Бүх зүйлийн эвийг нь олчихдог, ажлын ачаалалд түүртэлгүй үүргээ гүйцэтгээд явж байдаг олон залуусыг харахаар өөрийн эрхгүй суралцмаар бас бахархмаар... Аливаад сэтгэл, зүтгэл гаргадаг хүний үг, үйлдэл бүхэн гэгээлэг байж, бусдыг манлайлдаг нь цагийн эрхэнд үнэлэгддэг чухал чадваруудын нэг гэж ойлгодог. Ийм л олон залуусын хичээл, зүтгэл, итгэл бүхний оргил тухайн байгууллагын үнэт зүйлсийг бүрдүүлдэг онцлогтой. Тиймээс энэ олон залуусын төлөөлөл болгож, энэ удаагийн nematimes булан Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Б.Баттөмөрийг танилцуулж байна.
-Миний бие Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрж, өссөн. Эхээс хоёулаа. Айлын ууган хүүхэд. Бага нас хөдөө мал маллаж, морь унаж өнгөрсөн. Сумынхаа ерөнхий боловсролын сургуулийг 2012 онд төгсөж, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид цэргийн алба хаагч ирээд өөрийн хүсэл, мөрөөдлийн дагуу ажилд орох хүсэлт өгснөөр Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарт усчин аврагчаар томилогдсон. Улмаар 2022 онд ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийг Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба мэргэжлээр төгсөж, Төв аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах аврах 75 дугаар ангид салааны захирагчаар томилогдон, 2023 онд тус газрын Зуунмод сум дахь Эрэн хайх, аврах салбарт бүлгийн дарга-аврах ажиллагааны зааварлагчаар, энэ оны тавдугаар сараас Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ажиллаж байна.
-Өвөө маань ганц ачийгаа цэргийн хүн болгон гэж бага байхад ярьдаг байсан. Тэр хүслийг нь биелүүлж, албандаа 12 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаадаа бахархал дүүрэн байдаг. Ажиллах хугацаандаа 400 орчим гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 900 гаруй хүний амь насыг авран хамгаалж, 140 гаруй буцалтгүй нэрвэгдэгчийг голомтын бүсээс гаргаж, холбогдох байгууллагад нь хүлээлгэн өгсөн. Энэ жил хуурайшилт их байгаатай холбоотойгоор улсын хэмжээнд ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдсээр байна. Аймгийн Онцгой байдлын алба хаагчдынхаа хамтаар Сэлэнгэ аймгийн Хүдэр, Төв аймгийн Эрдэнэ, Борнуур суманд гарсан ойн түймрийг унтраах ажиллагаанд оролцоод ирсэн.

-Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн онцлог нь галын аюулгүй байдлыг хангах, түймрээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт хийх үндсэн чиг үүрэгтэй мэргэжлийн алба хаагч юм. Төв аймаг нь хамгийн олон буюу 27 сумтай. Мөн 21 аймгийн авто болон төмөр замууд тухайн аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг. Улсын нийслэл Улаанбаатар хоттой ойрхон. Том, жижиг нийлсэн 33 голтой. Хангай, тал, говь хосолсон байгалийн өвөрмөц тогтоцтой учраас обьектын болон ой, хээрийн түймэр, усны осол, үерийн аюул, авто осол, хүн, малын гоц халдварт өвчин гээд бүхий л төрлийн гамшиг, ослын дуудлага мэдээлэл бүртгэгддэг.

-Онцгой байдлын байгууллагын алба хаагч байна гэдэг бол зориг, хариуцлага, тэсвэр хатуужлын илэрхийлэл гэж ойлгодог. Зоригтой, шийдэмгий, бие бялдрын болон сэтгэлзүйн бэлтгэлтэй, хариуцлага өндөртэй, хамтран ажиллах чадвартай, ёс суртахуунтай, шударга, хүнлэг байх ёстой. Миний хувьд усан спортоор хичээллэдэг. Бүх төрлийн спортыг сонирхож, тоглоно, гүйнэ. Жижиг гэлтгүй бүхий л зүйл алба хаагч надаас шалтгаална гэдгийг үргэлж ухамсарлаж, түүнийгээ ажил, мэргэжилдээ мөрдлөг болгон ажиллахыг хичээдэг.

-Манайх ам бүл дөрвүүлээ. Эхнэр, хоёр хүүгийн хамт амьдардаг. Ханийг маань Э.Отгонтуяа гэдэг. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул. Одоогоор Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт ажиллаж байна. Том хүү Б.Бат-Ирмүүн "Бүжинхэн" цэцэрлэгт явдаг, бага хүү Б.Буянбат 6 сартай. Эхнэртэйгээ нэг сургуулийн оюутнууд. Оюутан ахуй насандаа танилцаж, анхны хүүхдээ өлгийдөн авч байлаа. Эхнэртэй, хүүтэй, мэргэжилтэй, дипломтой, ажилтай, дэслэгч цолтой төгссөн сайн оюутан шүү гэж хошигнон ярих дуртай. Элэг бүтэн амьдрал бол амьдралын утга учир гэж ойлгодог. Айл, өрх бүр гамшиг, ослын аюулаас сэргийлэгч байж, элэг бүтэн, өнчрөл, өвчин зовлонгүй байгаасай гэж "залбирч" явдаг.

-Уран зөгнөлт сэдэвт ном унших сонирхолтой. Сүүлийн үед хүүдээ үлгэрийн ном уншиж өгч, ажлын холбогдолтой хууль, дүрэм, журмын талаар уншиж байна. Өнөөдөр хийж чадах зүйлээ маргааш бүү хойшлуул гэж хэлэх дуртай. Зорилго, тэмүүлэлтэй байхад бүх зүйл цагийн аясаар болно доо л гэж боддог. Хэнтий, Өвөрхангай аймгийн унаган хүүхдүүд Төв аймагт суурьшин, ажиллаж, амьдарч байгаадаа талархалтай байдаг. Хамтран ажиллаж байгаа хамт олондоо болон нийт алба хаагчдадаа сайн, сайхан бүхнийг хүсье.

2025/07/22
Шинэ мэдээБайгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.
2025/07/22
Шинэ мэдээМөс цөмөрсөн дуудлага нэг, хоёр, гурав, дөрөв, арваннэг, арванхоёрдугаар саруудад бүртгэгдэж байна.
2025/07/22
Шинэ мэдээЭнэ хүрээнд БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамнаас тус яамны харьяа Олон улсын солилцоо, хамтын ажиллагааны төвд зохион байгуулсан “Олон улсын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх сургалт”-д Онцгой байдлын байгууллагын 30 алба хаагч хамрагдаж, сертификатаа гардан авлаа.