Алтан шар зам нь өлзийтэй байх болтугай хэмээн ерөөлийн үгээ дайж, сайн явж ирэв үү хэмээн угтдаг хүмүүс бол жолооч нар. Алс хязгаар, хязгаарлагдмал нөхцөлд, цастай, зудтай, үертэй, устай гээд ямар ч бартаа саадыг давж, үүргээ гүйцэтгээд ирэх нь тэдний хувьд хамгийн сайхан. Ийм л замналаар “элч”-ийн үүрэг гүйцэтгэдэг Онцгой байдлын байгууллагын жолооч нарын төлөөлөл болох ахлах ахлагч Б.Билгүүнийг энэ удаагийн nematimes онцоллоо. Тэрбээр ОБЕГ-ын харьяа Ар талын 115 дугаар ангийн Техникийн албаны тусгай зориулалтын автомашины хэсгийн жолоочоор ажиллаж байна.
-Миний бие Булган аймгийн Баян-Агт суманд айлын хоёрдахь хүү болж мэндэлсэн. Орхон аймгийн Орхон цогцолбор сургуулийг 2009 онд төгсөж, 2009-2010 онд Дотоодын цэргийн 805 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан. Онцгой байдлын байгууллагад ажиллах хүсэл, сонирхлынхоо дагуу сонгон шалгаруулалтад орж, 2014 онд томилогдсноос хойш өдгөө 11 дэх жилдээ ажиллаж байна. Үүрэг гүйцэтгэснээс хойш 21 аймгийн давхардсан тоогоор 800 орчим суманд хүрч, 200.000 км орчим замыг туулж хүмүүнлэгийн тусламж хүргэх үүргийг гүйцэтгэсэн байна. Хөл хүрээгүй аймаг, сум гэж бараг байхгүй.
-Тухайлбал, “Говийн чоно-2015” олон улсын сургалт дадлага, туршлага солилцох үйл ажиллагаа, 2016, 2018 онд Баян-Өлгийн аймагт болсон үер, 2019 онд Говь-Алтай аймагт болсон цасан шуурга, 2021 онд тохиосон Дундговь аймгийн цасан шуурганы үерийн тусламжийн бараа хүргэх ажлыг тус тус гүйцэтгэсэн. Мөн 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулсан Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд оролцож, 36 хоног ажиллаж байлаа. Түүнчлэн 2023 онд нийслэл хотод болсон үерийн гамшгийн үеийн ажиллагаанд тээврийн хэрэгсэлтэйгээр алба хаагчдыг хүргэх, тээвэрлэх, иргэдийг зөөвөрлөх, Дарь-Эхийн үерийн үед самосвал автомашинтай лаг шавар зөөх, үерээр бөөгнөрсөн хог хаягдлыг зөөвөрлөх ажлыг тус тус гүйцэтгэсэн. Мөн 2023 оны Төв аймгийн Лүн, Эрдэнэсант, Өндөрширээт, Бүрэн сумдын цасан шуурганы үеэр зам гарц гаргах, тусламжийн бараа хүргэх ажлыг хийсэн бол 2024 онд найман аймагт 350 орчим тонн улсын нөөцийн бараа материал хүргэх ажлыг 20.000 орчим км замыг туулан хүргэсэн байна.

-УОК, Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр гамшиг, осол тохиолдсон болон хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааны дараах хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг тээвэрлэх, хүргэх ажиллагааг Ар талын 115 дугаар ангийн техникийн албаны жолооч бид гүйцэтгэдэг. Энэ үүргээрээ бусад анги, байгууллагуудаасаа ялгардаг онцлогтой. Мөн манай анги Онцгой байдлын байгууллагын тусгай зориулалтын техник, хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжийн хангалт, засвар үйлчилгээг стандартад заасан техникийн нөхцөл, шаардлагын дагуу зохион байгуулах ажиллагааг хэрэгжүүлдэг.
-Тухайн хүргэх бараа материал, гамшиг, ослын голомтоос шалтгаалаад “хөлөглөх” тээврийн хэрэгслүүдийн маань зориулалт өөр, өөр. Холын замд, хүлээсэн үүргээ биелүүлэх хамгийн том түшиг бол мэдээж автомашин. Нийт 11 жил жолоо барихдаа 10 гаруй төрлийн автомашин барьсан байна. Анх ачааны камаз автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж эхэлж байсан бол өнөөдөр дөрвөн нэгж тээврийн хэрэгслийг хариуцдаг болсон. Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойд зориулан Сүхбаатарын талбайд болсон ёслолын жагсаалын үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгийн сууж, алба хаагчидтайгаа ёсолсон автомашиныг жолоодсон минь миний хамгийн том бахархал.

-Манайх ам бүл тавуулаа. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр П.Баярмаа СХД-ийн 106 дугаар сургуульд математик, мэдээлэл зүйн багшаар 12 дахь жилдээ ажиллаж байна. Хоёр том хүү маань сурагч. Бага хүү маань одоо найман сартай. Эхнэртэйгээ анх хувийн компанид ажиллаж байх үедээ танилцаж байсан. Түүнээс хойш гэр бүл болоод 14 жил болсон байна. Ажлыг минь ойлгож, дэмжиж, урам зоригоор “мялаадаг” эхнэртээ, хүүхдүүддээ баярлалаа гэж хэлмээр байна. Хүсэл мөрөөдлөө биелүүлж, эгэлгүй баатруудтай мөр зэрэгцэн ажиллаж байгаа учраас хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэхийг хичээдэг. Хаана ч очсон Онцгой байдлын байгууллагын алба хаагч гэж хардаг. Тийм болохоор бусдад үлгэр дууриалалтай байхыг эрмэлздэг. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж хэлэх дуртай. Эх орныхоо өнцөг булан бүрт нэгэн зорилгын төлөө үүрэг хүлээсэн бүх удирдлага, алба хаагчдадаа гэгээн бүхнийг хүсье.
2025/02/05
Шинэ мэдээУулзалтын эхэнд хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Засгийн газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийн 2030 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тус стратеги нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичигт суурилсан бөгөөд Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030, Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээр, мөн Хотжилтын шинэ хөтөлбөр зэрэг хөгжлийн баримт бичигтэй нягт уялдаж байгааг онцолсон юм.
2025/02/05
Шинэ мэдээМөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрт” санаачилгыг Монгол Улсын Засгийн газар дэмжин, төрийн бодлогодоо уялдуулан хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллаж байгааг хошууч генерал Г.Ариунбуян танилцууллаа.
2025/02/05
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