Э. Булган: Алс холын Африк тивийн улсыг зориод “Дэлхийн цэрэг” гэх тодотголын дор явна гэж төсөөлөөгүй

A- A A+

Би 1997 онд Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн. Ам бүл гурав. 2004-2014 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Говийн Ирээдүй” цогцолбор сургуулийг, 2015-2019 онд Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулийг “Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба” мэргэжлээр 3,8 үнэлгээтэй, магистрын хөтөлбөрт суралцах эрхийн бичигтэй төгссөн. Ингээд 2019-2022 онд Дотоод хэргийн их сургуулийн Ахисан шатны боловсролын сургуулийн “Гамшиг судлал”-ын магистрын хөтөлбөрт суралцаж, “Гамшгийн статистикийн мэдээллийн боловсруулалт” сэдвээр дипломын ажлаа хамгаалсан. 2019 онд Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн салааны захирагчаар, 2023 онд тус газрын гамшгийн Эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр, мөн тус ондоо Өмнөд бүсийн төв Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчаар тус тус томилогдон Онцгой байдлын албанд 8 дахь жилдээ ажиллаж байна.

Ажиллах хугацаандаа 187 өдрийн томилгоот ээлжинд үүрэг гүйцэтгэж, объектын гал түймрийн 93, эрэн хайх, аврах ажиллагааны гурван удаагийн дуудлагаар ажиллаж нийт 18 иргэний амь насыг аварсан. Мөн гурван буцалтгүй нэрвэгдэгчийг холбогдох байгууллагад хүлээлгэн өгч, иргэн, аж ахуй нэгжийн 16,5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалахад ажилласан. 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газрын анхны эмэгтэй тасгийн бүрэлдэхүүнд багтан амжилттай оролцож, 4 дүгээр байранд шалгарч байлаа.

Онцгой байдлын байгууллагад ажилладаг жирийн л нэг алба хаагч. Энхийг сахиулагч болох хүсэл тэмүүлэлтэй олон олон залуусын нэг. Тиймдээ ч анх энхийг сахиулах ажиллагаанд оролцох бүрэлдэхүүний сонгон шалгаруулалтын талаар сонсоод өөрийгөө сориод үзье гэсэн шийдвэрийг ямар ч эргэлзээгүйгээр гаргасан. Ингээд хүсэл мөрөөдөл маань биеллээ олж БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагааны арвангуравдугаар ээлжид үүрэг гүйцэтгэсэн.

Гэрээсээ гарч ч үзээгүй цээж дүүрэн мөрөөдөлтэй охин зорьсон зорилгодоо хүрэхийн тулд шат шат ахиулан явахад хурандаа М.Адъяабаатар даргын хэлсэн “Хүн ер нь өөрийн гэсэн түүхээ бүтээх гэж л амьдарч байгаа” гэдэг үг луужин минь болсон гэхэд болно.

Зэвсэгт хүчний харьяа анги байгууллагад ажилладаггүй, онцгой байдлын байгууллагын эмэгтэй алба хаагчийн хувьд Энхийг сахиулах ажиллагаа бол холын мөрөөдөл байсан. Өмнөд Судан Улсад Энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын 13 дугаар батальонд Онцгой байдлын байгууллагаас 11 цэргийн алба хаагч үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэсэн. Үнэндээ эмэгтэй цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн байдал, ачаалал даах чадвар нь хээрийн сургалт бэлтгэлийн явцад хүлээлтээс өндөр байсан нь бахархал төрүүлж байлаа. Бод доо, баттальоны сургалт бэлтгэлийн явцад өөрийн хүсэлтээ бичгээр илэрхийлэн хээрийн бэлтгэл сургалтаас буусан цэргийн алба хаагчдын дунд эмэгтэй алба хаагч нэг ч байгаагүй. Тэнд 30 км явган маршид гүйж ирээд хөлийн ул нь битүү устаад цус нь урсаж байсан ч гүрийж л байсан. Хөлийнхөө дөрвөн хумсыг татуулчаад зүгээрээ гээд маргаашийн 10 километрийн маршид бэлдэж байгаа алба хаагчийг ч харсан. Үүнээс эмэгтэй цэргийн алба хаагчдын тэсвэр тэвчээр ямар мундаг байдаг юм бэ гэдгийг илүү их мэдэрсэн дээ.

