Г.Ганчимэг: Зорилготой бай, түүндээ хүрэх зоригтой бай

A- A A+

Хүн бүрт зорьсон ирээдүй, мөрөөдсөн ажил, бүтээсэн үйл  гэж байдаг. Их, бага гэлтгүй тухайн ажил нь сайн, сайханд тэмүүлэх зорилгыг бий болгож, улмаар бусдад тустай байна гэдэг сайхан. Гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах мэдээ мэдээллийг иргэдэд хүргэх гэдэг бол чухамдаа бусдад тустай үйлсийн нэг яах аргагүй мөн гэж хэлж болно. Хэдий чинээ олон хүнд мэдлэг мэдээллийг олгоно, төдий чинээ болзошгүй аюул, ослын хохирлыг бууруулах боломжтой юм. Ийм хүндтэй бөгөөд мэдрэмж шаардсан үүрэгтэй алба хаагчдын нэг бол ахмад Г.Ганчимэг. Түүнийг энэ удаагийн “Nematimes” булан онцоллоо. Тэрбээр Сэлэнгэ аймгийн ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилладаг юм.

-Би Улаанбаатар хотод төрж, Завхан аймгийн Улиастай сумын ерөнхий боловсролын III сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшин, Орхон их сургуулийг 2009 онд орос-англи хэлний багш мэргэжлээр төгссөн. Улмаар Дотоод хэргийн их сургуульд 2018-2020 онд суралцаж, гамшиг судлалын магистрын зэрэг хамгаалсан. Онцгой байдлын байгууллагад 10 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Анх Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт бичиг хэрэг, архивын эрхлэгчээр 2015 онд орсон бол тус ондоо ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн гэдэг албан тушаалд томилогдож байлаа. Энэ албан тушаалд хамгийн олон жил ажиллаж байгаа таван хүний нэг нь. 

- Арван жилийн сурагч байхдаа нийгмийн идэвх сайтай, төрөл бүрийн уралдаан, тэмцээн, мэтгэлцээнд тогтмол оролцдог хүүхэд байсан. Хүүхдийн эрх, аюулгүй аж төрөх зэрэг сэдвийн хүрээнд илтгэл, мэтгэлцээнд удаа дараа шагналт байрт шалгарч байсан минь энэ албанд ажиллах хүслийг бий болгосон. Мөн хүүхэд байхдаа цэргийн хувцастай зураг авахуулснаас хойш ийм л хүн болно доо гэдэг мөрөөдлийг “тээж” байлаа.  Гүйцэтгэж байгаа үүрэг маань хариуцлага өндөр, алба хаагчаас олон ур чадварыг шаарддаг онцлогтой албан тушаал. Онцгой байдлын байгууллагын өнгө төрх ч гэж хэлж болно. Гамшгаас хамгаалах хуульд заасан ангиллын сургалт, сурталчилгааг зохион байгуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй. Бүх л насны хүмүүст сургалт, дадлага зохион байгуулна, байгууллагын үйл ажиллагаа болоод гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг хүргэнэ гээд ажил, үүргийн хувьд ч их. Нөгөө талаар өдөр тутам, цаг бүр олон хүмүүстэй танилцаж, шинэ зүйлийг сурах, мэдэх гээд олон боломжийг ч олгодог.

- Жил бүр Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд зохион байгуулах гамшгаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчдад зориулсан сургалтын хуваарийг батлуулдаг. Аймгийн хэмжээнд хийж, хэрэгжүүлж, хэвшүүлсэн урьдчилан сэргийлэх хэд, хэдэн томоохон ажлууд ч байна. Онцолбол, 2023 оноос ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Бэлэн бай” дэвжээ тэмцээнийг, цэцэрлэгүүдийн дунд “Галын аюулгүй байдлын шилдэг булан шалгаруулах” уралдааныг гурван жил зохион байгуулсаны үр дүнд аймгийн 20 гаруй цэцэрлэг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх булантай болж, хүүхдүүд тоглонгоо мэдлэгтэй болдог болсон. Аж ахуйн нэгж, байгууллага, сургууль, цэцэрлэг, иргэд гээд жилд дунджаар 300 гаруй сургалтыг 3000 гаруй хүнийг хамруулан зохион байгуулж байна. Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, алба хаагчдад зориулсан сургалтыг аймгийн Улаан загалмайн хороотой хамтран явуулдаг. Энэ жилийн хувьд “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Сэлэнгэ орон нутгийн хөтөлбөртэй хамтран сургалт зохион байгуулсан байгууллага бүрт гал унтраагуурыг хүлээлгэн өгч байна. Ингэснээр онолоор олж авсан мэдлэгээ бататгах, цаашлаад өөрийн амьдрал, ахуйд хэрэглэж сурах дадлыг бий болгох юм. 

- Албаны болоод төрийн цэргийн байгууллагын хэмжээнд зохион байгуулдаг томоохон спорт, уралдаанд тогтмол оролцдог. Усан бассейн анх манай аймагт 2018 онд нээгдсэнээс хойш хичээллэж байна. Онцгой байдлын албаны аварга шалгаруулах 2020 оны тэмцээний усанд сэлэлтийн 4*50 метрийн буухиа төрөлд багаараа алтан медаль, мэлхий сэлэлтийн төрөлд мөнгөн медалийг хүртэж байсан. Өнгөрсөн 2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн”-д эмэгтэй тасгийн бүрэлдэхүүний нэг болж, багаараа анхны хүрэл медалийг хүртсэнээр түүхэн амжилтын нэг болсон.  Мөн Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаалд 2022 оноос хойш Онцгой байдлын албаны эмэгтэй хайрцагт алхаж байна.

-Манайх ам бүл тавуулаа. Нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Миний ханийг Б.Хэрлэн гэдэг. Нөхөр маань УБТЗ-ын Сүхбаатар өртөөнд ачаа вагон хүлээлцэгчийн албан тушаалтай. Том хүү Х.Эрдэнэ VI анги,  дунд охин Х.Марал III ангийн сурагч. Бага хүү Х.Цэвээн 5 настай, цэцэрлэгт явдаг. Зорилготой бай, түүндээ хүрэх зоригтой бай гэж хэлэх дуртай. Хамгийн гол нь өөртөө болон өөрийнхөө хүчинд итгэх хэрэгтэй гэж боддог. Ажилдаа дуртай, албаараа бахархдаг учраас шантрах, хойш суух асуудал гардаггүй. Хамгийн сайн дэмжигч, туслагч, зөвлөгч нь байдаг гэр бүлийнхэндээ маш их баярлалаа.

- Хамгийн их үлгэр дуурайлал авдаг хүн бол миний ээж. Бүхий л цаг хугацаанд дотны найз, зөвлөгч, чиглүүлэгч байдаг. Оюутан байхдаа хичээлийнхээ завсар зайгаар ажил хийж, мөнгөө цуглуулаад Мартын 8-ны өдрөөр ээждээ монетон ээмэг авч өгч, бэлэг барьж байсан. Одоо ч ээж маань тэр ээмгийг зүүдэг. Тухайн үедээ маш их баярлаж байснаа байнга л ярьдаг юм.  “Ээжээ та минь миний амьд бурхан  шүү” тандаа охин нь хязгааргүй хайртай гэж хэлмээр байна.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, эрхэмсэг ноён Атул Малхари Готсурветэй Элчин сайдын яамны байранд уулзалт хийж, хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Улсын нөөцөөс олгосон 50 тн тэжээлийн дэмжлэгийг хүлээлгэн өглөө

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан аэлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амь насыг авран хамгааллаа.