их сургуулийн 2008 оны төгсөгч. Тухайн үед Цагдаагийн академид суралцаж, энэхүү нэр хүндтэй их сургуулийн алтан босгыг алхаж байлаа. Эрдмийн уурхай болсон эрхэм багш нараасаа мэргэжлийн мэдлэг, хүмүүжлийг өвлөж авсан хүний хувьд өнөөдөр төрөлх сургуульдаа багшилж буйгаа нэр төрийн хэрэг, бахархал гэж үздэг.
Би 2016–2019 онд ОХУ-ын Москва хот дахь Онцгой байдлын яамны харьяа Гал эсэргүүцэх албаны академид докторантурт суралцаж, докторын зэрэг хамгаалсан. Олж авсан мэдлэг, туршлагаа түгээн төрөлх сургуульдаа өдгөө 10 дахь жилдээ багшилж байна. Онцгой байдлын албаны бүх шатанд ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаадаа туйлын баяртай байдаг. Цаашид ч боловсрол, судалгааны ажлаа улам хөгжүүлж, салбарынхаа ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд хичээн ажиллах болно. Энэ дашрамд Их сургуулийнхаа нийт багшлах бүрэлдэхүүнд сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь амжилт хүсье.
-“Бидний манлайлал-Чанартай боловсрол” уриан дор зохион байгуулж буй багш нарын зөвлөгөөнөөс ямар бодит үр дүн, шинэчлэл, өөрчлөлт гарч байна гэж та дүгнэж байна вэ?
-Энэхүү зөвлөгөөн нь багшлах бүрэлдэхүүнийг нэг зорилгын дор нэгтгэж, сургалтын чанарыг шинэ шатанд гаргах бодит шийдлүүдийг тодорхойлсон үр дүнтэй үйл ажиллагаа болж байна. Тухайлбал, сургалтын хөтөлбөр, агуулгын уялдаа холбоог сайжруулж, онол болон практикийн тэнцвэрийг хангах чиглэлээр тодорхой санал, шийдлүүдэд хүрч байна.
Мөн багшлах арга зүйг шинэчлэх, интерактив болон дадлагад суурилсан сургалтын хэлбэрийг нэмэгдүүлэх, түүнчлэн багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг шат дараатайгаар ахиулах чиглэлд нэгдсэн ойлголтод хүрч, цаашдын бодлогоо тодорхойлж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Суралцагчдын мэдлэг, ур чадварыг үнэлэх үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох талаар бодит санал, дүгнэлтүүд гарсан нь сургалтын чанарт эерэг өөрчлөлт авчирна гэж үзэж байна.
Хамгийн гол нь захиалагч байгууллагын хэрэгцээ, шаардлагад нийцсэн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд чиглэсэн сургалтын чанарыг дээшлүүлэх бодит арга хэмжээнүүдийг тодорхойлж чадсан нь энэхүү зөвлөгөөний онцлох үр дүн байлаа. Иймээс уг зөвлөгөөнийг цаг үеэ олсон, бодит өөрчлөлтийн эхлэлийг тавьсан чухал үйл ажиллагаа болсон гэж дүгнэж байна.
-Онцгой байдлын сургуулийн үйл ажиллагааны онцлогийг танилцуулна уу. Мөн багшлах бүрэлдэхүүний боловсрол, туршлагаас хуваалцаач?
-Онцгой байдлын сургууль нь 2012 оноос хойш бакалавр, магистр, докторын түвшний сургалтыг тасралтгүй, амжилттай хэрэгжүүлж, онцгой байдлын байгууллагад шаардлагатай мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэсээр ирсэн баялаг түүхтэй. Манай сургуулийн багшлах бүрэлдэхүүний 42 хувь нь докторын зэрэгтэй, 65 хувь нь гадаадын нэр хүндтэй их, дээд сургуулиудад боловсрол эзэмшсэн. Манай хамт олон туршлага, мэдлэг, чадвараараа салбартаа үнэлэгдсэн алба хаагчдаас бүрддэг нь бидний бахархал юм.
