Онцгой байдлын байгууллагын 2024 оны онцлох үйл явдлууд

A- A A+

Онцгой байдлын байгууллагаас өнгөрөгч 2024 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээ, зохион байгуулсан томоохон үйл ажиллагаа, алба хаагчдын ололт, амжилтуудыг тоймлон хүргэж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИД 7890 ХҮНИЙ АМЬ НАС, 360 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЭД ХӨРӨНГИЙГ АВРАН ХАМГААЛЛАА

Улсын хэмжээнд 2024 онд нийт 4905 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол  бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 7890 хүний амь нас, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 360 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа.

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд улсын хэмжээний нийт өрхийн 42.4 хувьд урьдчилан сэргийлэх,  сэрэмжлүүлэх арга хэмжээг хүргэж ажилласнаар объектын гал түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.1 тэрбум төгрөг буюу 14.3 хувиар, тэр дундаа шатсан гэр, орон сууцны тоо 51 хувиар, нас барсан хүний тоо 18.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Түүнчлэн өвөлжилт, хаваржилтын хүндрэл, зудын аюулаас урьдчилан сэргийлэх, хохирол багатай даван туулах зорилгоор Улсын Онцгой комиссын Шуурхай штабыг байгуулан стратеги төлөвлөгөөг боловсруулан, хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэв. Ингэснээр мэргэжлийн байгууллагуудын гаргасан урьдчилсан эрсдэлийн үнэлгээгээр тооцоолсон хохирлыг 50 хүртэл хувиар бууруулж чадлаа.

ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН ГАМШИГТАЙ ТЭМЦЭХ ЧАДАВХЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ХҮРЭЭНД

Онцгой байдлын байгууллагын бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах хүрээнд гадаад улс, орны Засгийн газар, олон улсын байгууллагуудтай хамтран 4 төрлийн нийт 160 гаруй тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.  Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хэлэлцээр”-ийг 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр УИХ-аар батлуулж, 139.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Онцгой байдлын байгууллагын агаараас эрэн хайх, аврах ангийг чадавхжуулах, гал түймэр унтраах автомашин нийлүүлэх төсөл”-ийн II үе шатыг хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд  20 тн гал түймэр унтраах хөөс үүсгэгч бодис болон 336.1 мянган еврогийн өртөгтэй 490 төрлийн нисдэг тэрэгний сэлбэг хэрэгсэл, 20 төрлийн багаж, 18 төрлийн тос, тослох материалыг хүлээн аваад байна. Цаашид нийт 13.3 сая еврогийн өртөг бүхий 3 нэр төрлийн 18 нэгж гал түймэр унтраах тусгай тоноглол бүхий автомашиныг нийлүүлэх юм.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тусгай зориулалтын хүн тээврийн автомашин 6, бага оврын ой хээрийн түймэрт ашиглагдах автомашин 18, тусгай зориулалтын бага оврын гал түймэр унтраах автомашин 4, шуурхай албаны автомашин 2, тусгай зориулалтын бүрэн тоногтой эмнэлгийн автомашин 2, тусгай зориулалтын хүн тээврийн каунти автобус 1 буюу нийт 30 автомашиныг төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагуудад хуваарилан олгсоноор албаны хэмжээнд техник хэрэгслийн хангалт өмнөх оноос 6.5 хувиар өссөн байна.

Онцгой байдлын байгууллагын салбар, нэгжийн холбоо зохион байгуулалтын бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор 820 сая төгрөгийн холбоо, зарлан мэдээллийн 13 нэр төрлийн 634 ширхэг холбооны техник хэрэгслийг худалдан авч, радио холбооны тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлээд байна.  

Түүнчлэн байгууллагын үндсэн үйл ажиллагаанд шинэ дэвшилтэт техник хэрэгсэл нэвтрүүлэх, ашиглах зорилгоор гал түймэр унтраах дрон болон бага оврын роботыг туршилтаар нэвтрүүлсэн бол нийслэлийн хэмжээнд хүн нэг бүрийг хамгаалах амьсгалын бие даасан төхөөрөмжийн хангалт 100 хувьд хүрсэн байна. 

 

ХҮНИЙ НӨӨЦИЙН НӨХӨН ХАНГАЛТ 91.7 ХУВЬД ХҮРЛЭЭ

                 Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасны дагуу дотооддоо үндэсний боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх давтан сургах чиглэлээр Дотоод хэргийн их сургуулийн докторын, магистрын хөтөлбөр, мөн 3, 5 жилийн эчнээ хөтөлбөрт нийт 170 гаруй алба хаагч суралцаж байна.

Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулиар дамжуулж аврагч-гал сөнөөгч, гал унтраах автомашины жолооч мэргэжлээр 270 орчим сонсогч төгсөж, төв орон нутгийн Онцгой байдлын байгууллагад томилогдон, албан үүргээ гүйцэтгэж байна. Ингэснээр Онцгой байдлын байгууллагын хүний нөөцийн нөхөн хангалт 91.7  хувьд хүрлээ.  Мөн 2024 онд дотоодын сургалтад давхардсан тоогоор 2770 гаруй алба хаагч, гадаад улс орон, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрийн хүрээнд давхардсан тоогоор 80 гаруй алба хаагч хамрагдаж, мэргэжил, ур чадвараа дээшлүүллээ.  ОХУ, Польш, Турк, Солонгос, Япон, Тайланд зэрэг гадаад улс орнуудад нийт 70 гаруй алба хаагч гамшгаас хамгаалах чиглэлээр академи, сургуулиудад бакалавр, магистрын хөтөлбөрүүдэд суралцаж байна.

МОНГОЛ УЛСАД ЗОНХИЛОН ТОХИОЛДДОГ ГАМШГИЙН 10 ТӨРЛӨӨР ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ

Онцгой байдлын ерөнхий газраас Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг 2020-2024 оны хугацаанд амжилттай хэрэгжүүллээ.

Тус төслийн хүрээнд Монгол Улсад зонхилон тохиолддог  гамшгийн 10 төрлөөр эрсдэлийн үнэлгээ хийж,  нийт 1500 орчим зураглалыг боловсрууллаа. Энэ нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, салбарын хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх, шаардлагатай төсвийг бодитой чиглүүлэн зарцуулах, үндэсний хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшигтай тэмцэх бүх нийтийн чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Түүнчлэн Монгол Улсад тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын тоо, давтамж, хохирол, өртөнгийг тооцоолон, үндэслэлтэйгээр гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх зорилгоор Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэнээс хойш буюу 20 жилийн хугацааны гамшиг, аюулт үзэгдэл, ослын бүртгэлийг нэгдсэн мэдээллийн санг бүрдүүллээ.

 

“ГОВИЙН ЧОНО-2024”-Д ГАДААД, ДОТООДЫН 470 ОРЧИМ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО

Онцгой байдлын ерөнхий газраас 2024 онд Дорнод аймагт “Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах, олон улсын сургалт, дадлага сургууль, Хэнтий, Говьсүмбэр аймагт Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг, Хүн ам, нийгмийн хамгааллын улсын алба буюу /Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд/ гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг тус тус зохион байгууллаа.

            “Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах, олон улсын сургалт, дадлага сургуульд Америкийн нэгдсэн Улс, Австрали, Бангладеш, Энэтхэг, Лаос, Малдив, Непал, Шри Ланка, Тайланд, Вьетнам, Бүгд Найрамдах Солонгос Улс зэрэг гадаадын 11 улс орны 70 гаруй төлөөлөл болон яам, агентлаг, гамшгаас хамгаалах улсын албад, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, олон улсын болон хүмүүнлэгийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн нийт 470 орчим бие бүрэлдэхүүн хамрагдаж, харилцан туршлага солилцлоо.

            Харин Хүн ам, нийгмийн хамгааллын улсын албанд анх удаагаа гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулж, салбарын хэмжээнд болзошгүй гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх бэлтгэл, бэлэн байдлаа ханган, салбар бүрийнхээ асуудлыг тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд үндэслэн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгосон гэдгээрээ онцлог юм.

ШИНЭЭР БАЙГУУЛАГДСАН САЛБАР НЭГЖҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Монгол Улсын гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгаа, туршилт, үйлдвэрийн төв 123 дугаар ангийг шинээр байгуулж, үйл ажиллагааг  нь эхлүүллээ.

 Мөн Засгийн газрын тогтоолоор нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгон, Ерөө сумын Бугант тосгон, Дорноговь аймгийн Хатанбулаг, Өмнөговь аймгийн Ханбогд сумдад Гал түймэр унтраах, аврах анги, Сэлэнгэ аймгийн Цагаануур суманд Эрэн хайх, аврах салбар, нийслэлийн Багануур, Архангай аймгийн Эрдэнэмандал, Завхан аймгийн Отгон, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд Эрэн хайх, аврах бүлгийг тус тус шинээр байгуулаад байна.

