Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Баян-Өлгий, Булган, Увс, Өвөрхангай, Хөвсгөл аймагт бороо орж, Дорнод аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Хур тунадас ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн хойд хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +4…+9 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +8…+13 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +25…+30 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +17…+22 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, ялимгүй хур тунадас орно, салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна, +7…+9 градус дулаан байна.
Төлөв байдал: 02-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 03-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 04-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 05-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 02-нд говийн бүс нутгаар, 03-нд нутгийн баруун хагаст, 04-нд нутгийн зарим газраар, 05-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +16…+21 градус, бусад нутгаар шөнөдөө -3…+2 градус, өдөртөө +8...+13 градус дулаан байна. 03-нд нутгийн зүүн хагаст дулаарна.
Гал түймэр:
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхаан багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 07:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 4 метрийн урт хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Багануур дүүргийн 5 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 11:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн хашаанд 0.2 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 12:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг 2 айлын хашаанд 1.5 га талбайд шар өвс, 10 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 13:30 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 5 метрийн урт хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 13:40 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн хашаанд хураалгаатай мод, 20 метр урт хашаа,0.4 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 15:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 10 метр урт хашаа, 0.7 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 16:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход нүхэн жорлон, 10 метр урт хашаа, 0.3 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 16:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 5х8 метрийн хэмжээтэй 2 байшингийн дээвэр, 4х12 метрийн хэмжээтэй гарааш, 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Багануур дүүргийн 4 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 15:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 1.2 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 16:55 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 2 метр урт хашаа, хуучирч ашиглалтаас гарсан 3 автомашин болон хуванцар эдлэл шатаж байсныг ажиллаж унтраасан.
Налайх дүүргийн 4 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 17:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход усан сангийн хашаанд 2 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багт шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 17:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн хашаанд 0.7 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Налайх дүүргийн 2 дугаар хороонд орон сууцны байрны хонгилын модон шал, хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 22.24 цагт хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан. 24 хүнийг утаажилтын бүсээс гаргасан.
Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Дээд гурван-Эвэртэй” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 140 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км, ангийн байрлалаас зүүн зүгт 40 км/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.26-ны өдрийн 19:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь 50, 20 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд ажиллаж 04.30-ны өдрийн 10:20 цагт бүрэн унтрааж Хангал сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 9.4 га талбай өртөж шатсан.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, Ерөө сумаас зүүн урд зүгт 265 км, Мандал сумаас зүүн хойд зүгт 120 км/ гал түймрийн дулааны цэг илрүүлэх firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтад 04.29-ний өдрийн 10:40 цагт гал түймрийн цэг илэрсэн. ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Байгаль орчны Улсын хяналтын газар, Мод боловсруулах үйлдвэр, "Хан Хэнтий" УТХГ-ын ажилтнууд ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Хээрийн түймэр: Хэнтий аймгийн Норовлин сумын Ангирт багийн “Галын-Ар” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 50 км, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 165 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 11:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Норовлин, Баян-Овоо сумын мэргэжлийн анги, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын мэргэжлийн анги, орон нутггийн иргэд ажиллан 20.00 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймрийн цурам дотор байгаа тус сумын малчин А-гийн эзэмшлийн 8х10 метрийн хэмжээтэй өвөлжөөнд малын бууц уугиж байгааг Онцгой байдлын газрын алба хаагчид, Норовлин сумын мэргэжлийн ангийнхан манаж хоносон бөгөөд 04.30-ны өдрийн 10:00 цагт унтрааж тус сумын Засаг даргын орлогчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар түймрийн урт 15 км, өргөн 6 км, нийт 9000 га талбай шатсан, иргэн Б-гийн 5 ханатай гэр, малын 20 метр хашаа өртсөн.
Ой, хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн “Дунд даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 112 км, сумын төвөөс баруун зүгт 30 км/ ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 14:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд, Түшиг сумын Мэргэжлийн анги, “Тариа” бригадын иргэд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймрийн урт 8.85 км, өргөн 6.85 км урттай.
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Моностой багийн “Хоёр даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 89 км, сумын төвөөс баруун урд зүгт 40 км/ ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн мэдээллийг 04.28-ны өдрийн 11:41 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газар, Зүүнбүрэн сумын Мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд, Хушаат сумын Мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан, 04.30-ны өдрийн 04:00 цагт түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Турт багийн “Хөвсгөл нуур”-анд /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 270 км-т, Ханх сумын төвөөс баруун урд зүгт 34 км-т, 51°15'36.0"N 100°22'48.0"E/ 04.30-ны өдрийн 19:43 цагт 4.4 магнтудын хүчтэй газар хөдөлсөн тухай мэдээллийг 19:50 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газар нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/05/01
Шинэ мэдээАюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.
2025/05/01
Шинэ мэдээНийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2025/05/01
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