Т.Алтансүх: Залуу үеэдээ үлгэр дуурайлал болж, итгэл, урам зоригийг өгсөн гэж бодож байна

A- A A+

Эртэй бяртай гэхээс илүүтэй эвлэг, зөөлөн байдлыг Онцгой залуус илтгэдэг. Энэ нь аврах ажиллагааны онцлог, үүрэг гүйцэтгэлтэй холбоотой. Бусдад туслахын төлөө “төрсөн” тангараг, буян үйлдэхийн төлөө зүтгэсэн итгэлээр сүлэгдэж, бахархал дүүрэн сэтгэлээр “ирлэгддэг” онцлогтой. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2025 оныг “Ахлах офицер”-ын жил болгон зарласантай холбогдуулан энэ удаагийн nematimes булан Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн захирагч, хошууч Төржаргалын Алтансүхийг онцоллоо. Тэрбээр Онцгой байдлын байгууллагын шилдэг ахлах офицер шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, гутгаар байрт шалгарсан юм.

-Миний бие Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул.  Аав, ээжээс хоёулаа. Айлын том хүүхэд. Бага нас хөдөө мал маллаж, хурдан морь унаж өнгөрсөн. Тосонцэнгэл сум маань аймагтаа хоёрт ордог хот, суурин газар. Мөн  өвөлдөө -40-50 хэм хүрдэг Монгол орны хамгийн хүйтэн цэг. Сумынхаа арван жилийн сургуульд суралцаж, 2011 онд бүрэн дунд боловсрол эзэмшин, БХИС-ийн Цэргийн инженерийн сургуулийг цэргийн инженерийн алба, автозамын инженер мэргэжлээр 2015 онд төгссөн.

- Байгалийн гамшиг, осол, аюулт үзэгдэл тохиолдсон хэн нэгэнд туслах, тэдний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах нь асар их хариуцлага, бас бахархал байдаг. Нөгөө талаар нэр төрийн хэрэг байсан учраас энэ албыг сонгож, үүрэг гүйцэтгэснээс хойш 11 жил болж байна. Ажлын гараагаа аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангиас гал сөнөөгчөөр эхэлж, салааны захирагч, техникийн инженер, сургалтын мэргэжилтэн, ангийн захирагч гээд шат дараалсан албан тушаалуудыг хашиж байна. Энэ хугацаанд 160 гаруй удаагийн гамшиг, ослын дуудлагаар ажиллаж, 60 орчим иргэний амь насыг авран хамгаалсан.  

- Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар анги нь Засгийн газрын 200 дугаар тогтоолоор 2016 онд байгуулагдсан.  Сумын хувьд хүн амын тоогоороо аймгийн хэмжээнд тэргүүлдэг. Сумаасаа гадна хойд чиглэлийн хил залгаа 7 сумыг хариуцан  гал түймэр гамшиг осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлж, авран хамгаалах төрийн үйлчилгээг үзүүлж байна. Хил, залгаа сумдын хувьд ОХУ-тай хиллэдэг хоёр сумаас гадна ой сан ихтэй, өндөр уул нуруудаар хүрээлэгдсэн, цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, өвөлдөө -50 хэм хүрч хүйтэрдэг, цас их унадаг онцлогтой. Үүнийгээ дагаад зам, даваа хаагдах, зам тээврийн осол, ой, хээрийн түймэр, мал, амьтны гоц халдварт өвчин гээд улсын хэмжээнд бүртгэгддэг бүх гамшиг, осол тохиолддог.

 -Онцгой байдлын байгууллагын шилдэг ахлах офицер шалгаруулах тэмцээнд аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагаа төлөөлөн оролцож, гутгаар байрт шалгарсандаа баяртай байгаа. Тус тэмцээн нь алба хаагчдын үүрэг гүйцэтгэлийн онцлог, туршлага, дадлагаас гадна мэдрэмж, мэдлэг, тэсвэр, хатуужил гээд сэтгэлзүйн болоод бие бялдрыг сорьсон. Анх удаагаа албаны хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгаа ахлах офицеруудтай нөхөрсөгөөр өрсөлдсөн ч бусдаасаа олон зүйлийг сурсан, туршлагажсан. Залуу үеэдээ үлгэр дуурайлал болж, итгэл, урам зоригийг өгсөн гэж бодож байна. Миний хувьд бүх төрлийн спортын “авьяастай”. Тэр дундаа хөнгөн атлетикийн спортоор хичээллэдэг. Аймгийн Улиастай цэргийн хүрээний анги, байгууллагуудын дунд зохион байгуулагддаг марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээнд 2016 оноос хойш оролцож, ганцаарчилсан төрлөөр нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медалийг хүртсэн амжилтыг үзүүлсэн.

-Манайх ам бүл дөрвүүлээ. Эхнэр, 2 хүүгийн хамт амьдардаг. Эхнэр Б.Отгонбилэг Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангид нярав, амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчнаар ажилладаг. Гэр бүлээрээ нэр төртэй албанд ажиллаж байгаа минь бидний бахархал. Том хүү А.Алтаншагай III ангид суралцаж, бага хүү А.Мөнгөншагай цэцэрлэгт хүмүүжиж байна. Гэрэл цацруулж амьдраарай гэдэг үгийг хэлэх дуртай. Хүний дотоод гоо үзэсгэлэн, оюун ухаан, энэрэл, эерэг бодол сэтгэл зүрхийг гэрэл мэт цацруулж, өөрийгөө болоод бусдад “хайр” түгээдэг гэж боддог. Тусч, энэрэнгүй, хариуцлагатай, эерэг хандлагатай Онцгой залуусдаа хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.

Хөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон тохиолдсон байна

Мөс цөмөрсөн дуудлага нэг, хоёр, гурав, дөрөв, арваннэг, арванхоёрдугаар саруудад бүртгэгдэж байна.

Алба хаагчид хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чиглэлээр мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ

Энэ хүрээнд БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамнаас тус яамны харьяа Олон улсын солилцоо, хамтын ажиллагааны төвд зохион байгуулсан “Олон улсын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх сургалт”-д Онцгой байдлын байгууллагын 30 алба хаагч хамрагдаж, сертификатаа гардан авлаа.