Гал түймэр унтраах, аврах анги. Энэ нэр нийгэмд хэдийнээ танил болсон байх. Гал, усны аюул, байгалийн гамшигт явдал тохиолдоход хамгийн түрүүнд тэд үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс Монгол Улсынхаа өнцөг булан бүрт үүрэг гүйцэтгэж буй Гал түймэр унтраах, аврах анги, түүний нэгэн эд эс болсон НОБГ-ын Сүхбаатар дүүргийн ГТУА-74 дүгээр ангийн захирагч, ахмад Б.Гантөмөрийг Nematimes булангийн энэ удаагийн дугаартаа онцоллоо.
Би 2008-2012 онд Соёл урлагийн Их сургуулийг “Монгол хөөмийч”, 2012-2016 онд ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийг “Онцгой байдлын ажилтан-Эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2019-2021 онд ДХИС-ийн Онцгой байдлын сургуульд “Гамшиг судлал”-ын Магистр зэргээ хамгаалсан.
СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангид 2011 онд аврагч гал сөнөөгчөөр анх ажилд орж байлаа. Улмаар 2016 онд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангид Салааны захирагчийн туслах, 2016-2018 онд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангид Салааны захирагч, 2018-2020 онд Дотоод хэргийн Их сургуулийн Ахлагчийн сургуулийн Онцгой байдлын албаны тэнхимд багшаар ажиллаж байсан. Албатайгаа ажил, амьдралаа холбосноор гал сөнөөгчөөс эхлээд багш мэргэжлийн үүрэг, хариуцлагатай ч танилцсан гэх үү дээ. 2020-2022 онд Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн Ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, 2022 оноос одоог хүртэл Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн захирагчаар ажиллаж байна.
Хүүхэд байхаас Гал түймэр унтраах ангийн байр миний хоёр дахь гэр байлаа. Учир нь миний аав, ээж Гал түймэртэй тэмцэх байгууллагад насаараа ажилласан. Аав Х.Балдансүх нь тус газарт Гал түймрийн улсын хяналтын байцаагч, Урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, Булган аймгийн ГТТХ-ийн дарга, Туршин шинжлэх лаборатори, ГТТГ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байсан. Миний ээж Г.Сэргэлэнбаатар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА-18 дугаар ангид ахлах ахлагч цолтой дуудлага хүлээн авагчаар ажиллаж байгаад хоёулаа Онцгой байдлын албанд нэр төртэй албан үүргээ гүйцэтгэж цэргийн гавьяаны амралтдаа гарсан юм. Хүүхэд байхаасаа л аавынхаа цэрэг малгайг өмсөж ГТУА-26,18,10 дугаар ангиудын гал унтраах автомашины тавиулан, Сургалтын цамхгийн талбай, ажилчдын байрны гадаа тоглож өссөн минь энэ албанд орох гол шалтгаан минь байсан гэж боддог. Бүр бататгасан зүйл нь гэвэл би эцэг эхээсээ дөрвүүлээ. Айлын ганц хүү нь. Тиймээс аав, ээжийнхээ ажил мэргэжлийг сонгосон юм. Аав маань ЗХУ-ын Гал эсэргүүцэх академийг “Онц” дүнтэй төгсөж ирсэн цөөн хүмүүсийн нэг. Тухайн үед ажиллаж байсан хамт олон, онжавуудтайгаа гал унтраах чиглэлээр ярьж, бүтээж явсан үе нь хүүхэд насны минь дурсамжид тод байсан болохоор намайг энэ албанд эргэж буцалтгүй орж ажиллах хүсэл мөрөөдлийг төрүүлсэн дээ. Гэр бүлийн хүн маань бас ээжтэй минь адилхан Онцгой байдлын албанд дуудлага хүлээн авагч. Энэ мэт Монгол Улсын мөрдэстэй салбар бүрд ах, дүү нар минь ахлагчаас хурандаа гэх эрхэм цол хүртлээ ажилласан, ажиллаж байгаа олон хүн бий.
