Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар, Архангай, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Өмнөговь, Хөвсгөл аймгуудын нутгийн зарим хэсгээр бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр +22…+27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар +33…+38 градус, бусад нутгаар +27...+32 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно, салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +28…+30 градус дулаан байна.

Төлөв байдал: 27-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 28-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 30-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +15...+20 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +20...+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +33...+38 градус, бусад нутгаар шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +26...+31 градус дулаан байна.

Гал түймэр:

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.25-ны өдрийн 08:57 цагт хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан. 

Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багт граж шатаж байна гэсэн дуудлагыг 06.25-ны өдрийн 10:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-гийн 8х6 метрийн хэмжээтэй граж болон дотор нь  байсан мужааны багаж хэрэгсэл, гэрийн тавилга, 2 гэрийн эсгий туурга, дулаалгын хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт хураалгаатай банз шатаж байна гэсэн дуудлагыг 06.25-ны өдрийн 10:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 4 метрийн урттай хураалгаатай 9 ширхэг хашаа /225 ширхэг банз/ шатаж байсныг ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.25-ны өдрийн 15:12 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 8х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн  “Бор хошуу” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 140 км-т, сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ өвс ачсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.25-ны өдрийн 15:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Булган аймгаас Төв аймгийн Батсүмбэр сумын чиглэлд 700 боодол өвс ачин зорчиж явсан иргэн Б-гийн “XGA-4250” загварын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт хог шатаж байна гэсэн дуудлагыг 06.25-ны өдрийн 16:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 600 метр2 талбайд хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Налайх дүүргийн 6 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.25-ны өдрийн 16:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход  иргэн Б-гийн 4х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.25-ны өдрийн 19:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 3х4 хэмжээтэй амбаарын дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт орон сууцны байранд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 06.25-ны өдрийн 21:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн байранд буйдан шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Булган аймгийн Дашинчилэн сумын Лах багийн “Антены- Ар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 147 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 8 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 06.25-ны өдрийн 21:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 8х6 метрийн хэмжээтэй өвөлжөөний дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 06.25-ны өдрийн 21:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3х4 метрийн хэмжээтэй агуулахад цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 06.26-ны өдрийн 01:25 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан. 

Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн “Тэргийн гол” /Хэргийн-Оорц/ гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 212 км, сумын төвөөс баруун хойд зүгт 150 км, Батсүмбэр сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км/ “www.firms.modaps.eosdis.nasa.gov” болон “www.icc.mn” сайтад түймрийн цэг илэрсэн мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас 06.19-ний өдрийн 19:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчид ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 06.24-ний өдрийн 09:25 цагт цурманд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна. Нийт 285 га талбай өртсөн.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Доргон толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 55 км, сумын төвөөс урд зүгт 30 км/ ойн гал түймэр гарсан гэсэн дуудлагыг 06.22-ны өдрийн 11:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, 36 дугаар анги, Сайхан сум дахь 61 дүгээр анги, Хүдэр сум дахь аврах салбарын алба хаагчид, Тужийн нарс байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны газрын ажилтнууд, орон нутгийн иргэд гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Голомтод унинга, хөвд ихтэй, салхины хүч их байна. 

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багийн “Урд-Агяа тайга” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 337 км, сумын төвөөс баруун хойд зүгт 57 км/ “Firms.modaps.eosdis.nasa.gov” сайтад түймрийн цэг илэрсэн мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас 06.22-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын байгаль хамгаалагчид түймрийн голомтод ажиллаж байна. Уг гал түймэрт ойролцоогоор 200 га ой шатсан.

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Жаргал мандах багийн "Сандан шовх" гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 8 км, аймгийн төвөөс зүүн зүгт 140 км/ 06.23-ны өдрийн 13:30 цагт ойн гал түймэр гарсныг сумын мэргэжлийн анги ажиллаад цурамд оруулсан боловч цурамнаас алдах магадлалтай байгаа тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 09:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Түшиг сумын мэргэжлийн ангийнхан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 06.25-ны өдрийн 20:00 цагт бүрэн унтрааж, тус сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 30 орчим га талбай шатсан.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих багийн “Товхон хан” уулын ар талд "Хоорондын-Ам" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 134 км, сумын төвөөс баруун зүгт 44 км, Дархан-Уул аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км/ www.firms.modaps.eosdis.nasa.gov болон www.Iсс.mn сайтад ойн гал түймрийн цэг илэрсэн мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас 06.23-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Сэлэнгэ, Дархан-Уул, Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Голомтод хөвд, унинга ихтэй, уулаараа салхины хүч их байна.