АЛБА ХААГЧДЫН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ХҮРЭЭНД:

Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчдад таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохоор хуульчилсан. Хуулийн дагуу энэ онд 112 алба хаагчдад нийт 2.8 тэрбум төгрөгийн урамшуулал олголоо.  Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүний цалингийн сүлжээ болон зэрэглэлийг үе шаттай өсгөснөөр 2023 оны мөн үетэй харьцуулахад офицер бүрэлдэхүүний цалин дунджаар 18.5  хувь, ахлагч бүрэлдэхүүний цалин дунджаар 19,6 хувиар тус тус өссөн байна. Түүнчлэн орон сууцны ипотекийн 6 хувийн зээлэнд 13, түрээслээд өмчлөх нөхцөлөөр орон сууцжуулах хөтөлбөрт 15 алба хаагчийг хамруулж, 17 алба хаагчид гэр олгосон бол 5 алба хаагчийг 0.7-2.1 га газартай болгоход дэмжлэг үзүүлж, орон сууц болоод бусад нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд 43 алба хаагчид мөнгөн тусламж шийдвэрлэсэн байна. Ингэснээр нийтдээ 94 алба хаагчийн орон сууц болоод бусад нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд 360,3 сая төгрөгийн тусламжийг олголоо.

“МАРШ-ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН ЦОГЦОЛБОР” ТЭМЦЭЭНЭЭС  ХҮРЭЛ МЕДАЛИЙГ ИХЭРЛҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор-2024” тэмцээнд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн оролцсон эрэгтэй, эмэгтэй багийн тамирчид хүрэл медалийг ихэрлүүлж, амжилтаа бататгалаа. Ингэснээр Онцгой байдлын байгууллагын эрэгтэй баг тамирчид 2013, 2022  онд хүртсэн мөнгөн медалийн амжилтаа буухиалж, эмэгтэй тасгийн бүрэлдэхүүн анхны медалийг хүртээд байна. Түүнчлэн “Ахлагчийн жил”-ийн хүрээнд зохион байгуулагдсан “Шилдэг бүлэг” шалгаруулах тэмцээнд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 5 дугаар байр эзэлсэн  “Шилдэг холбоочин”-оор Онцгой байдлын байгууллагын алба хаагч шалгарсан бахархам амжилтыг үзүүлсэн бол “Шинийг санаачлагч-Бүтээлч ахлагч” уралдаанд НОБГ-ын Баянгол дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлагч Өсөхбаяр ахлагчтай баг хамт олны бүтээсэн “Зам гарц чөлөөлөх автомашин зөөвөрлөн холдуулагч” бүтээл 2 дугаар байрт шалгараад байна.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГААС ТАВАН ГАВЬЯАТ ТӨРӨН ГАРЛАА

Онцгой байдлын байгууллагын түүхт 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын ерөнхий газрыг “Сүхбаатарын одон”-гоор, нийслэлийн Онцгой байдлын газрыг “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-гоор, Орхон, Сэлэнгэ, Дорнод, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газруудыг “Цэргийн гавъяаны одон”-гоор тус тус шагнасан бол Онцгой байдлын байгууллагын үе, үеийн алба хаагч дундаас таван гавьяат цолтон төрөн гарлаа.

Тодруулбал, Гавьяат эдийн засагч цолыг Онцгой байдлын ерөнхий газрын ахмадын хорооны гишүүн, бэлтгэл хурандаа Пунцагийн Батаахүү, “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-ыг бэлтгэл хурандаа Чимэддоржийн Батчулуун, Доржготовын Ууганбаяр, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 09 дүгээр ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Пүрэвдоржийн Хатанболд, Нийслэлийн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Түмэнбаярын Даваадорж нар тус тус хүртэж, нийтдээ 2024 онд эрхэлсэн ажил, албандаа амжилт гаргасан 650 гаруй алба хаагч төрийн дээд, одон медалиар шагнагдаж, төр засагтаа үнэлэгджээ.

 Мөн Олон улсын иргэний хамгаалалтын “Офицер одон”-оор Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, хошууч генерал О.Үржин, "Баатар одон"-оор ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын захирагч, хошууч Д.Батзориг, нийслэлийн аврах ангийн аврагч-холбоочин, ахлах ахлагч А.Энхмэнд нар шагнагдлаа.