Онцгой байдлын албанд орсон цагаас хойш албаны нэр хүнд жил ирэх тусам нэмэгдэж байгаа гэж хардаг. Аргагүй шүү дээ. Авран хамгаалах гэгээн үйлстэй юм чинь. Тэр хэрээр ард иргэдэд албаны үүрэг, онцлог илүү танигдаж бидний алба мэргэжлийг хүндэлж, ойлгодог болсонд баяртай байна. Сүүлийн жилүүдэд албаны гол үүргийг гүйцэтгэдэг ахлагч бүрэлдэхүүний цалинг тодорхой үе шаттайгаар бодитоор нэмж нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх хүрээнд судалгаа авч асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа нь цаашид албаны чадамжийг дээшлүүлэхэд гол түлхэц болж байна. Бидний амьдарч буй нийгэм, эдийн засаг хүний хэрэглээ, хэрэгцээ өсөхийн хэрээр учирч буй гамшгийн тохиолдол, шалтгаан нөхцөл нэмэгдэх хандлагатай байна. Энэ ч үүднээс алба нийгмийн хөгжлөө даган машин техник, технологийн инновацыг жилээс жилд тодорхой үе шаттайгаар шинэчилж, хэрэгжүүлж байгаа нь алба хаагчдаас мэргэжлийн ур чадвараа улам бүр нэмэгдүүлэхийг шаардаж байгаа. Түүнчлэн анги байгууллагууд олон хэлбэрийн дүрслэлт сумльяатор танхимуудыг бий болгон сургалтын орчинд анхаарч өсөн дэвжих нөхцөл бололцоог бэхжүүлсэн хүчирхэг болно гэж хардаг.
Би яруу найраг сонирхдог юм. Миний ээжийн авга талд нэрт яруу найрагч О.Дашбалбар агсан бий. Тиймээс миний хувьд үг, үсэг холбодог маань удмын санд байдаг өгөгдөл гэж боддог. 2013 онд би ДХИС-ийн Ахлагчийн сургуулийн дууны шүлгийг бичиж, аялгууг Сургалтын албаны дарга, хурандаа Б.Лувсанравдан хийж, дуучин МУСТА Г.Жигүүр дуулснаар уран бүтээл болсон юм. Энэ дууг маань төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын 17 мянган ахлагч бүрэлдэхүүн мэддэг гэсэн судалгаа бий. ДХИС-ийн музейд хүндэт самбарт шүлэг ноттойгоо залаатай байдаг. Анх Гал түймэртэй тэмцэх байгууллагын түүхт 90 жилийн ойд зориулан “Алдар хүндийн эзэд” дууны шүлгийг бичиж, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од багшаар хөгжмийг нь хийлгүүлэн, МУГЖ Н.Бүрнээбаяр, ХЦДБЧ-ын гоцлол дуучин Э.Мөнхжаргал нараар дуулуулж байлаа. Соёл урлагийн болон Онцгой байдлын албаны чиглэлээр мэргэшсэн хүний хувьд урлагаар дамжуулж алба мэргэжлээ сурталчлах гэх мэтээр сонгосон хоёр мэргэжлээ хослуулан ажиллахыг эрмэлздэг.
”Сонгосон мэргэжилдээ дурла. Түүнийхээ төлөө өөрийн чадах бүхнээ дайчил” гэж хэлэх дуртай. Мөн ажлыг эхэлсэн л бол чанартай хийж үр дүнг нь үз гэсэн зарчмыг баримталдаг. Ангийн захирагчийн хувьд өдрийн ажил маань томилгоот ээлжийн бие бүрэлдэхүүнийг томилох, үүрэг гүйцэтгэлтэд хяналт тавих, гал унтраах бэлтгэл бэлэн байдлыг хангуулахаас эхэлдэг. Мэдээж ажил хийж байгаа хүн бүрд хүндрэл бэрхшээл их тохиолддог ч хамт олны саналыг авч төлөвлөж хэрэгжүүлэхийг хичээдэг. Хийх сэтгэл нь байхад болдог л юм. Нөгөө талдаа хариуцлага гэдэг бол хүний суурь хүмүүжилтэй их холбоотой болов уу. Хариуцлага хүлээдэггүй албан тушаалтан гэж төрийн албанд байдаггүй. Хариуцлага гэдэг бол алба хаагч өөрийгөө харуулах боломж гэж хардаг. Тиймээс энэ жижиг ажил гэж орхилгүй, бүх зүйлд хариуцлагатай байх хандаж сурах хэрэгтэй. Яагаад энэ үгийг олон дахин давтаад байгаа гэвэл ганцхан үг бүх амжилтын эхлэл байхгүй юу. Тиймээс хариуцлага, бас дахин хариуцлага гэдэг үгийг бусдаас шаардаж, өөрөө ч тийм байхыг, харуулахыг хүсдэг дээ.
2024/12/04Шинэ мэдээ
Улс орон даяар өвөлжилт, хаваржилтын бэлэн байдлын үнэлгээ хийх, малчид, хоршоологчдоо сонсох, санал хүсэлтийг нь авах, зөвлөн туслах Шуурхай бүлэг 330 суманд ажиллах юм.
2024/12/04Шинэ мэдээ
Яагаад энэ үгийг олон дахин давтаад байгаа гэвэл ганцхан үг бүх амжилтын эхлэл байхгүй юу. Тиймээс хариуцлага, бас дахин хариуцлага гэдэг үгийг бусдаас шаардаж, өөрөө ч тийм байхыг, харуулахыг хүсдэг дээ.
2024/12/04Хоногийн мэдээ
Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