Д.Базаррагчаа: Монголд тохиолдож болзошгүй эрсдэлээр нь газар хөдлөлт, аянга, ган, зуд… гэж гамшгийг эрэмбэлдэг

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа. Тэрбээр энэ салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай хүн юм.

–Газар хөдлөлт, ган гачиг, үер ус, цас зуд, салхи шуурга зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлийг хүн төрөлхтөн гамшигт үзэгдэл гэдэг. Үүнээс урьдчилан сэргийлэх боломжтой юу?  

  -Гамшиг гэдэг зургаахан үсэгтэй энэ үгэнд хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд нөлөөлж, улс орны нийгэм, эдийн засагтай холбоотой бүхэл бүтэн хөгжлийн үе шатыг өөрчлөх маш том агуулга оршиж байдаг. Учруулж буй хохирол нь улс орнуудыг он удаан жилээр хөгжлийг нь сааруулах, маш олон хүний амь насыг авч одох аюултай. Гамшгийн ямар нэгэн аюул тохиолдоод, түүний улмаас ихээхэн хэмжээний хохирол учрах, дараа нь учирсан хохирлыг арилгахад нийгэм, эдийн засгийн чадавх хүрэлцэх нөхцлөөр гол төлөв тодорхойлогдож байдаг юм. Манай улсын Гамшгаас хамгаалах тухай хуульд гамшиг гэсэн нэр томъёог хуульчлан оруулж өгсөн. Аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, мал амьтан олноороо хорогдох, эд хөрөнгө, музейн үзмэр, цуглуулга, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд улс орон болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц боломжоос давсан хохирол учрахыг гамшиг гэнэ гээд тодорхойлчихсон байгаа. Эндээс харахад, гамшиг ямар хэмжээний хохирол дагуулах боломжтой нь тодорхой байна. Бидний хувьд гамшгийн улмаас учрах хохирлыг бууруулахын тулд урьдаас хэрхэн тосож бэлдэх вэ, цаашид тохиолдох магадлал хэр вэ гэдэг дээр голчлон анхаарлаа хандуулж гамшгийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлж байна.

-Эхлээд гамшгийн эрсдэлээ үнэлэн тогтооно гэсэн үг үү. Гэхдээ эрсдэлээ яаж тодорхойлдог юм бол?

-Гамшгийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх гэдэг нь гамшгийн эрсдэлийн үнэлгээнээс эхэлнэ. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ гэсэн бүтэн бүлэг 2017 онд Гамшгаас хамгаалах тухай хуульд шинэчилсэн найруулгаар орсон нь эрх зүйн хувьд том өөрчлөлт авчирсан. Өмнөх хуульд ганцхан заалт байсан юм. Тэгэхээр гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийж байж цаашдын төлөв байдлаа тогтооно. Магадгүй, ирээдүйд ийм эрсдэл учирч болзошгүй гэдгийг тодорхойлох, тодорхойлсон эрсдэлийг бууруулах арга хэмжээг авах нь бидний үүрэг юм. Гамшгийн улмаас хүн, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн буй орчинд учирч болзошгүй хохирлын магадлалыг гамшгийн эрсдэл гэж үзнэ. Эрсдэлийг аюул, өртөх байдал, эмзэг байдал, чадавхын харилцан хамаарлаар тодорхойлж болно. Ямар төрлийн аюул тохиолдох, аюулд хэн, юу өртөх, мөн өртөж буй элементүүд хэр эмзэг байх вэ, тухайлбал эмзэг гэдэгт хамгийн түрүүнд өртөж амь насаа алдах магадлалтай хүн ам, эсвэл шатаж, дэлбэрэх магадлалтай ямар объект, усанд автаж болзошгүй барилга байгууламж гэх мэт, тэгээд үүнтэй тэмцэх чадавх ямар байна вэ гэдэг хэмжээсээр эрсдэлийг тодорхойлж байгаа юм.   

-Өвөл хөдөө, орон нутагт ихэвчлэн зуд турхан, хот суурин газарт угаартах  эрсдэл бий. Дээрээс нь гал түймэр, газ дэлбэрэх гэдэг ч юм уу бидний өмнө нь сайн мэддэггүй байсан эрсдэлүүд бий болчихлоо?

-Аюулыг байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой хэмээн хоёр том бүлэг болгон ангилан үздэг. Байгалийн аюул нь дотроо геологи, биологи, ус, цаг уурын гаралтай, сансрын гаралтай (сансарт байгаа биет буух, солир унах, агаар мандлын ионжсон салхи), хүрээлэн буй орчны гаралтай гэж хуваагдана. Монгол Улсын хувьд жилийн дөрвөн улиралд дөрвөн өөр, эрс тэс байгалийн гаралтай аюулт үзэгдлүүд тохиолдож байна. Өвлийн улиралд гэхэд өвөлжилт хүндэрч зуд, мөн хүчтэй цасан салхи, шуурга, хэт хүйтрэлтийн аюул тохиолдож байна. Уур амьсгалын өөрчлөлтөд Монгол Улс ихээхэн хэмжээгээр өртөж байгаагийн нэгэн илрэл нь сүүлийн 80 гаруй жилийн байдлаар буюу 1940 оноос хойш агаарын хэм дунджаар 2.50С орчмоор дулаараад байна гэсэн тооцооллыг эрдэмтэд гаргасан. Дэлхийн дунджаас Монгол Улсын дундаж агаарын хэмийн өсөлт маш их байна гэсэн үг. Зөвхөн агаарын хэмийг авч үзэхэд л ийм нөлөө гарч ирж байгаа юм. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хавартаа хүчтэй салхи шуурга ихтэй, шар усны үер, хуурайшилтаас шалтгаалан ой, хээрийн гал түймрийн давтамж өндөр байна. Зундаа ган, мөн гэнэтийн аадар бороо үер, аянга, намартаа ой хээрийн түймэр гээд эрс тэс дөрвөн улиралд өөр өөр гамшгийн аюулт үзэгдэл тохиолдож, үүнээс үүсэх хохирлын хэмжээ буурахгүй байна. Объектын гал түймэр, газ дэлбэрэх, уул уурхайд нуранги үүсэх зэрэг хүний үйл ажиллагаа, үйлдвэрлэл технологийн горим зөрчигдөх ослууд гарсаар байна.

-Эдгээр гамшгаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Эсвэл гамшиг гэдэг зүйл чинь эрсдэлээс урдьчилан сэргийлэх ямар ч боломжгүй, гэнэт дайраад өнгөрдөг юм уу?

-Монголчууд өнө удаан жил нутагтаа суурьшсан, жилийн дөрвөн улиралдаа дасан зохицож амьдарч ирсэн уламжлалтай. Гэтэл одоогийн орж ирж байгаа уур амьсгалын өөрчлөлт нь маш хурдацтайгаар Монгол Улсад явагдаж байгаа нь малчдад дасан зохицох хугацаа өгөхгүй байгаа юм. Зудын гамшиг 12 жилийн мөчлөгтэй гэж монголчууд ойлгож ирсэн ч зөвхөн 2010 оноос хойш 6-7 өвөл нөхцөл байдал хүндэрч зудын түвшинд хүрсэн байх жишээтэй. Энэ болгонд хурдан хугацаанд дасан зохицож, мал сүргээ хамгаалах, өөрийнхөө ахуй амьдралаа зохицуулах асуудал гарч ирж байгаа.  Хамгийн сүүлийн зуд 2023-2024 онд болсон. Тэр нь төмөр зуд /шилэн ч гэж ярьдаг/ буюу сүүлийн 50 жилд ороогүй их цастай байсан. Зарим газраа хоёр метр зузаантай цас орсон шүү дээ. Бид зудын гамшгаас урьдчилан сэргийлэх боломжтой. 

-Энэ өвөл ямар байх бол. Өвөлжилт хүндрэхээс хэрхэн урьдчилан сэргийлбэл зохилтой вэ?

-Өвөлжилт хүндрэх эсэх нь цаснаас гадна зунаасаа хамаардаг. Энэ жил зуншлага зарим нутгаар  нэлээд тааруу, гантай байлаа. Тиймээс энэ өвлийг яаж давах вэ гэдэг нь бидний чадавхаас хамаарна. Өвс тэжээлээ хэр бэлдэж авсан бэ, дараа нь хүчит тэжээлээ хэр бэлтгэсэн бэ, борог өвс идэж амжихгүй, бэлчээрт гарч чадахгүй байх хугацаанд малаа яаж маллах вэ, мал мах бэлтгэх гээд өвлийг өнтэй давах нь улс, орон нутаг, малчдын бэлтгэлээс ихээхэн хамаарах асуудал юм. Жил бүр УЦУОШХ-ээс өвлийн төлөв байдлыг гаргадаг. Иймээс энэ судалгаан дээрээ суурилаад тухайн нутаг нутгийн үнэлгээ өөр гарч ирнэ. Ерөнхийдөө өвөлжилт хүндрэхээс өмнө эрт сэрэмжлүүлж арга хэмжээ авах нь санхүү, хөрөнгө оруулалттай зайлшгүй холбоотой асуудал юм. Өвөлжилт хүндрэхээс өмнө зарцуулсан зардал зудын гамшгийн үед үүсэж болзошгүй хохирлыг бодитой бууруулна гэж бид үздэг. Зудын нөхцөл байдлыг 2030, 2050 он хүртэл ямар байх вэ гэдэг таамаглал, судалгааг эрдэмтэд хийчихсэн байдаг. Энэхүү судалгаагаар 2020-2022 оны суурь үзүүлэлтээр зудын маш их эрсдэлд байх газар нутгийн хэмжээ 0.5 хувийг эзэлж байна. Тэгтэл 2030 он гэхэд энэ хувь 3.9, 2050 он гэхэд 17.4 хувьд хүрч магадгүй гэсэн тооцоолол гарсан. Өөрчлөлтийн хувь ийм өндөр байгаа.

