НОБГ-ын “Оны шилдэг гал сөнөөгч”-өөр шалгарсан Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч П.Энхзулыг энэ удаагийн “Аврагчийн хөрөг” буландаа урьж, ажил, амьдралынх нь амжилт бүтээлийн тухай яриа өрнүүллээ.
-Улиран одож байгаа ондоо амжилт, бүтээл арвин байлаа. Баяр хүргэе?
Албанд ажиллах хугацаандаа ажлынхаа хөдөлмөрийн үр шимийг хоёр дахь удаагаа үнэлүүлж байна. Өмнө нь Онцгой байдлын байгууллагын 2020 оны “Онцгой гавьяа байгуулсан” алба хаагчийн нэгээр шалгарч байлаа. Энэ жил нийслэлийн хэмжээндээ шилдгээр шалгарсандаа баяртай байна. Энэ онд дүүргийн хэмжээнд 85 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдсэн. Тухайлбал, Налайх дүүргийн I хорооо “Эм Эс Гүн” ХХК-ийн махны үйлдвэрт гарсан гал, Төв аймгийн Сэргэлэн, Баянбүрд багийн нутаг дэвсгэрт их хэмжээний боодолтой өвс шатсан дуудлага, Төв аймгийн Эрдэнэ суманд баригдаж байсан музей барилгад гарсан гал, Налайх дүүргийн I хороо эсгийний үйлдвэрт гарсан гал түймрүүдийг онцолж болно. Эдгээр гал түймрүүдэд арван цаг хүртэл ажиллаж, хохирол багатайгаар хамт олонтойгоо унтраасан.
-Аврагчийн онцлогийг таниулсан анхны дуудлага юу байсан бол...?
Одоогоос 13 жилийн өмнө буюу 2011 онд анхныхаа ээлжинд үүрэг гүйцэтгэж байлаа. Тухайн үед дүүргийн IV хороонд байшин шатаж байна дуудлага ирсэн нь анхных. Галаа унтрааж дуусаад автомашин шатаж байна гэсэн дуудлагыг дахин авч, дараалсан хоёр галд үүрэг гүйцэтгэхэд оролцсон. Дуудлагаас дуудлагад явж үүрэг гүйцэтгэдэг онцлогтой, багийн ажиллагаа хамгийн чухал нь болохыг ойлгосон доо.
-Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд олон төрлийн л дуудлагаар ажилласан байх. Тооцоолол байгаа юу?
Ажиллах хугацаандаа 1560 орчим удаагийн дуудлагаар 37.440 цагийн томилгоот ээлжинд үүрэг гүйцэтгэж, 408 удаагийн гал түймрийн дуудлагаар гарч, 8 хүний амь насыг аварсан. Мөн гамшиг, ослын 312 удаагийн үүрэг гүйцэтгэж, голын уснаас 25 хүн, үерийн усанд боогдсон 830 орчим иргэнийг тээвэрлэж, аюулгүй газарт хүргэсэн. Ээлжгүй үедээ гамшиг, ослын болон ахуйн осолд өртсөн тав иргэний амь насыг авран хамгаалж байсан. Гал түймэр болон гамшиг ослын дуудлагаас ард иргэдээ авран хамгаалах нь бидний нэн тэргүүний үүрэг шүү дээ. “Таны гэр бүлдээ барих хамгийн том бэлэг аюулгүй ажиллагаа” гэсэн зарчмыг баримтлан ажилладаг. Өөрийгөө эрсдэлд оруулахгүй байх, сэтгэлзүйн хувьд бэлтгэлтэй байх нь хувь хүний сахилга баттай холбоотой санагддаг болохоор....
-Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэх болсон сонголтын талаар ярилцлагаа үргэлжлүүлье?
Ажил, мэргэжлийн онцлогийг нь мэдэхгүй ч бахархдаг байлаа. Аврал эрсэн хүнд тусламжийн гараа сунгаж, хүний төлөө гэсэн чин сэтгэл нь энэ албанд ажиллах юмсан гэсэн мөрөөдлийг өгсөн. Тийм ч учраас эргэлзэлгүй энэ албыг сонгож, шалгаруулалтад орж тэнцсэнээр 2011 онд томилогдож байлаа.
- Онцгой алба хаагч байхын тулд хувь хүнээс юу шаарддаг бол?
