ЛОНДОН, 2025 оны гуравдугаар сарын 21 /Reuters/. Их Британийн нийслэл Лондон хотын баруун хэсэгт гарсан томоохон түймрийн улмаас Хитроу нисэх онгоцны буудлыг баасан гарагт бүхэлд нь түр хаахаар болжээ.
Нисэх онгоцны буудлаас ойролцоогоор 6.5 км зайд орших Хейс сууринд “North Hyde” цахилгааны дэд станцын трансформатор шатсаны улмаас олон мянган барилга байгууламжийн цахилгаан тасарч, 100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн байна.
“Зорчигчид болон ажилтнуудын аюулгүй байдлыг хангах үүднээс манай буудал гуравдугаар сарын 21-ний 23:59 цаг хүртэл түр хаагдана. Иймд нисэх буудлыг зорихгүй байхыг зорчигчдод зөвлөж байна. Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл агаарын тээврийн компанитай холбоо барина уу” гэж Хитроу нисэх онгоцны буудлын X хуудсанд мэдээлжээ.
Хэд хэдэн нислэгийн чиглэлийг өөрчилснийг нислэгийн хяналтын “FlightRadar24” цахим хуудсаар мэдээлсэн бол ойрын өдрүүдэд саатал дахин үүсэж магадгүй гэдгийг нисэх буудлын удирдлагууд анхааруулж байна.
Австралийн Перт хотоос ирж буй “Qantas” компанийн онгоцны чиглэлийг Парисын Шарль-де-Голль буудал руу болгож өөрчилсөн бол Нью-Йоркоос ирж буй “United Airlines” компанийн онгоц Ирландын Шеннон хотод газардана гэж Франс Пресс агентлаг мэдээлжээ.
Европын хамгийн ачаалалтай нисэх онгоцны буудал болох Хитроу жилдээ 80 сая гаруй зорчигч хүлээн авдаг.
Дэд станцад 10 гал унтраах машин, 70 орчим гал сөнөөгч ажиллаж байна гэж Лондоны Гал түймэртэй тэмцэх газраас мэдээлсэн байна. Байгууламжаас их хэмжээний утаа гарч байгаа нь олон нийтийн сүлжээгээр цацагдсан дүрс бичлэгээс харагдана. Орон нутгийн цагаар пүрэв гаргийн 23:23 цагийн орчимд гал гарсан бөгөөд гал сөнөөгчид түймрийг унтраахаар шөнөжин ажиллажээ.
Эх сурвалж: montsame.mn
2025/03/21
Шинэ мэдээТэрээр мастерсийн цэнхэр бүсний ангиллын -74кг-ийн но-ги төрөлд алтан медаль, Ги-тэй төрлийн -76кг-ийн ангилалд мөнгөн медалийг тус тус хүртсэн юм.
2025/03/21
Шинэ мэдээТуйлын бүс нутгийг тооцохгүйгээр дэлхийн далайн гадаргын дундаж температур 2024 оны 3 дугаар сард бүртгэгдсэн хамгийн дулаан температуртай адил хэмжээнд хүрсэн байна
2025/03/21
Шинэ мэдээТус сургалт нь гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламж, хариу арга хэмжээний зохицуулалтын талаарх оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний болон олон улсын оролцогчдын хамтын ажиллагаа, харилцан ажиллагааг бэхжүүлэх, хүмүүнлэгийн зохицуулалтын чиглэлээр сургалт, дадлага сургуулийг төлөвлөн зохион байгуулах чадавхыг дээшлүүлэхэд ач холбогдолтой байлаа.