ХӨВСГӨЛ НУУРТ ЖИВСЭН 11 АВТОМАШИН, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ТАТАН ГАРГАЖ, 50 ОРЧИМ ТОНН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫГ АЮУЛГҮЙ БОЛГОВ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах, живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажлыг 2021-2024 онуудад амжилттай зохион байгууллаа. Тус ажиллагааг Онцгой байдлын ерөнхий газраас удирдан зохион байгуулж Зэвсэгт хүчний жанжин штаб, Шинжлэх ухаан, техникийн их сургууль, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн эрдэмтэд, зөвлөх инженер, судалгааны баг хамтран Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоц болон бусад 11 автомашин, техник хэрэгслийг 33.4-171 метрийн гүнээс татан гаргаж, тэдгээрт агуулагдаж байсан 50 орчим тонн шатахуун, тос тосолгооны материал, аюултай хог хаягдлыг аюулгүй болголоо.  Хэрэв дээрх аюултай хог хаягдал нь нуурын усанд асгарсан бол нуурын мандлын 2.53 хувь буюу 70 гаруй хавтгай дөрвөлжин км талбай бохирдож, Эгийн гол, Сэлэнгэ мөрөнг бохирдуулан, улмаар дэлхийн цэнгэг усны 20 хувийг эзлэх Байгаль далайг ч бохирдуулах эрсдэлтэй байсан гэдгийг эрдэмтэд тогтоогоод байна.

ОРЧИН ҮЕИЙН ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ АШИГЛАСАН СУРТАЛЧИЛГАА МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА

Хиймэл оюун ухаан дээр суурилсан "Nemaka” хэвлэл мэдээллийн ажилтан нь 2024 онд Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, ард иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг, зөвлөгөө зэрэг нийт 24 дүрст мэдээ бэлтгэн, давхардсан тоогоор 9.3 сая хүнд хүргэж ажиллалаа. Хиймэл оюун ухаан дээр суурилсан AI технологийг нэвтрүүлснээр мэдээллийн хүртээмж нэмэгдэж, өнгөрсөн онтой харьцуулахад үзэгчдийн тоо 3.6 дахин өссөн байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах, болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах хүрээнд “Хамтдаа сэргийлье”, “Хариуцлага таныг хамгаална” “Урьдчилан сэргийлье” зэрэг нөлөөллийн аяныг зохион байгуулж, “ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар” пейж хуудсанд нийт 1800 орчим мэдээ, мэдээллийг байршуулснаар 20 гаруй сая хүнд хүргэснээр олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нөлөөллийн арга хэмжээ өмнөх онуудтай харьцуулахад 56 хувиар нэмэгджээ.

Түүнчлэн байгууллагын nema.gov.mn сайт, “Онцгой байдлын ерөнхий газар”, “ОБЕГ-Урьдчилан сэргийлэх газар” пэйж хуудас болон твитер хуудсанд 2024 онд цаг үеийн мэдээ, мэдээлэл сэрэмжлүүлэг, постер, дүрс бичлэг нийт 3746 төрлийн мэдээлэл байршуулан олон нийтэд сурталчилсан нь давхардсан тоогоор 261 сая хүнд хүрсэн үзүүлэлттэй байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 51 хувиар өссөн үзүүлэлт юм.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Газар хөдлөлтийн улмаас 126 хүн нас барж, 188 хүн гэмтжээ

Хятадын төв Засгийн газрын эрх баригчид газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутагт майхан, өвлийн хүрэм, хөнжил, эвхдэг ор зэрэг гамшгаас аврах 22 мянга орчим эд зүйл, мөн өндөр газар болон хүйтэн бүс нутагт ажиллахад шаардлагатай тусламжийн хэрэгслүүдийг илгээжээ. 

Д.Ганбаатар: Аюулгүй байдал нэгдүгээрт гэдгийг ямагт санаж, бүх зүйлд сэтгэлээсээ хандахыг эрхэмлэдэг

Мөрөөдөлд хязгаар гэж байдаггүй ч түүнд хүрэх оргил нь тийм ч дардан байдаггүй. Өөрийн хичээл зүтгэл, хамт олны дэмжлэг, хэн нэгний урам, зоригоор сүлэлдэж, амжилтаар шагнал болон буцаж ирдэг онцлогтой. Хүүхэд насны дурсамж, аав, ээжийн ажлын онцлог түүнд Онцгой байдлын албанд ажиллах замыг зааж, өдгөө 13 дахь жилдээ зүрх сэтгэлээ зориулан зүтгэж яваа Даваанямын Ганбаатарыг энэ удаагийн nematimes булан онцолж байна. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн салааны захирагч тэрбээр ахлах дэслэгч цолтой алба хаагч юм.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