Тэсвэр тэвчээр, салаа хамт олноо манлайлах чадвар, мэргэжлийн ёс зүй, захирагч даргаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх ур чадварыг шаарддаг гэж ойлгодог. Мөн хувийн зохион байгуулалт хамгийн чухал. Миний хувьд Гал унтраах техникийн олон төрөлт спортын мастер, сагсан бөмбөгийн I зэрэгтэй, усан спортоор хичээллэдэг. Гал унтраах олон төрөлтийн техникийн спортоор 2015 оноос хойш 9 дэх жилдээ хичээллэж байна. 2015 онд “Ган дуулга” клубын бүсийн аварга шалгаруулах тэмцээний тархалтын төрөлд мөнгө, 2017 онд довтолгооны шатны төрөлд шигшээ VIII-т шалгарч, 2018 онд улсын аварга шалгаруулах тэмцээний тархалтын төрөлд алт, 2019 онд бүсийн аваргын 4*4 төрөлд хүрэл, тархалтын төрөлд мөнгөн медалийг тус тус хүртсэн амжилтаар мастер цолны болзол хангасан. Сагсан бөмбөгийн спортоор дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс 2012, 2016, 2018 онуудад хүрэл, НОБГ-ын аварга шалгаруулах тэмцээнээс 2018 онд хүрэл медалийн эзэн болж, гар бөмбөгийн төрөлд дүүргийн гурван удаагийн аварга, Цэргийн хүрээний байгууллагын тэмцээнээс алт, хоёр хүрэл, дүүргийн хөлбөмбөгийн тэмцээнээс хоёр хүрэл медалийг хүртсэн. Нийслэлийн хүрээний марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээнээс 2012, 2014, 2018 онд хүрэл, 2023 онд алтан медалийг баг хамт олноороо хүртээд байна.
-Та бол ард, түмнийхээ төлөө зогсдог “баатар”. Харин таныг урамшуулдаг, дэмждэг гэр бүлээ танилцуулбал?
Ам бүл 4. Эхнэр, Охин, хүүгийн хамт амьдардаг. Манай эхнэрийг Э.Энхнаран гэдэг. Батлан хамгаалах их сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Хилийн цэргийн ангид нягтлан бодогчоор ажилладаг. Том охин VIII анги, бага хүү цэцэрлэгт суралцдаг. Албанд тогтвор суурьшилтай ажиллахад арыг минь бат даадаг хайртай хань, охин, хүү, эцэг, эх, ахан дүүс, гал түймэр гамшиг осол дээр нэгнээ амьнаасаа илүү хамгаалах хамт олондоо чинь сэтгэлийн талархал илэрхийлмээр байна.
-Удахгүй он солигдох нь үүргээ гүйцэтгэх үе олон л таардаг байх?
Ажлын онцлог шүү дээ. Энэ жил ээлжтэй таарч байгаа. Ээлжтэй байсан ч хамт олноороо гэртээ байгаа юм шиг уур амьсгалыг бүрдүүлж чаддаг. Нөгөө талаар хүн ард минь амгалан тайван, аюулгүй байвал тэр л хамгийн том “баяр” байдаг даа.
-Таны бахархал, амжилтын “нууц” гэвэл?
Цаг баримтлах. Миний хувьд цаг бол цаг. Зарчимч талдаа л... Анх 2011 онд ажилд ороход ахлах ахлагч Ч.Отгонбаатар багш сурган зааварчилж, өнөөдрийг намайг бүтээх суурийг тавьж өгсөн. Тиймээс сурсан мэдлэг, ур чадвараа дараагийн залуу алба хаагч нартаа зааж өгөхийг чухалчилдаг. Мөн хамт олны дэмжлэг, гэр бүлийн хүндлэл, хөдөлмөрийн үр шим гээд бүхий л зүйл нөлөөлдөг.
-Ингэхэд та аль нутгийн хүн бэ?
-Улаанбаатар хотын унаган хүүхэд. Гэхдээ бага ангиа Дархан аймгийн Хонгор суманд, дунд ангиа Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд суралцаж төгссөн. Улмаар Дархан-Уул-аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрийн төвд цахилгаан хийн гагнуурчин мэргэжил эзэмшсэн.
-Хүсэл бүхэн нь биелж, зорьсон бүхэн нь сэтгэлчлэн бүтэхийн ерөөл дэвшүүлье. Баярлалаа танд...?
Бусдын л адил ажил, амдралынхаа сайханд баясаж, болохгүйгээс болох хүртэл нь зүтгэж яваа жирийн л нэг алба хаагч. Намайг онцолсонд баярлалаа. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн удирдлага, хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Айлчлан ирж байгаа шинэ ондоо аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
2024/12/31Шинэ мэдээ
Тус тэмцээн мэргэжлийн, сонирхогчдын, тоглоомын, өөрөө угсрах гэсэн дөрвөн төрлөөр явагдана.
2024/12/31Шинэ мэдээ
Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн ихэнх, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Өвөрхангайн зарим, Булган, Сэлэнгэ, Дундговийн цөөн сумдын нутгаар нэн их болон их эрсдэлтэй.
2024/12/31Хоногийн мэдээ
Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