Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг оновчтой, шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулахад голлох үүргийг гүйцэтгэдэг алба хаагчид бол эрдэмтэн, судлаачид. Тэдний хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудад үндэслэн бодлого, зорилтоо гаргаж, цаашдын чиг хандлагыг тодорхойлдог онцлогтой. Ийм л ажлуудыг хийдэг чимээгүй “аврагчид” бол ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийнхэн. Тус хүрээлэнгийн түүхт 20 жилийн ойг тохиолдуулан энэ удаагийн nematimes буланд судлаач /Ph.D/, ахмад Э.Оюунгэрэлийг онцлон та бүхэндээ танилцуулж байна.
-Миний бие Улаанбаатар хотын унаган хүүхэд. Дөрвөн хүүхэдтэй айлын хоёрдахь нь. Нийгмийн идэвх сайтай, олон нийтийн арга хэмжээнд тогтмол хамрагддаг хүүхэд байсан. Ерөнхий боловсролын 76 дугаар дунд сургуулийн Химийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг төгсөж, 2000 онд МУИС-д биохимич мэргэжлийг эзэмшин, 2002 онд тус сургуульдаа магистрын зэрэг хамгаалсан. Улмаар 2009-2014 онд БНХАУ-ын Өвөр Монголын их сургуулийн биохими ба молекуляр биологийн чиглэлээр докторантурт суралцаж, 2014 онд “Ходоодны хавдрын BGC-803 эсийн нүүдэл, хөдөлгөөнд LPA-рецепторуудын оролцоо” сэдвээр хамгаалалтаа хийж, докторын (Ph.D) зэрэгтэй болсон.
-Ажлын гараагаа 2001 онд “Монос” анагаах ухааны дээд сургуульд багшаар эхлүүлж, 2003-2009 онд тус сургуулийн Ерөнхий эрдмийн тэнхимийн эрхлэгчээр ажилласан. Хувийн хэвшилд ажиллаж, мэргэжлийн болоод арга барилын хувьд туршлага хуримтлуулсан учраас төрийн албанд ажиллаж үзэх сонирхлынхоо дагуу төрийн албаны шалгалт өгч тэнцсэн. Энэ цаг үетэй зэрэгцэн ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнд химич-судлаач ажилд авна гэсэн мэдээллийн дагуу шалгалт өгч, тэнцэн үүрэг гүйцэтгэж эхэлсэн түүхтэй. Улмаар 2015-2018 онд химич-судлаачаар, 2018 оноос Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвд химич-хүнс, үр тарианы судлаач, 2025 оноос техникийн менежер бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байна.
-Ажиллах хугацаандаа Гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах чиглэлээр “Онцгой байдлын албаны аврагч-химич, аврагчдын цацраг, химийн ослын үед ажиллах чадварын судалгаа”, “Гамшгийн эрсдэлийн даатгалын эрх зүйн орчин бүрдүүлэхэд анхаарах асуудлууд”, “Улсын нөөц дэх гурилын хадгалалтад хийсэн судалгаа”, “Барилгад ашиглаж буй бодис, материалын галын аюулын шинж чанар, тэдгээрийн ашиглалтанд хийсэн шинжилгээ”, “Хувийн сууцны галд тэсвэршилтийг нэмэгдүүлэх боломж”, “Нийтийг хамарсан гамшгийн үе дэх улсын нөөцийн чадавх, бэлэн байдлын судалгаа, цаашид авах арга хэмжээний шийдэл, арга зам”, “Коронавируст халдвар (Ковид-19)-ын үеийн удирдлага зохион байгуулалт, хариу арга хэмжээ”, “Улсын нөөцийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахад тавигдах шаардлагыг тодорхойлох судалгаа” зэрэг судалгааны ажлуудыг хийсэн байна. Мөн “Гал сөнөөгчийн хүнсний хангамжийн хоногийн норм, илч зарцуулалтын туршилт”, “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын сэтгэлзүйн байдалд хийсэн шинжилгээ”, “Аврагчдын сэтгэлзүй дэх гамшгийн нөлөөлөл” эрдэм шинжилгээний өгүүлэл, “Коронавируст халдвар (ковид-19)-т цар тахлыг даван туулах чадавхад хийсэн шинжилгээ, цаашид авах арга хэмжээ”, “Улаанбаатар хотын барилга байгууламжийн гал түймрийн аюулыг нэмэгдүүлж буй зарим хүчин зүйлийн судалгаа” сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлж, гадаад хэлнээ эрдэм шинжилгээний өгүүллийг нийтлүүлсэн.