-Яах вэ, өнөө маргаашдаа болж байгаа ч алс хэтийн төлөв бол тийм ч сайн сайхан харагдахгүй л байна?

-Энэ чигээрээ ингээд үргэлжлэх юм бол нөхцөл байдал тийм ч сайхан харагдахгүй байгаа. Онцгой байдлын байгууллагын зудын эрсдэлийг бууруулах салбар дундын зохицуулалтыг хангах, хор уршгийг арилгах ажиллагааг зохицуулах үүрэг хүлээн ажиллаж байна. Зуд гэдэг нь зөвхөн малчдын ч асуудал биш шүү дээ. Хот суурин газарт ч хамаатай асуудал. Учир нь малаа алдаж, амьжиргаанаасаа салсан малчид амьдралын чанараа дээшлүүлэхийн тулд хот, суурин газрыг л бараадах нүүдэл нэмэгдэнэ. 2009-2010 оны зудын дараа хот, суурин газар руу ирэх хүн амын шилжилт хөдөлгөөн эрчимтэй өссөн. Тэд хотод ирээд дахиад шинэ эрсдэлтэй нүүр тулдаг. Ихэнх нь захын гэр хорооллын бүсээр суурьшсан. Төлөвлөгдөөгүй газарт буюу үер усны ам, тог цахилгаангүй газар бууж байна. Тэгэхээр зуд бол зөвхөн хөдөө, орон нутгийн асуудал биш юм. Тэр ч байтугай яаж ажилгүйдэл, ядуурлын түвшинг бууруулах вэ гээд бүр цогцоор нь авч үзэх ёстой асуудал юм. Хот суурин газрын гамшгийн эрсдэлийг яаж бууруулах вэ гэдэг чинь бодлогын маш том асуудал.

-Монголчуудын ахуй амьдралд жин дарахуйц нөлөө үзүүлдэг гамшиг нь мэдээж зуд. Гэхдээ хамгийн эрсдэлтэй ямар гамшиг тохиолдож болзошгүй вэ?

-Монгол Улсад тохиолдож болзошгүй гамшгийн аюулыг бид ерөнхийд нь эрэмбэлж үзсэн. Түгээмэл тохиолдох 10 гамшгийн аюулыг сонгож, Монгол Улсын газар нутгийн хэмжээнд аюулын өртөх байдлаар авч үзвэл газар хөдлөлтийн аюул (500 жилийн эргэн тохиох магадлалаар) хамгийн эхэнд эрэмблэгдэж байна. Дараа нь хохирол багатай ч тохиолдох магадлалаараа аянга орж байна. Тэгээд ган, зуд гээд үргэлжилнэ. Газар хөдлөлтийн аюул бүр хэдэн зуун жилийн дараа тохиолдох холын мөчлөгтэй хэр нь түүнээс учрах хор хөнөөл маш ихтэй. Өнөөдөр хүн төрөлхтөн газөр хөдлөлтийн тохиолдлыг урьдчилан тааварлаж чадахгүй хэвээр байна. Монгол Улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг. Өнгөрсөн зуун жилийн хугацаанд гэхэд л 1905 оноос хойш Монгол Улсад найман магнитудаас дээш дөрөв, долоон магнитудаас дээш 20 орчим томоохон газар хөдлөлтийн тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр нь он, сар, өдөртэйгөө, хаана болсон гээд бүр байрлалтайгаа байгаа. Ийм болзошгүй гамшгийн үед тэсэж үлдэх үү, үгүй юу гэдэг тухай л ярина шүү дээ. Тиймээс энэ аюул бидний дэргэд байна. Газар хөдлөлт хэдхэн секундэнд сэгсрээд өнгөрдөг. Тэрхүү 20, 30-хан секунд хэдэн мянган хүний амь насыг авч одох вэ, хэр хэмжээний хохирол учруулах вэ гэдэг нь л хамгийн том асуудал юм. Газар хөдлөлтийн хагарал байна гэдэг нь тэр нутагт энэ аюул тохиолдох магадлал өндөр шүү л гэсэн дохиог илэрхийлж байгаа юм л даа.   

