С.Ганбат:Онцгой байдлын байгууллага бол залуучууд бидний бахархал, гэр бүл, нэр төр

A- A A+

Мөрөөдлөөрөө жигүүрлэж, түүнийхээ төлөө хөдөлмөрлөж, үр шимийг нь хүртэж, амжилтыг “бүтээсэн” олон залуус үе, үеийнхэндээ үлгэр дууриалал болж байдаг онцлогтой. Залуу үеэ сургах, залгамж, халаагаа бэлтгэх нь олон жил ажилласан туршлагаас гадна хийсэн ажил бүрийн онцлог, сурсан мэдлэг бүрийн тэнцлээр бий болдог гэж боддог. Тиймээс энэ жилийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч “Ахлах офицер”-ын жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан nematimes булан энэ удаад Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа С.Ганбатыг урьж, оролцууллаа.

-Миний бие Сүхбаатар аймгийн  Баруун-Урт суманд төрсөн. Айлын том хүүхэд. Бага нас бусдын л адилаар өнгөрсөн. Зуны амралтаараа өвөөгийндөө хөдөө очиж, мал хариулна, хонины бэлчээрт олон зүйлийг мөрөөдөж, түүнийгээ биелсэн мэтээр төсөөлдөг байлаа. Энэ мөрөөдлөө өнөөдөр биелүүлээд цэргийн хүн болсон байна. Сумынхаа ерөнхий боловсролын “Тэмүүлэл цогцолбор” сургуулийг 2001 онд төгсөж,  2011 онд Цагдаагийн академид Онцгой байдлын байгууллагын ажил-эрх зүй мэргэжил эзэмшиж, улмаар 2017 онд ДХИС-ийн Удирдлагын академийг Онцгой байдлын стратеги-тактик удирдлагаар суралцаж, магистрын зэрэг хамгаалсан.

-Онцгой байдлын албанд 22 дахь жилдээ ажиллаж байна. Анх 2003 онд тухайн үеийн аймгийн Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангид шалгалт өгч, тэнцсэнээр гал сөнөөгчөөр ажлын гараагаа эхлүүлсэн. Үүнээс хойш буюу 2005-2007 онд Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах,аврах 52 дугаар ангид аврагч-гал сөнөөгчөөр, 2011-2012 онд Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангид салааны захирагч, 2012-2013 онд нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангид салааны захирагч, 2013-2015 онд Төрийн ордны галын албанд Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, 2017-2020 онд Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх тасгийн дарга, бүсийн шуурхай удирдлагын зохицуулагчаар ажиллаж байгаад 2020 оноос Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн даргаар ажиллаж байна.

- Манай аймаг тал, хээрийн бүс нутаг, жилийн бараг 200 орчим өдөр нь салхи, шуургатай. Үүнээс үүдэн хуурайшилт ихсэж, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байдаг. Үүнээс гадна цасан болон шороон шуурганд төөрсөн, сураггүй болсон, зуд, зам тээврийн осол, мал, амьтны гоц халдварт өвчин гээд бүх төрлийн дуудлага, мэдээлэл бүртгэгддэг. Сүүлийн гурван жилийн хугацаанд гэхэд 185 удаагийн гамшиг осол, гал түймрийн дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн байна. Тухайлбал, энэ оны III сард Асгат, Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийн голомтод удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажилласан. Онцгой байдлын газрын алба хаагч болон сумдын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний хамтаар 4 өдөр ажиллаж, 48 өрхийн  61 гэр, эд хөрөнгийг авран хамгаалсан. Гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр бүх шатны Засаг дарга нарын хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх, ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна.

-Онцгой байдлын алба хаагчид тал бүрийн мэдлэгтэй, олон төрлийн мэргэжлийг эзэмшсэн байдаг. Албаны маань онцлог, ажил, мэргэжлийн үүрэг гүйцэтгэлээс шалтгаалдаг байх.  Нөгөө талаар Онцгой байдлын байгууллага бол залуучууд бидний хариуцлага, бахархал, гэр бүл, нэр төр. Тийм ч учраас захирах, захирагдах ёс, бие биенээ хүндлэх зарчим, харилцан суралцах чадвар, хамтын хүч гээд багийн ажиллагаа байдаг.  

-Мэргэжлийн биш ч байгалийн гэрэл зураг авах хоббитой. Тухайн зургийг нэг өнцгөөс авахад дахин давтагдашгүй онцлогтой, гайхалтай дүрслэл “буудаг”. Зураг авч байх үеийн байгалийн өнгө, гэрэл сүүдэр, нарны байдал, үүлний хэлбэр дүрс, бүгд өөр, өөрийн гэсэн онцлогтой. Мөн түүхийн холбогдолтой ном унших дуртай.

 -Бүх л спортод сонирхолтой, хичээллэнэ, тоглоно. Арван жилийн сургуульд байхдаа үндэсний бөх, сагсан бөмбөгөөр хичээллэдэг байлаа.  Өсвөрийн үндэсний бөхийн аймгийн аваргын мөнгө, сагсан бөмбөгийн аймгийн аваргын хошой мөнгө, Галын техникийн спортын I зэрэгтэй. Аймгийн болоод бүсийн хэмжээнд зохион байгуулдаг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага гээд бүх төрлийн тэмцээн, уралдаануудад алба хаагчдаа дасгалжуулж, бэлтгэл сургуулилтыг нь хангаж оролцуулж байна.  

-Манайх ам бүл дөрвүүлээ. Эхнэр, хоёр хүүгийн хамт амьдардаг. Миний ханийг С.Гантуяа гэдэг, хувиараа ажил эрхэлдэг. Том хүү Г.Эрдэмбаяр XI ангид, бага хүү Г.Эрхэмбаяр 9 ангид орно. Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэж хэлэх дуртай. Мөрөөдлөөрөө жигүүрлэн Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэж, шат дараалсан албан тушаалуудыг хашиж байгаа минь нэр төрийн хэрэг. Бахархал болсон алба хаагч та бүхэндээ хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.

Хөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон тохиолдсон байна

Мөс цөмөрсөн дуудлага нэг, хоёр, гурав, дөрөв, арваннэг, арванхоёрдугаар саруудад бүртгэгдэж байна.

Алба хаагчид хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чиглэлээр мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ

Энэ хүрээнд БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамнаас тус яамны харьяа Олон улсын солилцоо, хамтын ажиллагааны төвд зохион байгуулсан “Олон улсын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх сургалт”-д Онцгой байдлын байгууллагын 30 алба хаагч хамрагдаж, сертификатаа гардан авлаа.