-Эдгээр хийсэн эрдэм шинжилгээ судалгааны ажлуудаас онцолбол “Барилгад ашиглагддаг материалын галын аюулын шинж чанар, тэдгээрийн ашиглалтад хийсэн шинжилгээ” сэдэвт судалгааны ажлын үр дүнгээс гарсан саналаа Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн. Улмаар тус яамны төрийн нарийн бичгийн даргын 2022 оны А/147 дугаар тушаалаар барилгын гадна фасадын дулаалгын материалаар хөөсөн полиуретан хавтанг “Цэцэрлэг, сургууль, эмнэлгийн барилга, байгууламж”-д ашиглахгүй байх зохицуулалтыг барилгын норм ба дүрэмд тусгуулж шийдвэрлүүлсэн. Ингэснээр болзошгүй гал түймрийн аюулаас хүний амь нас, эд хөрөнгийг урьдчилан сэргийлж, үүсэж болох эрсдэлийг бууруулахад томоохон хувь нэмрээ оруулж байна.
-Мөн БОАЖЯ-ны дэргэдэх Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо, Европын холбооны хими, биологи, цацраг идэвхт болон цөмийн эрсдэлийг бууруулах санаачлагатай хамтран хэрэгжүүлсэн р53 бүсийн төсөл хөтөлбөрт хамрагдан, сургагч багшаар бэлтгэгдсэн. Төслийн хүрээнд 2017 онд Бүгд Найрамдах Киргиз улсын Бишкек хотноо "Биологийн аюулгүй байдал, биоаюулгүй байдал” сургагч багш бэлтгэх сургалт, 2019 онд Бүгд Найрамдах Узбекстан улсын Ташкент хотноо болсон олон улсын сургалтад тус тус хамрагдсан. Сургалтаар олж авсан мэдлэг, туршлагадаа үндэслэн биоаюулгүй байдал, биохамгааллын сургалтыг Онцгой байдлын байгууллагын чиглэлийн алба хаагчдад зохион байгуулсан байна. Түүнчлэн 2023 онд БНХАУ-ын Чунчин хотын “Хуурай замын цэргийн ар тал, хангалтын Академи”-д урт хугацааны дамжаанд “Ар талын удирдлага”-ын чиглэлээр суралцаж, 2024 онд БНХАУ-ын Тайюань хотод зохион байгуулагдсан “Цацрагийн ослын үеийн удирдлагын тогтолцоо” зэрэг сургалтад хамрагдан, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, улмаар гамшгаас хамгаалах салбарын үйл ажиллагаанд ашиглаж байна. Судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг лабораторийн туршилтын үр дүнд суурилан гүйцэтгэх нь илүү үр дүнтэй байдаг. Нөгөө талаар лабораторийн болон инновацын судалгаанууд маш их цаг хугацаа, хөдөлмөрөөр ”бүтдэг”.
-Амьдралын утга учрыг сэтгэлийн амар амгалан гэж боддог. Хүн бүхэн адилхан байх боломжгүй. Өөрийн гэсэн өвөрмөц хувь тавилантай, үүрэгтэй, зорилго, мөрөөдөлтэй байдаг. Тийм болохоор хэн нэгнийг дуурайх биш өөрийн зан чанар, ур чадвартаа анхаарч, хийхийг хүссэн болоод хийж чадах зүйлээ бүтээх хэрэгтэй гэж боддог.
Аялах, ном унших, кино үзэх, гитар тоглох хоббитой. Сүүлийн үед буудлагын спортыг сонирхон, галт зэвсэг эзэмших албан ёсны сургалтанд хамрагдаж, буу эзэмших эрхийн гэрчилгээтэй болсон. Хань маань миний хоббиг минь дэмжиж, үнэнч хамтрагч болж байна. Миний ханийг Э.Жаргалсайхан гэдэг. Эрх зүйч мэргэжилтэй. Хоёр хүүтэй. Том хүү маань хуульч, бага хүү минь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч. Амьдрал болон ажилд минь гол түших тулгуур болдог ханьдаа, ачлалт сайхан аав, ээж, үрсдээ, эрдэмт олон багш нартаа, найз нөхөд, хамт олондоо энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
2025/04/29Шинэ мэдээ
Тус эрдэм шинжилгээний бага хуралд улс, орны аюулгүй байдлын чиглэлээр судалгаа хийж байгаа их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төвүүд, судлаачид, ахисан түвшний суралцагчид болон Онцгой байдлын байгууллагын алба хаагчид оролцох боломжтой.
2025/04/29Шинэ мэдээ
Урьдчилсан байдлаар түймэрт 26562.9 га талбай өртсөн байна.
2025/04/29Шинэ мэдээ
Энэ үеэр Монгол улсын хил орчмын гамшгийн нөхцөл байдлын талаар мэдээллийг оролцогчдод танилцуулсан юм. Тус уулзалтад 9 орны 30 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд энэ сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ.