Гамшгийн үед ашиглах техник, багаж хэрэгсэл, хамгаалах хувцасны нөөцийг бүрдүүлэх, шуурхай хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангахыг анхааруулав

A- A A+

УОК-ын II хуралдаан болж, хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, болон холбогдох яамд, агентлагийн удирдлагууд оролцлоо. Хуралдаанаар улаанбурхан өвчний өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, ган, зуншлагын нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг сонсож, хэлэлцлээ.

Улсын хэмжээнд энэ сарын 20-ны байдлаар улаанбурхан өвчний нийт 8,862 тохиолдол бүртгэгдэж, түүнээс нас барсан долоон тохиолдол байна. Нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 16.6 хувь нь хөнгөн, 77.4 хувь нь дунд, 5.5 хувь нь хүнд, 2 тохиолдол нэн хүнд явцтай байна. Нийт халдварын 88.3 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Насны ангиллаар нь авч үзэхэд 44.4 хувь нь 10-14 нас, 16.5 хувийг 3-9 нас, 9.9 хувийг 9 сараас 2 нас, 4.7 хувийг улаанбурханы эсрэг товлолын дархлаажуулалтад хамрагдах нас болоогүй 0-8 сартай хүүхдүүд, 13.4 хувийг 15-19 дээш насныхан тус тус эзэлж байна. Дээрх бүртгэгдсэн тохиолдлын 71.5 хувь нь улаанбурханы эсрэг товлолын дархлаажуулалтад хамрагдаагүй, 4.9 хувь дархлаажуулалтын нас болоогүй тохиолдлууд эзэлж байгаа бол 15.8 хувь нь улаанбурханы эсрэг 2 тунд хамрагдсан, 7.8 хувь нь 1 тунд хамрагдсан гэх мэдээллийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өглөө.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хэлэхдээ амралт, баяр наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байгааг онцолж, Эрүүл мэндийн салбарыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн гэв. Мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн онцгой комиссыг яаралтай хуралдуулж, дархлаажуулалтын явцыг эрчимжүүлэх шаардлагатайг анхаарууллаа.

Энэ зун монгол орны хэмжээнд хур тунадас олон жилийн дунджаас бага байна. Тодруулбал, Төв, Сэлэнгийн нутаг буюу газар тариалангийн бүс нутгаар бага хур тунадас орсон. Үүний улмаас бэлчээрийн ургамлын ургалт 6 дугаар сарын 20-ны байдлаар нутгийн 61 хувьд хэвийн, 36 хувьд дунд, 3 хувьд муу байна. Архангай, Говьсүмбэр, Булган, Орхон, Дархан-Уул, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар хэвийн, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Сэлэнгэ, Дундговь, Хэнтий, Дорноговийн ихэнх нутгаар дунд, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Төв, Өвөрхангай, Өмнөговийн зарим сумдын нутгаар муу байна. Түүнчлэн 06 дугаар сарын 22-24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст аагим халуун өдрүүд үргэлжлэх төлөвтэй байна. Халууны өдрүүд үргэлжлэхтэй зэрэгцэн Улаанбаатар хотод үерийн эрсдэл гарч болзошгүйг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар анхааруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулах, инженер дэд бүтцийн асуудалд онцгойлон анхаарахыг санууллаа.

Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлаа сайтар хангах, улаанбуудайны хангалт, нийлүүлэлтэд анхаарч, гурилын хангалтыг тогтворжуулах төлөвлөгөөг гарган ажиллахыг холбогдох яамдын сайд нар үүрэг болголоо.

УОК-ын хуралдаанаар дараах үүрэг чиглэлийг өглөө.

Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлэх, лаборатори, эмнэлгийн хэрэгсэл, хүний нөөцийн бэлэн байдлыг хангах, иргэдэд зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол хүргэх;

Үерийн эрсдэлтэй бүсэд айл өрх, ААН-үүд суурьшихаас сэргийлэх, Эрсдэлтэй бүсийн айл өрхөд мэдэгдэл хүргүүлж, шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлэх;

Цаг агаар, гамшгийн мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэх, гол, нуур тогтоол усны орчимд хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, нисгэгчгүй нисэх төхөөрөмж, камер ашиглан хяналт тавих;

Далан, суваг, шуудууг сэргээн засварлах, гамшгийн үед ашиглах техник, багаж хэрэгсэл, хамгаалах хувцасны нөөцийг бүрдүүлэх, шуурхай хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах;

Өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлаа хангах, аюулгүйн нөөцөд өвс, тэжээл бэлтгэх ажлыг цаг алдалгүй зохион байгуулах зэрэг үүрэг чиглэлийг өглөө.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ахлах ахлагч Б.Хүрэлчулуу дэлхийн аваргаас алт, мөнгөн медалийг хүртлээ

Тэрээр мастерсийн цэнхэр бүсний ангиллын -74кг-ийн но-ги төрөлд алтан медаль,  Ги-тэй төрлийн -76кг-ийн ангилалд мөнгөн медалийг тус тус хүртсэн юм. 

Өнгөрөгч наймдугаар сар дэлхийн түүхэн дэх хамгийн дулаан саруудын нэг боллоо

Туйлын бүс нутгийг тооцохгүйгээр дэлхийн далайн гадаргын дундаж температур 2024 оны 3 дугаар сард бүртгэгдсэн хамгийн дулаан температуртай адил хэмжээнд хүрсэн байна

Үндэсний болон олон улсын хүмүүнлэгийн хариу арга хэмжээний уялдаа, зохицуулалтын талаар мэдлэг, туршлагаа солилцлоо

Тус сургалт нь гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламж, хариу арга хэмжээний зохицуулалтын талаарх оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний болон олон улсын оролцогчдын хамтын ажиллагаа, харилцан ажиллагааг бэхжүүлэх, хүмүүнлэгийн зохицуулалтын чиглэлээр сургалт, дадлага сургуулийг төлөвлөн зохион байгуулах чадавхыг дээшлүүлэхэд ач холбогдолтой байлаа.