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн "Жологийн эх духын-Ам" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 290 км-т, сумын төвөөс хойд зүгт 120 км-т/ firms.modaps.eosdis.nasa.gov сайдад дулааны цэг илэрсэн тул ЗХ-ний 303 дугаар ангийн Ми-171 нисдэг тэргээр  06.24-ний өдрийн 14:00 цагт тандалт хийж түймэр гарсан байгааг илрүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг ЗХ-ний 303 дугаар ангийн Ми-171 нисдэг тэргээр түймрийн голомтонд буулгаж, унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. 

Ой, хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин  багийн “Даваат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 320 км-т, Ерөө сумаас зүүн урд зүгт 270 км-т, Мандал сумаас зүүн хойд зүгт 101 км-т/ ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 22:33 цагт/ 06.25-ны өдрийн 08:01 цагт/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, Баянгол сум дахь 40 дүгээр анги, нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Мод боловсруулах үйлдвэр, “Баян суудал шүтээн” ХХК, “Жаврай” ХХК-ийн ажилтнууд ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн “Ялбаг асгатын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 325 км-т, Ерөө сумаас зүүн урд зүгт 270 км-т, Мандал сумаас зүүн хойд зүгт 60 км-т/ ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 22:40 цагт хүлээн авсан. НОБГ-ын алба хаагчид ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Шарлан гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 320 км-т, Мандал сумын төвөөс зүүн зүгт 140 км-т/ firms.modaps.eosdis.nasa.gov, сайтад 06.25-ний өдрийн 06:00 цагт ой, хээрийн гал түймрийн цэг илэрсэн дуудлагыг хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригадын алба хаагчдыг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171Е загварын нисдэг тэрэгээр түймрийн голомтод хүргэсэн бөгөөд ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна. 

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн "Дэлэнч" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т, Хүдэр сумын төвөөс баруун урд зүгт 60 км-т/ аянга буусны улмаас ой, хээрийн түймэр гарсан дуудлагыг 06.25-ны өдрийн 16:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн ажилтнууд 19:08 цагт бүрэн унтрааж “Болдтөмөр Ерөө гол” ХХК-д хүлээлгэн өгсөн. Уг гал түймэрт 4 га ой, хээрийн талбай өртөж шатсан. 

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Жаргалантын даваа” гэдэг газар / аймгийн төвөөс зүүн урд зүгт 210 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дудлагыг 06.25-ны өдрийн  18:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 0236 дугаар салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 21:28 цагт цурманд оруулсан.

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн "Улиатай" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 250 км-т, сумын төвөөс зүүн зүгт 100 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.25-ны өдрийн 18:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Хилийн цэргийн 0286 дугаар ангийн 0293 дугаар салбарын алба хаагчид ойн гал түймрийг унтраахар ажиллаж байна.  

Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Архангай аймгийн Түвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн “Дээд булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 52 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км-т, 47°27'00.0"N 102°04'48.0"E / 06.25-ны өдрийн 06:06 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай мэдээллийг 06:17 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Түвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн дарга болон малчнаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, гэрийн уна тооно шажигнаж дуугарсан гэж мэдээлсэн. Учирсан хохирол үгүй. 

Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Үер: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шугшаа, Мөргөцөг, Тост, Хөв, Мод үржүүлэг хорооллуудад 06.25-ны өдрийн 15:05-16-20 цагийн хооронд усархаг бороо орчсны улмаас айлын гэр, хашаа, автомашин усанд автаж зарим гэрүүд урсаж нурсан тухай дуудлагыг 06.25-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 67 дугаар ангийн алба хаагчдыг очиход  “Тост”, “Мөргөцөг” хорооллуудад нийт 4 гэр үерт автаж нурсан, иргэн А-гийн “Приус-20” суудлын автомашин усанд автсан байсныг татаж, мөн 20 иргэн /үүнээс 12 хүүхэд/-ийг нүүлгэн шилжүүлж, баригдаж байгаа 40 айлын орон сууцны байрны зоорийн давхарт орсон усыг  мотопомпоор соруулан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшигт тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэхэд шинжлэх ухаан, судалгааны нотолгоо чухал үүрэгтэйг харууллаа

Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.

Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо

Уулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.