Испанид энэ сард 16 хоногийн турш үргэлжилсэн хэт халууны үеэр түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт бүртгэгдсэн талаар тус улсын цаг уурын агентлаг ням гарагт мэдээлжээ.
Испанийн хойд болон баруун нутгуудад ой хээрийн түймэр дүрэлзсээр буй энэ үед наймдугаар сарын 3-18-ны хооронд тохиосон хэт халууны урьдчилсан мэдээллээс үзэхэд, 2022 оны долоодугаар сард бүртгэгдсэн өмнөх дээд үзүүлэлтээс давж, агаарын дундаж хэм өмнөхөөс 4.6 хэмээр өндөр байсан гэж AEMET цаг уурын агентлаг мэдээлсэн байна.
Мөн наймдугаар сарын 8-17-ны хоорондох 10 хоног нь Испанид 1950 оноос хойш анх удаа хамгийн халуун өдрүүд удаан үргэлжилсэн тохиолдол боллоо. Наймдугаар сарын хэт халууны улмаас ой хээрийн түймэр дэгдэж, дөрвөн хүн амиа алдаж, олон мянган хүн орон гэрээ орхин явахаас аргагүйд хүрсэн байна. Мөн хөрш Португал улсад дөрвөн хүн түймэрт өртөж амиа алджээ.
III Карлосын нэрэмжит эрүүл мэндийн хүрээлэнгээс мягмар гарагт гаргасан тооцооллоор, Испанид наймдугаар сарын хэт халууны улмаас 1100 гаруй хүн нас барсан байна. Долоодугаар сард 1060 хүн нас барсан нь хэт халуунаас үүдэлтэй байж болзошгүй гэж тус хүрээлэн өмнө нь мэдэгдсэн бөгөөд үүнийг 2024 оны долоодугаар сарынхтай харьцуулахад 50 хувиар өсжээ. AEMET 1975 оноос холбогдох бүртгэл мэдээллийг хөтөлж эхэлснээс хойш Испанид 77 удаагийн хэт халалт бүртгэгдсэний зургаан тохиолдолд ердийнхөөс 4 ба түүнээс дээш хэмээр халсан байна. Тэгвэл тэдгээрийн тав нь 2019 оноос хойш бүртгэгджээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр дэлхий даяар илүү урт хугацаанд илүү их аагим халуун илүү ойр ойрхон болж байгааг судлаачид хэлж байна. Тус агентлагаас мэдэгдсэнээр, энэ зун өмнөх арван жилийнхээс илүү халуун байгаа нь шинжлэх ухааны үндэслэлтэй ажээ. “Зун бүр өмнөхөөсөө илүү халуун байдаггүй боловч илүү халуун зун болох хандлага ажиглагдаж байна. Хамгийн гол нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, сааруулах нь чухал” гэж тайланд бичжээ.
Испанийн хойд нутгуудад асаж буй түймэр өнгөрсөн долоо хоногт 350 мянга гаруй га талбайг хамарч, он гарснаас хойш 400 мянга гаруй га талбай сүйдсэн бөгөөд одоо л түймрийг цурманд оруулж эхэлж байна. Одоогийн байдлаар Европын есөн орны гал сөнөөгчид болон гал унтраах зориулалттай нисэх онгоцууд Испанийн онцгой байдлын албаныханд дэмжлэг үзүүлж байна.
Түүнчлэн Португалд өнгөрсөн бямба гарагт ойн түймрийн улмаас дөрөв дэх хүн амиа алдсаныг зарлажээ. 45 настай гал сөнөөгч эрэгтэй өнгөрсөн долоо хоногт гал унтрааж байхдаа хүнд бэртсэн байна. Одоо үргэлжилж буй хэт халууны улмаас Португалд 60 мянга гаруй га, он гарснаас хойш нийт 278 мянга гаруй га талбай шатан сүйджээ.
Эх сурвалж:montsame.mn
2025/08/26
Шинэ мэдээСумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлснээр төрийн ачаалал буурч, эдийн засгийн үр ашигтай ажиллаж эхэлсэн гэдгийг энэ үеэр танилцууллаа.
2025/08/26
Шинэ мэдээ“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) зохион байгуулах цэнхэр бүсэд гал түймэр гарсан үед хариу арга хэмжээ зохион байгуулах дадлага, сургуулийг зохион байгууллаа.
2025/08/26
Гадаад мэдээБУДАПЕШТ, 2026 оны наймдугаар сарын 6 /Reuters/. Австри улсад лхагва гарагт агаарын хэм түүхэн дээд хэмжээнд хүрч халжээ. Түүнчлэн аагим халуун, ган гачгийн улмаас төв болон өмнөд Европт ихээхэн хүндрэл үүсэж, Унгар улсад эрчим хүчний хэрэглээг хязгаарлажээ. Дэлхийд хамгийн эрчимтэй дулаарч буй Европ тивд энэ зун түүхэнд үзэгдээгүйгээр халж, Франц, Испани улсууд түймрийн гамшигт өртөөд байна. Аагим халуун агаарын урсгал зүүн зүгт шилжиж, Италийн зарим нутагт Цельсийн +40 хэм хүрсэн тул томоохон хотуудад улаан түвшний сэрэмжлүүлэг зарлажээ. Албани улсын онцгой байдлын албаныхан Маллакастер мужийн өмнөд хэсэгт дэгдсэн ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. Хэт халуунаас болж Ватиканы Пап лам Лео долоо хоног тутмын айлтгалаа Ариун Петрийн талбайд бус харин дотор танхимд хийхээс аргагүйд хүрчээ. Ромд ирсэн жуулчид энэ шийдвэрийг "бүгчим халуунаас түр боловч зугтах боломж" хэмээн талархан хүлээн авчээ. Словактай залгаа хилийн орчимд орших Австрийн Бад Дойч-Альтенбург хотод агаарын хэм +41.2 °C хүрснийг тус улсын үндэсний цаг уурын алба бүртгэжээ. Түүнчлнэ мягмар гарагт Вена хотын орчимд +41.0 °C хүрч халсан байна.