Ө.Цэнд-Аюуш: Албандаа удах тусам "би" биш "бид" болдог юм билээ

A- A A+

Онцгой байдлын албаны дуудлага хүлээн авагч бол гамшиг, осолд өртсөн, нэрвэгдсэн иргэний дуудлагыг хамгийн анх хүлээн авч, дамжуулдаг гэдгээрээ хариуцлагатай ажил. Тиймээс энэ удаагийн Nematimes буландаа Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА-11 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Өлзийбаярын Цэнд-Аюушийг онцлон танилцуулж байна. Түүний хэлсэнчлэн цаг хугацаатай уралдан ажилладаг хариуцлагатай, хүндхэн албанд хариуцлагатай үүргийг гүйцэтгэж яваа эгэл алба хаагчдын нэг хэсэг нь дуудлага хүлээн авагчид билээ.

Би 1997-2007 онд Хошиминий нэрэмжит математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Нийслэлийн тэргүүний 48 дугаар сургуулийг дүүргэсэн. 2007-2011 онд Батлан Хамгаалахын Их сургуулийг Менежмент, төрийн захиргаа, цэргийн сэтгэл зүй мэргэжлээр суралцан төгссөн. Анх 2010 онд Батлан хамгаалахын их сургуульд суралцаж байхдаа тус газар мэргэших дадлага хийж эхэлснээр уг албыг сонирхож ажиллах чин хүсэлтэй болсон. Ажил, албаа, бусдын төлөө гэсэн чин сэтгэлээр алба хаагч бүр ажилладаг юм байна гэдэг мэдрэмж анзаарагдсан учраас эргэлт буцалтгүйгээр сонгосон юм. 2011 онд тухайн үед нийслэлийн Онцгой байдлын газарт ажилд орох хүсэлтээ өгснөөс хойш 13 жил албаараа овоглож явна. 2011-2015 он хүртэл Баянзүрх дүүргийн ГТУА- 63, ГТУА- 35 дугаар ангид дуудлага хүлээн авагчаар ажиллаж байлаа. 2016 оноос аас одоог хүртэл Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА-11 дүгээр ангид дуудлага хүлээн авагчаар ажиллаж байна.

Эцэг эхээс хоёулаа. Ганц эрэгтэй дүүтэй. Аав маань урлаг, уран зургийн хүн болгоно гэж надтай их санал зөрдөг байв. Гэвч би зөрсөөр цэргийн амьдралыг сонгосон. Тууштай бөгөөд зоригтой, гол нь өөртөө үнэнч бай гэдэг үгийг амьдралдаа мөрдлөг болгодог. Энэ үгийг аав минь байнга хэлж, сануулдаг. Би 2012 оноос одоог хүртэл албаны болоод улсын чанартай тэмцээн уралдаанд тогтмол оролцож, алт, мөнгө, хүрэл медалиуд авсан байдаг. 2015 онд сагсан бөмбөгийн спортын мастер цол авсан. Сагсан бөмбөгийн спорт миний хобби гэх үү дээ.

Ахлагч бүрэлдэхүүнийг өөрийнхөө, ирээдүй хойч үеийн төлөө бусдаас эмээлгүй тууштай бөгөөд зоригтой, мөн бусаддаа үлгэрлэн дуурайсан мэргэжлийн түвшний сурган хүмүүжүүлэгч байгаасай гэж хүсдэг юм. Яагаад гэвэл тэд гал, ус бүх төрлийн гамшиг осолд хамгийн түрүүнд очиж иргэнтэй хамгийн ойр ажилладаг хүмүүс.

Дуудлага хүлээн авагчаар ажилласан 13 жилийн хугацаанд дунджаар 1200 орчим дуудлагад үүрэг гүйцэтгэсэн байдаг юм. Ажлаа хийж байхад хамгийн бахархалтай зүйл нь анхныхаа галын дуудлагыг аваад алба хаагчдадаа цаг алдалгүй хаягыг түргэн шуурхай очиход нь гүүр болж ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалахад нь бага ч болов нэмэр оруулдагтаа бахархадаг. Зөвхөн галын дуудлага гэлтгүй бүхий л нөхцөл байдалд хамгийн түрүүнд анхны мэдээллийг авч алба хаагчдаа мэдээллээр хангана гэдэг бол миний хувьд хариуцлагатай хийгээд бахархалтай үүрэг гэж ойлгодог.

Албандаа удах тусам “би” биш “бид” болдог юм билээ. Тухайлбал өөрийгөө бусдад таниулах юмсан гэж бодож байгаагүй. Харин алба, ажлын минь онцлогийг таньж мэдээсэй, ойлгодог байгаасай гэж их хүсдэг. Цаг хугацаатай уралдаан ажилладаг хариуцлагатай болоод хүндхэн алба шүү дээ.

Ажил үүргээ гүйцэтгэхдээ би шуурхай, товч тодорхой, гол нь үнэн зөв мэдээллийг түгээхийг хүсдэг, харин иргэдтэй, харилцахдаа аль болох тайван байхыг эрмэлздэг. Тэгж байж тухайн сандарч тэвдсэн иргэнийг тайвшруулна, мэдээ мэдээллийг үнэн зөв авах боломж бүрддэг. Харин хувь хүний хувьд аливаад тууштай тэвчээртэй, мөн хамт олонч буюу нийтэч байгаарай хэлэхийг хүсдэг юм. Ажил, ажлын байр гэдэг бидний хоёр дахь гэр бүл шүү дээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

Онцгой байдлын байгууллагын туслах албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор “Аврах, гал унтраах автомашины жолооч”-ийн албан тушаалд иргэдийг сонгон шалгаруулна. Иймд дараах шаардлагыг хангасан иргэдийг Онцгой байдлын ерөнхий газарт 2024 оны 08 дугаар сарын 14-29-ний өдрүүдэд  бүртгэнэ.

Грекд 41 удаагийн ой, хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 25.000 гаруй акр талбай шатсан байна

Ой, хээрийн түймрийн улмаас тус улсын Аттика мужид 10.409.7 га буюу 25.000 гаруй акр талбай шатсан гэж Европын холбооны Коперникийн Онцгой байдлын албаныхан тооцоолсон байна. Гал түймрийн аюул Төв Македон, Зүүн Македон, Хойд Эгийн бүс нутгийн зарим хэсэгт "маш өндөр эрсдэлтэй" байгаа учраас тандалтын эргүүлийн багийг ажиллуулж байгаа аж.

Үндэсний аврах бригадад бэлэн байдлын үзлэг, шалгалтыг зохион байгууллаа

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Үндэсний аврах бригадад бэлэн байдлын үзлэг, шалгалтыг өнөөдөр зохион байгууллаа.