-Монголд газар хөдөлдөггүй, ер нь хөдлөхгүй байх гэсэн ойлголт ихэнх хүнд байдаг юм билээ?  

-Онцгой байдлын ерөнхий газарт 3.5 магнитутаас дээш газар хөдлөлтийн  мэдээлэл ООГХ-ээс ирдэг. Газар хөдлөлтийг мэдрэх төхөөрөмжид 3.9 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдвэл олон нийтэд амжиж анхааруулах дохио дамжуулах журамтай. Зарим хүн “Би сая чичирхийлэл мэдэрлээ. Яагаад дохиолол дуугарсангүй вэ” гээд асуугаад байдаг. Тэгэхээр чичирхийлэл бүрийг дохиолол дамжуулдаггүй байх нь. Гамшгаас хамгаалах хууль эрх зүй, бодлогын орчныг сайжруулах чухал ч  барилга, дэд бүтцийн норм, хэм хэмжээ, стандартыг сайжруулах, мөрдүүлэх иргэд, олон нийтийг чадавхжуулах нь хамгаас чухал асуудал болоод байна. Бид эхлээд яаж энэ аюулыг зөвөөр ойлгох вэ. Монголчуудын “Бид газар хөдөлдөггүй, амгалан тайван газар нутагт амьдардаг” гэсэн ойлголт чинь өөрөө буруу. Нийтээрээ нэг тийм сэтгэхүйтэй яваад байдаг байсан нь одоо өөрчлөгдөж байгаа. Өнгөрсөн зуун жилийн хугацаанд тохиолдсон дөрвөн том газар хөдлөлтөд 10 гаруй хүн амь насаа алдсан. Тухайн үед бид тархай бутархай, сийрэг амьдардаг байсан учраас бага хохирол амссан. Гэтэл 1950-иад оноос Монгол Улсад үйлдвэржилт явагдаад хот, суурин газар тэлж, хүн ам олноороо нэг дор суурьших болсон. Өнөөдөр статистикийн мэдээгээр Монгол Улсын хүн амын 71.1 хувь нь хот, суурин газарт амьдарч байна. Тиймээс тухайн үед хөдөө, хээр тохиолдсон аюул өнөөдөр хот, суурин газарт тохиолдвол гамшиг болно. Улаанбаатар хотод нийт хүн амын 49 хувь нь амьдарч байгаа. Улаанбаатар хот орчимд 5-6 газар хөдлөлтийн хагарал байна, Гүнж, Эмээлтийн том хагаралуудтай. Үүн дээр сүүлд нэмэгдсэн нэг хагарал бий. ЖАЙКА-тай хамтран хийсэн эрдэмтдийн судалгаагаар Улаанбаатар хот дундуураа хуваагдсан хагаралтай байна гэсэн. Үүгээрээ юуг хэлэх вэ гэвэл бид газар хөдлөлтийн аюулаас сэргийлж барилга, дэд бүтцийн норм, стандартыг мөрдүүлэх, хот төлөвлөлт, газар ашиглалтаа оновчтой хуваарилах, иргэд олон нийтийг  өөрийгөө болон бусдыг аврах арга ажиллагаанд сургахыг чухалчилж жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх лхагва гаригийг газар хөдлөлтийн аюулыг таниулах, пүрэв гаригийг дохиогоор ажиллах өдөр болгосон. Энэ мэтчилэнгээр гамшигтай холбоотой нэмэлт мэдээллийг ОБЕГ-ын цахим хуудсаар хүлээн авахад хүн бүрд нээлттэй байдаг.

эх сурвалж: zanadia.mn

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

“ОНЦГОЙ БАЙДЛЫН ЦАГ” НЭВТРҮҮЛЭГ №209

Онцгой байдлын байгууллагын 2025 оны онцлох үйл явдлын мэдээллийг тоймлон хүргэж байна. 

“Гамшгийн үеийн удирдлагын нэгдсэн систем”-ийг үе шаттайгаар хөгжүүлж байна

Энэхүү систем нь гамшгийн үеийн удирдлагыг бодит мэдээллээр шуурхай хангах, шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх, олон нийтэд гамшгийн аюул, эрсдэлийн мэдээллийг цаг алдалгүй хүргэж иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нийт 12 дэд системээс бүрдэх юм. 

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