Мөрөөдөлд хязгаар гэж байдаггүй ч түүнд хүрэх оргил нь тийм ч дардан байдаггүй. Өөрийн хичээл зүтгэл, хамт олны дэмжлэг, хэн нэгний урам, зоригоор сүлэлдэж, амжилтаар шагнал болон буцаж ирдэг онцлогтой. Хүүхэд насны дурсамж, аав, ээжийн ажлын онцлог түүнд Онцгой байдлын албанд ажиллах замыг зааж, өдгөө 13 дахь жилдээ зүрх сэтгэлээ зориулан зүтгэж яваа Даваанямын Ганбаатарыг энэ удаагийн nematimes булан онцолж байна. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн салааны захирагч тэрбээр ахлах дэслэгч цолтой алба хаагч юм.
-Миний бие Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул. Эхээс зургуулаа айлын тав дахь хүүхэд. Нутагтаа арван жилийн сургуулиа төгсөж, 2012 онд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад /тухайн үеийн Аврах тусгай анги/ Тусгай мэргэжлийн сургалтын төв байгуулагдахад анхны суралцагчдын нэгж болж, аймгийн Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангид аврагч-гал сөнөөгчөөр томилогдсноор албатайгаа ажил, амьдралаа холбосон. Мөн ДХИС-ийн Онцгой байдлын сургуульд 2017-2022 онд анхны таван жилийн эчнээ ангид суралцаж, Гамшгаас хамгаалах мэргэжил эзэмшин, 2019 оноос өнөөг хүртэл салааны захирагч албан тушаалыг хашиж байна.
-Аав шигээ хүн авардаг хүн болно гэсэн мөрөөдлөөр жигүүрлэн, ажил, мэргэжлээ сонгосон. Аав, ээжийгээ дагаад ажил дээр нь өнждөг, гал унтраах автомашины кабинд аавтайгаа хамт суугаад инээлддэг байсан тэр дурсамж хамгийн их нөлөөлсөн. Залгамж, халаа нь болж, албанд нь үүрэг гүйцэтгэж, өөрийн мөрөөдөл, зорилгын төлөө өдөр бүр зүтгэж байгаа минь хамгийн том бахархал. Ажиллах хугацаандаа аймгийн хэмжээнд бүртгэгдсэн 182 удаагийн гал түймрийн дуудлагаар ажиллаж, 72 хүний амь нас, 15 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
-Өнгөрөгч 2024 онд манай салаа, хамт олон Онцгой байдлын байгууллагын “Тэргүүний салаа”-аар шалгарсан. Нийт 13 удаагийн гал түймрийн дуудлагаар ажиллаж, 1.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг аварч, утаажилтын бүсээс 42 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажилласан байна. Онцолбол, арваннэгдүгээр сард Мөрөн суманд байрлах “Ахмад настны асрамж үйлчилгээний төв”-д гал түймэр гарсан дуудлагаар ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй 42 иргэнийг угаартах эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулсан ажилласан. Дуудлага бүр онцлог бас сургамжтай. Хүний амь эрсдээгүй байгаасай гэсэн бодол алба хаагч бүрийн “зовнил” байдаг. Тийм ч учраас хаяг аваад дуудлагад очих хүртэлх хугацаанд нөхцөл байдлаа тодорхойлно, хэрхэн яаж ажиллах арга тактикаа боловсруулна. Аюулгүй байдал хамгийн нэгт учраас бүх зүйлийг зохицуулж, удирдлага, зохион байгуулалтаар хангах нь миний ажлын онцлог. Аймгийн онцлогоо дагаад ой, хээрийн түймэр, усны осол, аялал жуулчлал хөгжсөн учраас төөрсөн, сураггүй болсон дуудлага зонхилдог.
-Манайх ам бүл дөрвүүлээ. Ханийг минь Н.Пүрвээ гэдэг. Том хүү долоо, бага хүү хоёрдугаар ангийн сурагч. Ханьтайгаа 2010 онд найзынхаа төрсөн өдрөөр танилцаж байлаа. Гэр бүл болоод 15 жил болсон байна. Ажил, албыг минь хамгийн сайн ойлгодог, дэмждэг. Удахгүй ам бүл нэмэх баярт мөчөө хүлээж байна. Ханьдаа, хүүхдүүддээ маш их хайртай шүү. Та нар бол миний гэрэл гэгээ гэж хэлмээр байна.
-Гал унтраах техникийн олон төрөлт спортоор хичээллэдэг. Ажил, мэргэжлийн онцлогийг таниулдаг, мэдрүүлдэг, алдаа, оноог минь дэнсэлдэг учраас энэ спорт маш чухал ач холбогдолтой. Миний хувьд довтолгооны шатны төрөл болон 4х100 төрөлд I зэрэгтэй. Сүүлийн үед дартсын спортыг сонирхон хичээллэж байна. Олон хүний ажил, үүргийн онцлог, амжилт миний хамт олноо удирдах арга барилтай шууд хамааралтай учраас сэтгэлээсээ бүх зүйлд хандахыг, эерэг байхыг л эрхэмлэдэг. Өргөсөн тангарагаа үнэнчээр биелүүлж, олон хүнд амьдрал, аз жаргалыг бэлэглэдэг эх орны өнцөг булан бүрт байгаа аврагч, алба хаагч та бүхэн бол миний, манай гэр бүлийн бахархал шүү. Та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
2025/01/08Шинэ мэдээ
Энэ хүрээнд НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангид хүүхдийн цэцэрлэгийг байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүллээ.
2025/01/08Шинэ мэдээ
Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр суурьшлын бүсэд 1500 орчим барилга байгууламж түймэрт өртөөд байна. Цаашлаад 15.000 барилга байшин нэмж шатах эрсдэлтэй байгаа аж.
2025/01/08Шинэ мэдээ
Тодруулбал, аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт 54 хувь, сумдын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт 89.5 хувь, малчдын түвшинд өвс тэжээлийн бэлтгэл хангалт 80.7 хувьтай байна.