Т.Оюунсүх: Олон улсад үүрэг гүйцэтгэсэн аврах ажиллагаанууд албандаа зүтгэх тэвчээр, хатуужил, зоригийг өгсөн

A- A A+

Хүн бүрийн мөрөөдөлд хүрсэн алхам өөр хэдий ч хүсвэл, зорьвол бүтдэггүй, болдоггүй зүйл гэж байдаггүй. Оч мэт гялалзаж, орд мэт нэг л өдөр “сүндэрлэдэг” онцлогтой. Хувь хүний хөдөлмөр, тэсвэр, тэвчээр, ур чадвар гээд цагийн аясаар бүх зүйл түүний амжилтыг тодотгодог. Онцгой байдлын байгууллагад үүрэг гүйцэтгэх хугацаандаа олон улсын аврах ажиллагаанд хоёр ч удаа оролцож, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх эрүүл мэндийн үйлчилгээг хариуцаж ажилладаг нь түүний ажлын онцлог. Тиймээс энэ удаагийн nematimes булан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2025 оныг “Ахлах офицерын жил” болгон зарласантай холбогдуулан ОБЕГ-ын харьяа Ар талын 115 дугаар ангийн эмч, хошууч Т.Оюунсүхийг танилцуулж байна. 

-Миний бие Дархан-Уул аймагт айлын 4 дэх хүүхэд болон мэндэлсэн. Аймгийн IX дунд сургуульд 1989-1999 онд бүрэн дунд боловсрол эзэмшиж, 1999-2005 онд  ЭМШУИС-д Уламжлалт анагаахын эмч мэргэжлийг эзэмшсэн. Улмаар 2010-2012 онд БНСУ-д нийгмийн халамжийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалж, 2022 онд Шастины III төв эмнэлгийн дүрс оношлогооны мэргэшил дээшлүүлэх курст сурч, дүрс оношлогооны эмч болсон.

-Онцгой байдлын албандаа 12 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Цэргийн хүн болох мөрөөдлөө одоогийн Үндэсний аврах бригадад 2013 онд сувилагчаар томилогдсноор биелүүлж байлаа. Улмаар тухайн ондоо Сургалтын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр ажиллах болсноор офицерын эгнээнд шилжин орсон.  Тухайн мэргэжлээр 8 жил ажиллах хугацаандаа  алба хаагчдад аврах ажиллагаанаас гадна хууль, дүрэм журам, гадаад хэл, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх, сэтгэлзүйн үйлчилгээ зэрэг бүх төрлийн сургалтыг зохион байгуулдаг байсан маань өнөөг хүртэл ажиллах тулгуур болсон гэж боддог.

-Улмаар 2021 оноос эхлэн ОБЕГ-ын харьяа 115 дугаар ангид эмчээр томилогдон ажиллаж байна. Ангийн бие бүрэлдэхүүний эрүүл мэндэд болон эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалт дадлагыг зохион байгуулж, үзлэг, оношлогоонд хамруулдаг. Мөн 21 аймгиийн Онцгой байдлын газар, хэлтсийн алба хаагчдын эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд хамруулах, эрт илрүүлэх ажлыг хэсэгт 2023-2025 онуудад ажиллаж, 1500 гаруй алба хаагчдад хэвлийн хэт авиан оношлогоо хийж, шаардлагатай тохиолдолд дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэн, эмчилгээ, үйлчилгээг хийлгэсэн байна.

- ОХУ-ын Улаан-Үд хотод 2015 оны есдүгээр сард гарсан ой, хээрийн түймрийн голомтод үүрэг гүйцэтгэсэн 50 хүний бүрэлдэхүүнтэй Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн нэг болон ажилласан.  Мөн 2023 оны II сард БНТУ-д болсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод ажилласан Монгол Улсын эрэн хайх, аврах багийн гишүүнээр томилогдон, үүрэг гүйцэтгээд ирсэн. Олон улсад үүрэг гүйцэтгэсэн аврах ажиллагаанууд хоёргүй сэтгэлээр албандаа зүтгэх тэвчээр, хатуужил, зоригийг өгсөн.  

-Монгол улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн  нэрэмжит “Марш тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээнд 2022, 2024 онд албаа төлөөлөн оролцсон алба хаагчдын эрүүл мэндийг дэмжих, эмчилгээ, үйлчилгээг зохион байгуулах үүргийг мөн гүйцэтгэсэн. Тухайн үед алба хаагчид маань амжилтаа ахиулж, мөнгө, хүрэл медалийг хүртсэнд баяртай байдаг.

- Ном унших хоббитой.  Хүн бүртэй л ижил тэгш харьцахыг эрхэмлэдэг. Заримдаа буруугийн хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй “дутагдалтай”. Мэргэжилдээ эзэн, ямар ч нөхцөлд ажиллах сэтгэлтийн хат, сэтгэлзүйтэй, үргэлж хөгжиж, суралцагч байх нь Онцгой байдлын алба хаагчийн онцлог гэж боддог.  “Мэддэггүйгээ асуухаас ичих биш, мэдэхгүй байгаагаасаа ичих хэрэгтэй” гэсэн үгийг байнга санаж явдаг.  Онцгой байдлын албаар овоглосон нийт алба хаагчид та бүхэндээ болон 115 дугаар ангийн удирдлага, хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. Алба хаагчид та бүхэн бол зоригтой, зүрхтэй, эгэл баатрууд гэж хэлмээр байна. Мөн мөнхийн бахархал байх болно. Баярлалаа.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.

Хөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон тохиолдсон байна

Мөс цөмөрсөн дуудлага нэг, хоёр, гурав, дөрөв, арваннэг, арванхоёрдугаар саруудад бүртгэгдэж байна.

Алба хаагчид хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чиглэлээр мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ

Энэ хүрээнд БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамнаас тус яамны харьяа Олон улсын солилцоо, хамтын ажиллагааны төвд зохион байгуулсан “Олон улсын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх сургалт”-д Онцгой байдлын байгууллагын 30 алба хаагч хамрагдаж, сертификатаа гардан авлаа.