“Онцгой байдал-Гамшиг судлал” бакалавр, магистр, докторын хөтөлбөрт нийт 300 орчим суралцагч суралцаж, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр захиалагч байгууллагын эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн алба хаагч болж бэлтгэгдэж байна. Өнөөдөр Их сургуулиас “Бидний манлайлал-Чанартай боловсрол” уриан дор 2026 оны багш нарын зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа нь багшлах бүрэлдэхүүнд тулгамдаж буй асуудлаа ярилцаж шийдвэрлэх, сургалтын арга хэлбэрээ зөв тодорхойлох зэрэг боломжийг олгосон ач холбогдол өндөртэй үйл ажиллагаа болж байна. Шинэлэг хэлбэрээр цаг үеэ олсон, үр дүнтэй зөвлөгөөн зохион байгуулж байгаа Их сургуулийн удирдлагуудад баярлаж талархаж байгаагаа илэрхийлье.
-Орчин цагт боловсролын чанарыг илүү өндөр түвшинд тавьж байгаатай холбогдуулан суралцагчдын ур чадвар, мэргэжлийн бэлтгэл, практик дадлагыг сайжруулахад хэрхэн анхаарч байна вэ?
-Онцгой байдлын сургуулийн сургалтын орчин жил ирэх тусам сайжирч байна. Үүний хүрээнд гал түймэр унтраах клиник сургалтын анги, аврагч бэлтгэх усан спортын сургалтын төв, алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйг хөгжүүлэх албаны спортын сургалтын цамхаг, орчин үеийн галын техник, шинжилгээний лабораториудыг байгуулсан.
Мөн энэ онд цахилгаан, дохиолол, гал унтраах автомат системийн анги танхимыг шинээр нээж сургалтын дадлагын орчинг бэхжүүлэхээр төлөвлөн үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Эдгээр сургалтын орчин нь суралцагчдад мэргэжлийн ур чадварыг бодит практик дадлагаар эзэмших боломжийг бүрдүүлж, сургалтын чанар, үр нөлөөг мэдэгдэхүйц дээшлүүлж байгаа юм.

-Төгсөгч, суралцагчдын мэргэжлийн ур чадвар, сургалтын чанарыг дээшлүүлэх чиглэлээр хийгдсэн онцлох ажлуудаасаа дурдвал?
-Онцгой байдлын сургууль 2025 онд суралцагч, төгсөгчдийн мэргэжлийн ур чадварыг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах чиглэлийн сургалтын чанарыг ахиулах зорилтын хүрээнд олон чухал ололт амжилтад хүрлээ. Бид сургалтын хөтөлбөрөө олон улсын болон үндэсний боловсролын шаардлагад нийцүүлэн шинэчилж, чанарын баталгаажуулалтыг шат дараатай хэрэгжүүлсний үр дүнд хэд хэдэн томоохон магадлан итгэмжлэлийг амжилттай авсан. Тухайлбал, “Онцгой байдал–Гамшиг судлал” магистрын хөтөлбөр Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн нь сургалтын агуулга, чанар, үр дүнг албан ёсоор баталгаажуулсан чухал үйл явдал болсон. Үүний зэрэгцээ 2025 оны аравдугаар сард бакалаврын хөтөлбөрийг олон улсын ACQUIN байгууллагаар амжилттай магадлан итгэмжлүүлсэн нь манай сургалт дэлхийн боловсролын стандартад нийцэж байгааг илтгэх томоохон үнэлгээ юм. Эдгээр амжилт нь суралцагч, төгсөгчдийг дотоод, гадаадын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх боловсрол, мэргэжлийн ур чадвартай бэлтгэж байгааг нотлохын зэрэгцээ Онцгой байдлын сургуулийн сургалтын чанар, нэр хүндийг шинэ шатанд гаргасан онцлох үр дүн юм.
-Танай сургуулийн сургалтын онцлог нь юу вэ?
-Онцгой байдлын сургууль нь суралцагч, сонсогчдод чиглэсэн клиник болон дадлагад суурилсан сургалтыг тогтмол хэрэгжүүлж байна. Суралцагчид онолын мэдлэгээ бодит нөхцөлд хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхийн тулд гал түймэр унтраах клиник анги, эрэн хайх, аврах ажиллагааны дадлагын бааз, усан спортын төв, орчин үеийн лаборатори зэрэг сургалтын орчинд дадлага хийж, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлдэг. Түүнчлэн сургалтын арга зүйд интерактив хэлбэр болон практикт тулгуурласан хичээлүүдийн эзлэх хувийг нэмэгдүүлснээр суралцагчид бие даан шийдвэр гаргах, багийн ажиллагаанд идэвхтэй оролцох, нөхцөл байдалд түргэн үнэлгээ хийж ажиллах чадварыг эзэмшиж байна.