Монгол Улсын цэргийн дүрэмд эмэгтэй цэргийн алба хаагч, эрэгтэй цэргийн алба хаагч гэж тус тусдаа эрх эдэлж, үүрэг биелүүлж, хариуцлага хүлээнэ гэж заасан байдаггүй шүү дээ. Бүгд л адилхан эрх, үүрэгтэй байдаг. Иймдээ ч цэргийн багт эмэгтэй цэргийн алба хаагчид мотобуудлагын ротод хуваарилагдаж, агсамж дуулга зэвсэгтэйгээ харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэдэг. Бусадтайгаа яг л адилхан өөрт оногдсон үүргээ биелүүлж, цагийн хуваарийн дагуу ажиллах цагтаа ажиллаж, амрах цагтаа амардаг. Би эмэгтэй юм чинь гээд бусдаасаа давуу эрх эдэлж, бусдадаа дараа болж болохгүй гэсэн бодол үүрэг гүйцэтгэж байгаа эмэгтэй хүн бүрд байдаг болов уу. Харин ч бусад эрэгтэй цэргийн алба хаагчдадаа эмэгтэй хүн ийм тэсвэр тэвчээр гаргаж байхад би чадна гэсэн урам зориг өгч, өөр өөртөө оноогдсон үүргээ алдаа мадаггүй биелүүлээд явах хэрэгтэй гэж бодож сэтгэж явсан.

Тиймдээ ч үүрэг гүйцэтгэх хугацаандаа Монгол Улсын баг, тэр дундаа Онцгой байдлын албаны бүрэлдэхүүн, цаашлаад эмэгтэй алба хаагчийн нэрийг өндөрт өргөх юмсан гэсэн битүүхэн бодол тээж байсан. Бага ч болов амжилт, хичээл зүтгэлээр үүнийгээ харуулах хор шар буцалж байлаа. Ингээд үүрэг гүйцэтгэх хугацаандаа НҮБ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчдын дунд зохион байгуулагдсан “NORCON-2024” Олон Улсын холын зайн маршийн тэмцээнд тэргүүн байр эзэлсэн. Мөн “Галын бэлтгэлийн норматив”-ын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр, “Мини марш”-ын аварга шалгаруулах тэмцээнд гутгаар байр, “Кроссфит” тэмцээнд тусгай байр, ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр, дартсны аварга шалгаруулах тэмцээнд гутгаар байр, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд дэд байр тус тус эзэлж уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцсон.

Халуун наранд гүйх юу нь сайхан байх вэ дээ, тэгж биеэ зовоож яах гэсэн юм бэ, аясаараа ядраад сульдаад ирж байгаа биеийг гээд л халаглах хүмүүс ч байсан. Гэхдээ бидний хувьд бэлтгэлээ сайн хангаад, эрүүл мэндээ маш сайн хянаад оролцсон болохоор харин ч маш гоё амжилтыг, бас мартагдашгүй дурсамжуудыг бүтээсэн. Хээрийн бэлтгэл сургалтаас эхлээд ажиллагааны газар орон дээр үүрэг гүйцэтгэхдээ халуун наранд хамтдаа халж, хөлсөө дуслуулан гүйсээр бэрхшээлтэй зүйл тохиолдсон ч хамтдаа даваад гарсан нэг салаа, тасгийнхаа хамт олонд дэндүү дасдаг юм байна. Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн нь миний амьдралд тохиосон бас нэгэн сорилт, боломж байсан төдийгүй гайхамшигтай дурсамжийг бүтээсэнд баяртай байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

БНТУ-ын арван хоёр мужид их хэмжээний цас орж, огцом хүйтэрчээ

Мөн хот хоорондын авто замуудад метрийн зузаантай цас орж, 787 тээврийн хэрэгсэл цасанд боогдсон байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан арван хоёр мужийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн хаажээ.

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

 Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлал"-ын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “их” буюу дунджаас дээш, улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “дунд” түвшинд үнэлэгдсэн байна. 

Ирэх сард агаарын температур ихэнх нутгаар тогтворгүй, хэлбэлзэл ихтэй байх төлөвтэй байна

Харин хур тунадас баруун аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас бага, зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.