Оюутанд төвлөрсөн, ур чадварт суурилсан сургалтын бодлого нь суралцагчдын мэдлэг, чадварыг бодит үр дүнтэйгээр ахиулж, гамшгаас хамгаалах салбарт шаардлагатай мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулж байна.
-Та багш хүний хувьд “багшийн хөгжил” гэдгийг хэрхэн тодорхойлох вэ?
-Миний бодлоор багшийн хөгжил гэдэг нь зөвхөн хичээл заах ур чадвараар хязгаарлагдахгүй, харин суралцагчдын мэргэжлийн ур чадвар, гамшигтай тэмцэх чадамжийг төлөвшүүлэхэд чиглэсэн тасралтгүй өсөн дэвжих үйл явц юм. Юуны өмнө багш хүн мэргэжлийн мэдлэгээ тогтмол дээшлүүлж, гамшиг судлал, галын аюулгүй байдал, аврах ажиллагаа зэрэг салбарын шинэ стандарт, арга зүй, чиг хандлагыг судалж эзэмших шаардлагатай. Үүний зэрэгцээ практик, дадлагад суурилсан, оюутанд төвлөрсөн интерактив сургалтын арга техникийг үр дүнтэй ашиглах арга зүйн чадвар ч багшийн хөгжлийн чухал хэсэг юм. Мөн эрдэм шинжилгээ, судалгааны чадамжийг бэхжүүлж, салбарын өмнө тулгарч буй шинэ сорилт, гамшигтай тэмцэх шинэ технологи, шилдэг туршлагыг судлан сургалтдаа нэвтрүүлэх ёстой. Үүнтэй хамт хувийн хөгжил, ёс зүй, бүтээлч сэтгэлгээ, харилцааны ур чадвар, багийн ажиллагаа, оюутанд чиглэсэн хандлага зэрэг нь орчин үеийн багшийн салшгүй шинж чанар болж байна. Эцэст нь хэлэхэд, тасралтгүй суралцах хандлага буюу өөрийгөө байнга хөгжүүлж, мэдлэг чадвараа цаг үеийн шаардлагад нийцүүлэх нь багшийн хөгжлийн үндэс юм. Ийм бүхэл үйл явц нь сургалтын чанарыг дээшлүүлж, суралцагчдын практик ур чадвар, гамшигтай тэмцэх бэлтгэлийг сайжруулахад шууд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, багшийн хөгжил нь салбарын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх гол тулгуур хүчин зүйл гэж үзэж байна.
-Багш нарын судалгааны үр дүн, инновацийг сургалттайгаа хэрхэн уялдуулдаг вэ?
-Онцгой байдлын сургуульд багш нарын судалгааны ажил нь сургалтын чанарыг дээшлүүлэх гол эх үүсвэр болдог. Багш нар гамшиг судлал, галын аюулгүй байдал, аврах ажиллагааны чиглэлээр хийсэн судалгааны үр дүнгээ сургалтын хөтөлбөр, дадлагын анги, лаборатори, практик дадлагад шууд нэвтрүүлдэг. Ингэснээр суралцагчид шинэ мэдлэг, дэвшилтэт арга туршлага эзэмшихээс гадна ур чадвараа хөгжүүлэх, бодит нөхцөлд асуудал шийдвэрлэх чадвараа сайжруулах боломжтой болдог. Мөн гамшигтай тэмцэх орчин үеийн стандарт, технологи, инновацийг практикт хэрэглэх боломжийг бүрдүүлдэг. Түүнчлэн багш нарын инновац нь сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, үнэлгээний тогтолцооны сайжруулалт, интерактив болон дадлагад суурилсан арга зүйд шингэснээр оюутанд төвлөрсөн, үр дүнд чиглэсэн боловсролыг төлөвшүүлж байна. Ийм байдлаар судалгааны ажлын үр дүн сургалттай нягт уялдаж, бодит өгөөж бүхий боловсрол болон хэрэгжиж байгааг онцлон хэлмээр байна.
2026/02/09
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар Архангай аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгууллаа.
2026/02/09
Шинэ мэдээӨвөрхангай аймгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүлтэй, Гучин-Ус, Баянгол, Сант, Төгрөг, Баян-Өндөр, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл, Өлзийт, Тарагт сумдад 11-21 см дундаж зузаантай, 0.27-0.50 г/см3 нягттай байна.
2026/02/09
Шинэ мэдээ15 аймгийн 56 сумын нутаг цагаанаар зудархуу нөхцөлтэй байна.